Categories
мэдээ цаг-үе

Даруу төлөв зантай Үндэсний хөгжмийн ангийнхан

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг уурхай билээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тэр үедээ Хөгжим бүжгийн дунд сургууль нэртэй байсан тус сургуулийн Үндэсний хөгжмийн ангийн 1983 оны төгсөгчдийг урьж оролцууллаа. Хуучир, морин хуур, шанз, их хуур гэх зэрэг үндэсний хөгжмүүдийг гаргууд эзэмшсэн тэд зургадугаар ангидаа буюу 1976 онд нэг ангийн андууд болжээ.

Тухайн үед “Үндэсний хөгжмийн анги”-ийн элсэгчдийг бүртгэж авахдаа зургадугаар ангид орох хүүхдүүдийг шалгаруулан авсан байна. Нийслэл, аймгуудаас авьяас чадвараар шигшигдэн ирсэн хүүхдүүд нэг ангид орж, хурдан ижилдэн дасч, сайхан хамт олон болжээ. Энэ ангид Ц.Ариунаа, М.Ариунболд, Н.Болд, Б.Батжаргал, Д.Ганболд, Ш.Даваа, Ц.Од, Д.Олзон, С.Отгонжаргал, Л.Оюунгэрэл, Пүрэвдорж, Р.Туул, Р.Туяа, С.Тогосгэрэл, Хишигжаргал, Б.Энхбилэг, Н.Энхжаргал, Б.Эрдэнэцэцэг, Х.Эрдэнэчимэг гээд 26 хүүхэд элсэн орж, 17-уулаа төгссөн байна.

Дорнод аймгаас ирсэн Болдбаатар эдний ангид нэг жил суралцаад гарч байжээ. Тэрбээр хичээлээ их тасалдаг байсан учир багш нарын зөвлөгөөнөөр оруулж, хичээл тасалдаг шалтгааныг нь тодруултал “Би хотод анх удаа ирж байна. Улаанбаатар хоттой танилцах төлөвлөгөө зохиосон байгаа. Улаанбаатар хотын бүх автобусны буудал дээр бууж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж хариулж, тухайн үедээ бөөн инээдэм болж байжээ. Ангийн хүүхдүүд хичээлийнхээ чөлөөт цагаар хотыг тойрсон зуслангуудаар аялал хийж, зугаалах дуртай, тэрэндээ зориулж төлөвлөгөө гаргадаг байсан талаараа дурслаа. Ялангуяа зуныхаа амралтаар ангийнхаа хүүхдүүдийн зуслангаар их зочилдог байжээ.

Найм, есдүгээр ангиасаа ангийн хөвгүүд дугуйгаар хотоо тойрон аялдаг болсон байна. Тухайн үед дугуйн аялал хийдэг хүүхэд, залуучууд ховор байсан үед энэ ангийнхан олуулаа дугуй унаж байсан түүх бас сонирхолтой. Хөгжим бүжгийн дунд сургууль наймдугаар ангиа төгсөх жилээс нь эхлэн Техникум статустай болдог учраас суралцагчдад улсаас 180 төгрөгийн стипент өгдөг байж. Ангийн хүүхдүүд хоёр гурван сарын стипентээ цуглуулаад Улсын их дэлгүүрээс цоо шинэ дугуй худалдан авцгаажээ. Ингээд дугуйгаа жийгээд хотыг 30 км радиуст хаа сайгүй аялдаг болсон аж. Баянзүрх, Чингэлтэй, Богдхан гээд Улаанбаатар хотыг тойрсон хайрхануудын ам, хөндий болгоноор дугуйн аялал хийдэг байсан үе нь тэдэнд насан туршдаа мартагдахгүй нандин дурсамж үлдээжээ.

Чингэлтэй дүүрэгт ангийн найз Б.Энхбилэгийнх байдаг байж. Тэднийхээр зочилцгоох их дуртай. Учир нь Б.Энхбилэгийнх хашаандаа цэцэг, ногоо төрөл төрлөөр нь тарина. Байшин, хашаа хороо нь цэвэр цэмцгэр, гэртээ талх барьж, янз бүрийн салат, нухаш, цөцгийгөөр дайлдаг байсан ангийн хүүхдүүдэд нь их таалагддаг байж. Өвөлдөө тэднийд оччихоод, тэндээсээ гараад Чингэлтэй ууланд цана чаргаар гулгаж анги хамт олноороо хөгжилтэй өнгөрүүлдэг байжээ. Тэдэнд ятга, шанз, ёочин, морин хуур, их хуур зэрэг үндэсний хөгжмийн хичээлүүд орохоос гадна ангиас гурван хүүхэд европ хөгжмийн хичээлийг гүнзгийрүүлэн суралцсан аж. Долдугаар ангид морин хуурын ангийн М.Ариунболд Куба улсын нийслэл Гавана хотод болсон Дэлхийн Залуучууд оюутны их наадамд оролцсон нь тухайн үедээ шуугиан болж, хүн бүрийн анхаарлыг татаж байжээ. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Дорнод аймгийн театр, Хилийн цэргийн чуулга, Ардын армийн ансамбльд хуваарилагдан ажиллацгаажээ. Ихэнх нь анх томилогдон очсон газартаа ажилласаар тэндээсээ тэтгэвэртээ гарсан байна. Ц.Ариунаа, С.Тогосгэрэл нар Хилийн цэргийн чуулгад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол Даваа Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байгаад тэндээсээ гавьяаны амралтдаа суужээ.

Б.Батжаргал, Б.Энхжаргал, Пүрэвдорж, Н.Болд нар Зөвлөлтийн социалист орнуудад дээд боловсрол эзэмшиж ирээд хөгжим урлагийн салбартаа олон жил ажиллаж, сурсан мэдлэг, боловсролоо эх орондоо зориулж ажилласан байна. Б.Батжаргал ЗХУ-д суралцаж ирээд Хөгжим бүжгийн коллежид Хөгжим, бүжгийн онолын багшаар ажиллаж байхдаа “Дэлхийн хөгжмийн түүх”, “Хөгжмийн онол” хичээлийг одоогийн рок, попын алдартнуудад зааж байсан тухайгаа дурслаа. “Камертон”, “Sweetymotion” хамтлаг, “Никитон”-ы Бачка, Чинбат, Оюунтүлхүүр нар Б.Батжаргал багшийн шавь нар аж. Тэрбээр 1995- 2000 онд Москвагийн Их сургуульд суралцан “Монголын хөгжмийн түүхийн үечлэл” гэсэн сэдвээр доктор хамгаалж ирээд мөн Хөгжим бүжгийн коллежид сургалт эрхэлсэн захирлын албыг хашиж байгаад, нэг хэсэг АНУ-д амьдарч байгаад саяхан эх орондоо иржээ. Мөн Хөгжмийн зохиолч Н.Болд хөгжим зохиохоос гадна, олон сайхан дууны шүлэг бичсэнийг олон түмэн мэднэ. Энэ цагийн нэртэй бүх дуучин түүний дууг дуулсан байдаг. Дуучин Л.Болдбаатарын дуулсан “Хайраар нийлсэн хань”, С.Жавхлангийн дуулсан “Цаг цагийн аяс”, дуучин С.Ганзоригийн дуулсан “Алтан сартай буудай”, “Сэлэнгийн намар” зэрэг дуунуудыг нэрлэж болох юм.

Энэ ангийг дааж авсан анхны багшийг нь Д.Дарьзав гэдэг. Тэрбээр 1937 онд Монгол Улсын анхны урлагийн сургууль болох “Уран сайхны сургууль”-ийн төгсөгчдийн анхдагч нь. Монгол Улсын анхны хийл хөгжмийн багш гэдгээрээ урлагийн салбарт түүхэн хүн билээ. Манай улсад 1940-1970-аад онд хийл хөгжмийн хичээлийг ЗХУ-аас мэргэжилтэн багш нар ирж заадаг байжээ. Улмаар монгол хүн хийл хөгжмийг заах анхны боломж нь 1950-иад онд нээгдэж байжээ. Тодруулбал, тэр үед Зөвлөлтийн багш нар монгол хүн хийл хөгжим заах боломжгүй гэж явсаар хамгийн анх Д.Дарьзав багшид хийл хөгжим заах эрхийг нь өгч байж шүү. Ийм л түүхэн хүн энэ ангийн анхны багшаар ажиллажээ. “Багшийнхаа анхны анги нь бид юм” гэж тэд бахархан ярих дуртай. Анги даасан удаах багшийг Цэнджавын Энхтуяа гэдэг. Ц.Энхтуяа багшийнхаа талаар тэд маш олон сонирхолтой түүхүүдийг ярьж байлаа. Орос хэлний багш Ц.Энхтуяа үнэхээр үзэсгэлэнтэй, гоо сайхан эмэгтэй байсан талаар ангийн хүүхдүүд шагшин магтаж, сурагчид нь хүртэл нүд алддаг, тийм сайхан биеэ авч явдаг багш байжээ. Гадаадын олон орноор явсан, өөр соёлтой, маш ганган хээнцэр, хүнтэй харилцах харилцаа, биеэ авч яваа байдал нь хүртэл онцгой бүсгүй байсан талаар тэд дурслаа. Ангийнхан Д.Дарьзав багшаасаа урлагт хандах хандлага, урлагт үнэнч байх, урлагийн төлөө өөрийгөө зориулах чин сэтгэлийг сурсан бол, Ц.Энхтуяа багшаасаа нийгэмд өөрийгөө яаж авч явах, урлагийн хүн хамгийн сайхан харагдаж, бусдыгаа хошуучилж гоё харагдах ёстой гэх мэт гоо зүйн соёлд суралцсан хэмээн ярилаа. Эдний ангийнхан саяхан уулзахдаа “Бид их даруухан, үнэнч, элдэв буруу зуршилгүй сайхан анги хамт олон юм” хэмээн ярилцацгаажээ. Ер нь ангиараа ойр ойрхон уулзалдана, ялангуяа бүсгүйчүүд нь байнга харилцаа холбоотой байдаг аж. Нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт ойн баярыг хамт тэмдэглэцгээнэ. Сүүлд ангийн хөвгүүн Б.Батжаргалыг АНУ-аас ирэхэд угтаж, ангиараа уулзан, бөөн баяр хөөр болцгоожээ.

1976 оноос хойш нэг ангийнхан хэмээн цоллогдож, өнөөдөр ч нэг ангийнхан хэвээр байгаа Үндэсний хөгжмийн ангийнханд аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *