Олон улсын валютын сан(ОУВС)-гийн гаргасан санхүүгийн мониторингийн тайланд “Энэ оны эцэст дэлхийн засгийн газруудын өр 100 их наяд ам.доллар давах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 93 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2030 он гэхэд ДНБ-ий 100 хувьд хүрэх болно. Үүнийг тогтворжуулах, бууруулахын тулд таамаглаж байснаас хамаагүй их хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай болж магадгүй байна” гэж анхааруулжээ.
Тус тайланд улс орнууд эдийн засгийн өсөлт, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалахын тулд санхүүгийн болгоомжтой бодлого баримталж, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх замаар өрийн эрсдэлээс зайлсхийх ёстойг онцолсон байна.
Шинжээчид, улстөрчид зардлаа нэмж алдагдалтай төсөл баталж буй нь нийгмийн томоохон дарамт болж, өрийн талаарх тэдний үндэслэлгүй өөдрөг төсөөлөл, сүүдрийн буюу далд өр их хэмжээгээр нэмэгдэж байгаа гэх гурван шалтгааны улмаас улс, орнуудын төсвийн төлөв төсөөлж байснаас муу гарч магадгүйг анхааруулжээ. ОУВС-гийн мэргэжилтнүүд далд өрийн өсөлт гэдгийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдалтай холбон тайлбарлаад санхүүгийн хямралын үед энэ хувь хэмжээ огцом нэмэгдэх болно гэж анхааруулжээ.
Хөгжингүй улс орнуудын иргэдийн дунд хөгшрөлт давамгайлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэмэгдэж байгаа энэ үед ногоон эдийн засагт шилжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнчлэн геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаагаас батлан хамгаалах, эрчим хүчний аюулгүй байдалд илүү их мөнгө зарцуулж байна.
Энэ нь ирэх таван жилийн хугацаанд ДНБ-д эзлэх өрийн харьцааг таамаглаж байснаас 10 пунктээр илүү болгож магадгүй байна. Туйлын таагүй хувилбар нь дэлхийн улсуудын өр гурван жилийн дотор ДНБ-ий 115 хувьд хүрэх бөгөөд энэ нь одоогийн таамгаас бараг 20 пунктээр өндөр гэсэн үг аж. Төсвийн алдагдал, түүнчлэн эдийн засаг, улс төр дэх тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа нь ийм байдалд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна улс орнууд бусад хүчин зүйлсийн нөлөөлөл, тухайлбал, АНУ зэрэг чухал улс орнуудад валютын ханшийн тодорхойгүй байдал нэмэгдэх зэрэгт улам мэдрэмтгий болчихоод байгааг онцолжээ. Мөн энэ бүхэн дээр дайн тулаанууд дэлхийн эдийн засагт нэмэлт заналхийлэл учруулж байна гэж анхааруулжээ.
Баялаг бүтээгчиддээ том дарамт учруулан улсын хөгжлийг удаашруулах гол шалтгаан болж буй татварын хэт өндөр хэмжээ, татвараар цугласан бэлэн мөнгөн дээр ялаа шиг цугладаг боловсролгүй улстөрчид, тэднийг сонгон төрд гаргадаг ямар ч боловсролгүй сонгогчид, хүрэлцэхгүй байна хэмээн алдагдалтай төсөв баталдаг явдлууд ардчилсан улсуудад “хорт хавдар”-ын хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Иймээс цаг нь болчихоод байгаа учир энэ асуудлууд нэг их удахгүй шинжлэх ухааны үүднээс зөв шийдэгдэх болно.