Categories
мэдээ улс-төр

Дэд ажлын хэсгийг А.Гансүх ахална

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн олон нийтийг шүүмжлэлийг багагүй татаад байгаа юм. Гэтэл нэг ажлын хэсэг байгуулаад зогсохгүй ажлын хэсгийн дор ахиад дэд ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тавантолгойн гэрээний төслөө УИХ-д өргөн бариад долоо хонож байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Тавантолгойн гэрээний төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэ төслийг бүлгүүдээр хэлэлцсэн боловч, өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр орох ёстой байсан ч УИХ-ын даргын шийдвэрээр Ажлын хэсэг байгуулсны дараа хэлэлцэхээр болсон юм.

Лхагва гаригт буюу өчигдөр УИХ-ын даргын захирамжаар Тавантолгойн ажлын хэсгийг томилж, ахлагчаар Л.Эрдэнэчимэгийг, гишүүдээр нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарыг томилсон. Мөн Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулсантай холбоотойгоор дэд ажлын хэсэг байгуулжээ.

Дэд ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын Хуулийн зөвлөх А.Гансүх ахалж байгаа бол гишүүдэд нь П.Амаржаргал / УИХ-ын Тамгын газрын ахлөх зөвлөх/, Б.Батбилэг /Эрдэнэс Тавантолгойн компанийн санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч/, И.Индранила /Эрдэнэс Оюутолгой компанийн хуулийн зөвлөх/, М.Мягмар-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал/ нар багтжээ.

Үүнийг харсан зарим хүмүүс Засгийн газраас өргөн барьсан гэрээний төслийг яахаараа төрийн өмчит компанийн ажилтнууд шүүн хэлэлцэх эрхтэйг гайхаж байна. Нөгөөтэйгүүр, Тавантолгойн ордын гэрээнд хаа байсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн хуулийн зөвлөхийг багтаасан нь гайхширал дагуулж байна. Тиймээс ажлын хэсгийн дор ажлын хэсэг ахиад дор нь ажлын хэсэг байгуулбал гайхах ч хэрэггүй биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *