Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “хог” шахсан бизнес удирдлага нь солигдсоны дараа зах зухаасаа илэрчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 2 сарын 27-нд өөрийн твиттер хуудсаараа жиргэж, “Эрдэнэт үйлдвэрийнхний Импортыг орлуулж, хэмнэлт хийсэн талаар танилцлаа. Цаашдаа шахааны бизнес гэж байхгүй!” хэмээжээ. Энэ өдрөөс хойш яг 11 хоногийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 10-нд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Эрдэнэцогт худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байх юм. Гэрээ нь ч яахав гэрээ л юм байж. Хавсралт нь харин сонирхолтой түүх өгүүлнэ. Энэхүү хавсралтаар сагсан бөмбөг ширхэгийг нь 290 мянган төгрөгөөр, гар бөмбөг ширхэгийг нь 330 мянган төгрөгөөр, ширээний теннисны аркетийг мөн л ширхэгийг нь 240 мянган төгрөгөөр, ширээний тениссний ширхэг бөмбөгийг 10 мянган төгрөгөөр шахсан байна лээ. Эдгээрийг шахсан “Отгон цамхаг” ХХК-ийн захирал Ш.Баясгалан гэгч нь Дарханы МоАХ-ны нарийн бичгийн дарга аж. Өрсөлдөгч намынхандаа ийнхүү найр тавьж байгаа юм чинь өөрийнхөө намынхан, хамаатан садан, ах дүү найз нөхөдтэйгээ бол бүр аймаар дүнтэй гэрээ үзэглэдэг байлгүй. Энэхүү гэрээ 49 сая 700 мянган төгрөгийн дотор үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээг тендер зарлаж авах учиртай. Тэгэхээр төрийн өмчөөр гараа угаадаг захирлууд 50 сая арай л хүргэлгүй иймэрхүү гэрээг олноор үйлддэг аргатай. Төмөрлөгийн үйлдвэрээс 49 сая гаруй төгрөгийн гэрээ олноороо илэрсэн аж. Бодвол шалгадаг хянадаг газрууд нь шалгах байлгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасан захирлууд халагдаад явахыгаа хариуцлага тооцсон гэж үздэг шиг байгаа юм. Уг нь бол татвар төлөгчдийн мөнгөөр “хог” авдаг нөхөд “дээлээ нөмрөх” учиртай.
Б.Эгшиглэн