Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын зорчих хэсгийг аюулгүй болгож хөдөлгөөнийг нээх гэж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнгөрөгч долоодугаар сараас 2019.07.15/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.
Дөрвөн сарын турш үргэлжилсэн зам засварын томоохон бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрээгүй ч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өнөөдөр /2019.11.01/ нээхээр болсон аж. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил дахин үргэлжлэх юм байна.
Олон жилийн турш эхлэл донхолтой замаар зорчсон Дарханчууд ийнхүү шинэ замаа өнөөдөр өлгийдөх нь. Харин мөн л энд тэндгүй нүх сүв, эвдрэл үүссэн замаар дүүрэг, хот хоёрын хооронд зорчиж арайхан ажил, амьдралаа залгуулж яваа Налайхчууд ирэх даваа гарагаас шинэ замаар сүнгэнэнэ.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээллэсэн. Өнөөдөр нээх байсан ч бүрэн тохижилт дуусаагүй гэх шалтгаанаар дахин гурав хоног хойшлуулж арваннэгдүгээр сарын 4-нд замыг нээхээр болоод буй.
Төслийн хүрээнд :
20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой
3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр
5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас
38 байршилд ус зайлуулах хоолой,
Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.
Мөн 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах ажил дуусах шатандаа орсон бол, тэмдэгний шон байрлуулах, шинэ гүүр рүү хэвтээ тэмдэглэл хийх ажлууд үргэлжилж байгаа юм байна.
Энэ жилийн их бүтээн байгуулалт, иргэдийн мөрөөдөл шахуу болсон хүлээлт энэхүү хоёр зам байлаа. Налайхын зам иж бүрэн, Дарханы зам хагас дутуу ч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган нээж буй гэдгийг албаныхан хэлж байна.