“Дархлаажуулалтын ээлжит 10 хоног”-ийн аян энэ сарын 1-ээс эхэллээ. Арав хоног үргэлжлэх уг аянд сүрьеэ, халдварт саа, тавт вакцин, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, А гепатитаас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, заавал хийх дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу хийнэ.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль дээр 7,15 настай хүүхдэд хийх сахуу, татрангийн вакцин хийх, мөн шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийх юм байна.