Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Наадмын гурав дахь өдөр хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Монгол Улсын багийн медаль (3 мөнгө, 6 хүрэл) ес болов. Өчигдөр модон барилдааны 90 кг-ын жинд Ц.Өнөрбат мөнгө, морьт барилдааны -100 кг-д Ж.Бахытжан мөнгө, +100 кг-ын жинд Ш.Харжаубай, уламжлалт харвааны төрлөөр Ц.Хүдэрчулуун хүрэл, казак кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртлээ.
Ц.Өнөрбат нь ДАШТ-ий хошой мөнгөн медальтай бөгөөд Ази тивийн мөнгө, Европын АШТ-ий хүрэл медальтай тамирчин юм. Харин Ц.Хүдэрчулуун гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн цолтой бол Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн дэлхийн аварга, жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Монгол Улсын баг өнөөдрийн байдлаар гурван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар 89 орноос 11 дүгээр байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.