Энэтхэг улсын Дели хотноо энэ сарын 14-26-ны өдрүүдэд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тэрбээр Энэтхэгийн тамирчин Ниту Нитуатай аваргын алтан медалийн төлөө тулалдаж, 5:0-оор хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн юм.
Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дахинд цуурайтуулан, дэлхийн дэвжээнээс эмэгтэй боксчдын анхны мөнгөн медалийг хүртэж, оргил амжилтын эзэн болсонд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.