Агь буюу artemisia annua
АГЬ ГЭЖ ЮУ ВЭ
Шинжлэх ухааны нэршил нь Artemisia annua буюу агь хэмээх ургамал коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд өндөр үр нөлөөтэй байх боломжтойг олон улсын эрдэмтэд онцолжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Африк тивийн Мадагскар улсын ерөнхийлөгч Андри Ражоелина өөрийн биеэр тус ургамлын хандаар хийсэн ундааг сурталчилж, коронавирусийг эмчлэх чадалтай хэмээн мэдэгдсэнээс хойш олны анхааралд өртөх болсон байна. Агь ургамал Ази тивээс гаралтай боловч дэлхийн нарлаг, дулаан орнуудад өргөн тархжээ. Африкийн хойд хэсэгт ихээр ургана. Монгол орны тухайд гол төлөв ойт хээр болон хээр талын бүсэд элбэг тохиолддог. Энэ ургамал олон наст, анхилуун хурцлаг үнэртэй. Тийм ч учраас агь таанын үнэр хэмээн хэлж ирсэн нь ийм учиртай. 10-40 см өндөр, сарвагар иштэй. Мөн шаравтар өнгөтэй жижиг бөмбөлөг хэлбэрт сагс баг цэцэгтэй. Түүний иш, навч гадуураа саарал юмуу, бор ногоон өнгөтэй торгомсог үсээр хучигдсан байдаг. Агь хавар эрт цухуйдаг, малд өндөр тэжээллэг чанартай ургамал аж. Монголчууд агийн хандаар үсээ угаавал үсний уналтыг зогсоож, тэжээл өгнө. Мөн агиар хийсэн дэр тархины даралтыг багасгаж тайвшруулдаг хэмээн үзэж хэрэглэсээр ирсэн. Үүнээс гадна агийг уламжлалт анагаах ухаанд эртнээс элэг, цөсний суваг, цөсний хүүдий, хоол боловсруулах эрхтний эмчилгээнд хэрэглэсээр ирсэн нь монголчуудад өндөр үр дүнгээ өгчээ.
ХУМХАА ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ГОЛ ЭМ БОЛДОГ
Мадагаскар улсын ерөнхийлөгч Андри Ражоелина агийн хандаар хийсэн ундааг “Ногоон алт” хэмээв
Монголчууд биеийг хорт бодис, шимэгчээс салгахад агийг өндөр үр дүнтэй хэрэглэж ирсэн бол Африк зэрэг халуун орны халдварт өвчин болох хумхааг дарангуйлдаг бодисыг агийн ханднаас гарган авч ашигладаг. Хумхааны вирус тээгч 41 төрлийн 3600 зүйлийн шумуулаас болж жилд дэлхий даяар 3.3 тэрбум хүн халдвар авах вий хэмээн айдастай амьдарч, 250 сая нь өвчилж, 500 мянгаас нэг сая нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн статистик бий аж.Тэгвэл Хятадын Анагаах ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Юүюү Ту 1969 онд Хятадын удирдагч Мао Зэдуны даалгавраар хумхааны эсрэг шинэ эм гаргах ажилд ханцуй шамлан оржээ. 1960-аад он бол хумхаа өвчнийг тээгч шумуул Ази, Африкийн халуун уур амьсгалтай ихэнх улс, түүний дотор Хятадын олон мужид юу болов гэмээр өсч үржиж, үүнээс үүдэн хумхаа өвчний дэгдэлт гамшгийн хэмжээнд тулсан үе байжээ. Нөгөөтэйгүүр хумхааны эсрэг хэрэглэж байсан эм, бэлдмэлүүд урьд өмнөх шигээ үйлчилж чадахаа больсон байв. Юүюү Тутай зэрэгцэн олон зуун эм зүйч, эрдэмтэн хумхааны эсрэг үр дүнтэй эмчилгээний арга олохоор шинжилгээ судалгаа, туршилт явуулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор нийт 240 мянган сорилын ажил хийсэн байдаг. Гэсэн хэдий ч ямар ч нааштай сайн үр дүн гарсангүй. Харин Юүюү Тугийн ахалсан эрдэм шинжилгээний багийнхан 1971 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Хятадын эртний эмийн 2000 сударт дүн шинжилгээ хийж 200 гаруй ургамлаас 380 төрлийн эмийн бэлдмэл шинээр зохиож хулгана дээр туршсанаас ердөө ганцхан нь буюу 1600 жилийн өмнөх эмийн сударт бичсэн халуун бууруулах зориулалттай “Artemisia annua” буюу агь хэмээх ургамлаас гаргасан эмийн шинэ ханд л хумхааны эсрэг үйлчилгээ үзүүлэх шинж чанартай байгааг тогтоосон байдаг. Улмаар 1973 он гэхэд хумхааг эмчлэх шинэ эмээ бүрэн боловсруулж гарган авч чаджээ. Тэрбээр уг бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн юм. Агийг хумхаа өвчнөөс гадна олон өвчнийг эмчлэх, мөн өвчин намдаах, халуурахтай тэмцэх зорилгоор ашиглаж ирсэн тухай түүхэн сурвалжид дурдсан байдаг аж. Хятадын анагаах ухаанд үүнийг “чинхао” гэж нэрлэдэг.Мөн амтат шарилж ч гэж нэрлэх нь бий аж.
Үүнийг эмчилгээнд ашиглаад зогсохгүй зарим согтууруулах ундааны найрлагад ч оруулдаг байна. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд artemisia буюу агь дээр суурилсан хосолсон эмчилгээг ACT гэж товчлон нэрлэдэг бөгөөд ДЭМБ-аас хумхаа өвчний эсрэг үндсэн эмийн эмчилгээ хэмээн зөвлөдөг байна. Уг эмчилгээ сүүлийн 15 жилд хумхаа өвчний өвчлөлийг бууруулахад гол хүчин зүйл болсон хэмээн дүгнэдэг байна. Тиймээс агь хэмээх энэ ургамал Хятад, Африкийн олон оронд эмийн чухал бүтээгдэхүүн болдог. Харин манай улсын хувьд шумуулаар дамжин хумхаа өвчний халдвар авах эрсдэл тэг хувь тул агийг толгойн өвчин, биеэс хор гадагшлуулах, гоо сайхан зэрэгтээ хэрэглэдэг. Мөн малын элдэв өвчнийг анагаахад агь олон талаар тустай хэмээн хашир малчид хэлдэг:
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД АГЬ КОРОНАТАЙ ТЭМЦЭХ ҮР НӨЛӨӨТЭЙ БОЛОХЫГ ХЭЛЖ БАЙНА
Тэгвэл биеийн хорт бодис, элдэв шимэгчдийг биеэс салгаж, халуун орны элдэв нянтай амжилттай тэмцдэг агь буюу Artemisia хэмээх ургамал Мадагскар улсын ерөнхийлөгчийн мэдэгдсэн шиг коронавирусийг амжилттай дарангуйлж чадах уу. ДЭМБ-ын албан ёсны вэб сайтад уг ургамал коронавирусийн халдвартай тэмцэхэд үр нөлөөтэй болохыг үгүйсгээгүй ч эмчилгээний үр дүн, гаж нөлөө зэргийг бүрэн баталгаажуулж шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин Мадагскар улсын тухайд эмнэл зүйн туршилт хийж эхэлсэн бөгөөд агийн тариалалтыг нэмэгдүүлж, ханд бүхий уусмал үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн, Өмнөд Африкийн эрдэмтэд “Covid-19”-ийн эсрэг үр дүнтэй хэмээхх artemisia annua болон ургамлын өөр төрөл зүйл болох artemisia afra дээр лабораторийн шинжилгээ хийж байгаа аж. Тус улсаас гадна Герман, Дани, Америк зэрэг олон орны эрдэмтэд artemisia annua ургамлын хандыг туршиж үзсэн. Хамгийн гайхалтай нь лабораторийн нөхцөлд шинэ коронавирусийн эсрэг уг ханд зарим үр дүнг үзүүлж байгааг мэдэгджээ. Уг хандыг цэвэр этанол, эсвэл нэрмэл усаар хэрэглэхэд вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ.
Мөн этилийн спиртийн хандыг кофетой хослуулснаар вирусийн эсрэг үйлчилгээ илүү нэмэгдэж байгааг тогтоосон тухай вирус судлалын профессор Клаус Остерредер BBC телевизэд ярьсан байна. Гэхдээ өнөөг хүртэл ДЭМБ-аас уг хандаар коронавирусийн эсрэг амжилттай тэмцэх эм бүтээх боломжтой хэмээн албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Эмчилгээний эмнэл зүйн маш нарийн туршилт, шалгууруудаар энэ бүхнийг баталгаажуулах ёстой тухай ДЭМБ-ын холбогдох албаныхан мэдэгджээ. Дашрамд сонирхуулахад, 2015 онд анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг Америкийн шимэгч хорхой судлаач Уильям Кемпбелл, Японы микробиологич Сатоси Омура нар хүртсэн юм. Тэд шимэгчээс үүдэлтэй өвчнийг эдгээхэд агийг үр дүнтэй ашиглаж амжилтад хүрсэн байдаг. Түүнчлэн, тус ургамал хорт хавдрын эсийг устгах чадвартай хэмээн Калифорнийн их сургуулийн Америкийн эрдэмтдийн дүгнэлт ч гарсан байдаг. Агь хэмээх ургамалд витамин А, B3, B6, C, K, танин, амин хүчил, кали болон олон төрлийн шим тэжээл агуулагдсан байдаг аж.
Г.БАТ