Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 100 сая ам.долларын санхүүжилтийг батлав. Дэлхийн Банкны уг хөтөлбөр нь цуврал бөгөөд 2017 оны араваннэгдүгээр сард эхний хөтөлбөр нь батлагдаж байсан юм. ЭЗУДХ нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжих зорилготой.
Монгол Улсын эдийн засаг 2016 оны макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд хэвээр байсаар байгааг тус банкнаас мэдээлэв. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн нөхцөл байдал дорвитой сайжирч, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь улмаар ДНБ-д эзлэх Засгийн Газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн. “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн Газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэж Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирал Мартин Рэйзэр онцоллоо.