Дарьгангын нэрт морин хуурч Ш.Сааралын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан энэ сарын 9-11-нд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт болно. Дарьгангын 10 гаруй татлага байдаг ч өдгөө зургааг нь нэрт морин хуурчийн шавь, Монгол Улсын СТА Л.Цэдэвсүрэн өвлөн үлджээ.
Дарьганга ардын дуу, хөгжим аялгууг морин хуураар тоглох уламжлалыг сэргээх, дарьганга татлагыг олонд түгээх, өвлөн уламжлах зорилго бүхий тус уралдаанд морин хуур сонирхогч хүүхэд багачууд, ардын авъяастнууд, мэргэжлийн сургуулийн оюутан, театр, чуулгын хөгжимчид оролцох юм. Оролцогчид дарьгангын зургаан татлагаас харцага зээрд, ширүүн хар гэсэн хоёр татлагын аль нэгийг нэгдүгээр шатанд тоглох бол хоёрдугаар шатанд нүцгэн цавьдар татлагыг, харин гуравдугаар шатанд бусад татлагаас аль нэгийг сонгон тоглоно.
Дарьганга татлагын анхдугаар уралдааныг аймгийн Болосврол, соёл, урлагийн газар, “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр, Монгол үндэстний соёлын өвийн төв хамтран зохион байгуулна. Уралдааныг урлаг соёлын нэр алдартай зүтгэлтнүүд, морин хуурчид шүүх аж.