ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр замууд” компани бондын купоны төлбөрөө хүлээлгийн хугацаанд төлж чадаагүйгээс дефолт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол барууны хориг арга хэмжээ хойд хөршийг тэвдүүлж байгаагийн тод илрэл юм. Ийнхүүү “Оросын төмөр замууд” дефолт зарласан анхны компани болов. Уг нь тус компани хойд хөршийн төмөр замын тээврийн 90 хувийг дангаараа авч явж ирсэн. Дээрээс нь манай “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг. Тэгэхээр энэхүү дефолт зарласан явдал Улбаанбаатар төмөр замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ, том зургаараа манай улсын эдийн засагт яаж тусах уу гэсэн асуудал олон хүний анхаарлын төвд байна. Энэ талаар албаны эх сурвалж болон эдийн засагчдын байр суурийг сонирхов.
Л.Булганхүү: УБТЗ шууд хүндрэлд орохгүй
“Оросын төмөр замууд” дефолт зарласны улмаас “Улаанбаатар төмөр зам”-ын цаашдын хувь заяа болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах талаар салбарын яамнаас тодруулсан юм. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Булганхүү хариулахдаа “ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН 2022 оны дөрөвдүгээр сард санхүүгийн дефолт зарласантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шууд хүндрэлд орохгүй. Одоогоор Монгол, Оросын хилийн Сүхбаатар-Наушки төмөр замын боомтоор тээвэрлэлт тасралтгүй явагдаж байна. Харин Орос-Украины нөхцөл байдлын улмаас олон улсад үүсч буй нөхцөл байдал,
түүнчлэн ОХУ-ын зүгээс зарим төрлийн бараа бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан. Мөн БНХАУ нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргээс шалтгаалан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэх ачааны урсгалд өөрчлөлт гараад байна. Тухайлбал, 2022 оны эхний таван сарын байдлаар 10.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79.2 хувь, тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл импортын ачаа 12.1 хувь, БНХАУ-аас ОХУ руу дамжин өнгөрөх ачаа 16 хувиар тус тус өссөн байна. Харин экспортын ачаа 2.2 сая тонноор буюу 44.2 хувиар буурсан. Орон нутгийн ачаа 311.6 мянган тонн, ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрөх ачаа 525 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байна” гэв.
Дефолт зарласан үеийг боломж болгон ашиглах ёстой гэв
“Оросын төмөр замууд” компани дефолт зарласнаар манай “Улаанбаатар төмөр зам” бондын төлбөрт унаж, сүйд болно гэсэн мэдээлэл нийгэмд түгээд байсан нь саяхан. Тэгвэл эдийн засагчид энэ үйл явдлыг эсрэгээр нь тайлбарлав. Харин ч “Оросын төмөр замууд”-ын дефолт бидэнд том боломжуудыг авчирна гэсэн өөдрөг мэдээ дуулгалаа. Олон хүний санааг чилээгээд байгаачлан дефолт “Улаанбаатар төмөр зам”-д тийм ч айхавтар нөлөөлөхгүй гэнэ. Харин парк шинэчлэлт хийж чадахгүй байж мэднэ. Үүнийг шийдэх өөр олон гаргалгаа бий. Тэгээд ч Орос Украины дайнтай холбоотойгоор энэ төмөр замаар явах ачаа багассаныг албаны эх сурвалж дээр хэлчихлээ. Тиймээс энэ үеийг ашиглаад төмөр замаа буцаагаад авах юмуу өөрсдийн хувиа ахиулах боломж нээгдэж байгааг эдийн засагчид онцлов. Дайнтай холбоотойгоор манайд тусалъя гээд гараа сунгаж буй Англи, Америк, Япон, Солонгосын хөрөнгө оруулалтыг төмөр замын салбартаа татаж болох юм. Дэлхий дээр хоёр том гүрний дунд хавчуулагдсан, ганцхан урсгалтай төмөр замтай орон Монголоос өөр байхгүй. Дээр үед Мянганы сорилын сан манайд орж ирэх үед америкчууд “Улаанбаатар төмөр зам”-ыг хос замтай болгоод өгье гэж байсан. Хэрэв энэ амлалт ажил хэрэг болсон бол манайх асар их ашиг олох байв. Гэвч тухайн үед оросууд Америкийн хөрөнгө оруулалтаас эрс татгалзсан. Яагаад гэвэл , “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг тэдэнд ч татгалзах эрх бий. Зүгээр ч үгүй, оронд нь долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж амлаж байж биднээр Америкийн хөрөнгө оруулалтаас татгалзуулж чадаж байсан түүхтэй. Харамсалтай нь оросууд тэр амлалтаа одоо хүртэл хэрэгжүүлээгүйг манайхан мартаагүй байгаа. Тэгэхээр хувь нийлүүлсэн оросын талын компани дефолт зарласан энэ үед бид төмөр замаа өөрийн талд бүрэн авах, чадахгүй бол хувиа ахиулах гарц нээгдэж байгааг эдийн засагчид олзуурхаж байв. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 450 сая ам.доллараар наймаалцан авч байсан шиг төмөр замаа ч өөрийн болгох боломж нээгдэж байна гэв. “Улаанбаатар төмөр зам” өртгөө нөхчихсөн учраас ногдол ашгийг нь тооцож байгаад хувиа ахиулах алхам бий. Тэгэх юм бол бид өөрсдөө хөрөнгө оруулалт босгож, парк шинэчлэлт хийх нь асуудал биш.
Дефолтын үр нөлөө манайд эергээр нөлөөлөх өөр нэг хувилбар бий. Энэ бол саяхан дэлхийд зарласан Хятадын шинэ төмөр зам. Энэ зам манай хилийн урдуур яваад Шинжаан Уйгараар дайраад Кыргыз, Казахаар яваад шууд европ руу холбогдох юм билээ. Уамжлалт төмөр замаас дөт, долоо хоногийн хугацаа товчилж байгаагаараа давуу талтай гэсэн. Говь-Алтай, Баянхонгороос ердөө 200 км хүрэхтэй үгүйтэй ойрхон өнгөрч байгаа. Энэ төмөр зам ирээдүйд ази европыг холбох гол гүүр. Тэгэхээр бид Шинжаан Уйгарын энэ төмөр зам руу холбогдчихвол дэлхийтэй холбогдох шинэ гарц үүснэ.
Энэ бол алтан боломж гэдгийг эдийн засагчид ярьж байна лээ. Тухайлбал, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсчихсөн энэ үед төмөр зам хамгийн хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хамгийн хямд өртөгтэй. Дээр нь аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжих боломжтой. Европын аялагчид галт тэргээр Казах, Кыргызын соёлыг үзчихээд Шинжаан Уйгараар аялаад зарим нь хойшоо Төвөд рүү, зарим нь Монгол руу ороод ирж болно. Монголчуудын хувьд ч гэсэн Шинжаан Уйгар, Үрэмч рүү жаахан цаашлаад Казахстаны нутаг руу орох боломжтой. Том зургаараа эдийн засагт үр өгөөжөө өгөх ийм ирээдүйг бүтээхийн тулд бид төмөр замынхаа бүтээн байгуулалтыг тэлэх нь амин чухал асуудал. Монгол бол тусгаар улсын хувьд хаагуураа, яаж төмөр замаа тавихаа шийдэх бүрэн эрхтэй. Тэгээд ч манайхан сүүлийн үед Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замаа тавьж чадлаа шүү дээ. Эндээс төмөр замын салбарт цоо шинэ аж ахуйн нэгжүүдийг гаргаж ирэх зэрэг олон, олон боломжууд байна.