Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг байна. Дархлаажуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байгаа учраас вакцины хамралт бага улс орны хүн амын дунд вакцинаар урьдчилан сэргийлж болох халдварт өвчнүүд тухайлбал улаанбурхан, улаанууд, татран, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчний дэгдэлтүүд бүртгэгдсээр байна.
“Дархлаажуулалтын 10 хоног“-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын аравдугаар 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байгаа.
Монгол улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улсад цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж,сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан. Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 0-15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг.