Дэлхий даяар коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 470 сая давсан бол нас барсан хүний тоо 6.09 сая болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдээлжээ.
Гуравдугаар сарын 22-ны байдлаар, ДЭМБ 470 839 745 хүн халдвар авч, 6 092 933 хүн нас барсан тухай мэдээлэл авчээ. Өдөрт халдвар авсан хүний тоо 1 244 012-оор, нас барсан хүний тоо 14 865-аар нэмэгдсэн байна.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо гуравдугаар сарын 10-нд 450 сая, хоёрдугаар сарын 10-нд 400 сая, нэгдүгээр сарын 25-нд 300 сая, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-нд 250 сая, наймдугаар сарын 5-нд 200 саяыг давжээ.
Халдварын хамгийн олон буюу 79 015 226 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол тус улсын араас Энэтхэг (43 010 971), Бразил (29 630 484), Франц (23 442 023), Их Британи (20 319 438) орж байна. Нас баралтын тохиолдлын тоогоор мөн л АНУ (964 473) нэгдүгээрт жагсаж байгаа бол хоёрдугаарт Бразил (657 205), гуравдугаарт Энэтхэг (516 543) бичигджээ. Эдгээр улсуудын араас Орос (365,373), Мексик (322,092) орж байна.