Categories
мэдээ цаг-үе

Далхаагийн Норов: Нутгийн хөгшчүүл намайг “Жиргээгийн хүү” л гэдэг байлаа

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө. Эл эрхэм “Өнийн цэнхэр уулс”, “Уулсынхны туужис”, “Цэцгийн гурван сар”, “Хөх сайрын чулуу” туужийн түүврүүд, “Алтан богдын шил”, “Уулын хөх сүүдэр” романууд, “Yхлийн тухай өгүүллэгүүд”, “Хөх туужис”, “Yхэл хүлээх газар”, “Хүйтэн цуст” бүтээлүүд хэвлүүлсэн, Монголын хүүрнэл үгийн их мастер юм. Түүний “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын Төмөр”, “Ноён солиот” дэлгэцийн бүтээлүүдээс гадна “Эцсийн тушаал” теле жүжиг, “Босго тотго” олон ангит кино нь үзэгч олны сэтгэлд үлдэцтэй бүтээл болсон байдаг.

-“Мөнхийн дуудлага”, “Тэжээвэр” алдартай туужуудын загалмайлсан эцэг юу туурвиж буй бол гэж уншигчид хүлээлттэй байгаа нь лавтай. Уран бүтээлийн ганзага хэр баян байна?

-“Тэнгэрийн онго” гэж нэрлэсэн кино бичиж дууслаа.

-Бөөтэй холбоотой бүтээл үү?

-Үгүй юм аа. Киноны үйл явдал “Монголын нууц товчоо”-нд Тэмүжиний найман шаргыг дээрэмчид аваад, Тэмүжин араас нь нэхэж авчирсан тухай гардаг тэрүүхэн хэсгээс сэдэвлэсэн юм. Ердөө зургаан хоногийн явдал шүү дээ. Бичээд найруулагчдаа өгчихлөө. Энэ зүгээр нэг жижиг сажиг хулгай биш юм аа. Тэр хэсгийг задлаад, манай утга зохиолын хэлээр ургууллаа гэх юм уу.

-За, яаж ургуулав?

-Манайхан “Жаргалын найман морь” ч гэдэг найман хөлөг байдаг даа. Зарим судлаачид “Найман шарга морь биш ээ, зарим нь өөр зүсмийнх байсан. Алагтай адуу байсан” гээд янз бүрээр л тайлбарлаж таамагласан юм зөндөө байдаг. Тэр үед Чингистэй өвөр түрийдээ орж байсан улс манайд чинь зөндөө байдаг шүү дээ. Би кинондоо найман шаргаар л авсан. “Нууц товчоо”-нд “Найман шарга” гэж тэмдэглэсэн учраас тэрүүгээр нь авахад л хангалттай. Найман шарга агт адгуулаад байж байгаа хот айл гэдэг мэдээж хэрэг наян адуутай байсан байж таараа. Тэр дундаас найман шаргыг тасалж аваад, гаднаа нүд хариулаад байж байна гэдэг нэлээд онцгой адуу яа даа. Юундаа онцгой байх вэ гэдгээс ургуулан бодож байгаа юм. Хоёрдугаарт, есөн хөлт туг гэж байна аа. Голын цагаан сүлдээ тойрсон найман туг бол найман шарга морины бэлгэдэл юм. Бид хялбарчлаад дөрвөн зүг, найман зовхис гэж яриад байдаг болохоос монгол зүг чиг үндсэндээ арав байдаг. Хавтгай дээр л яриад байдаг болохоос дээшээ, доошоо хоёр зүгээ мэддэггүй. Найм, арав хоёрын завсрын тоо бол ес. Тэнгэр шүтлэгийн орой учраас цагаан сүлд голтойгоо ес болж байгаа юм. Тэгэхээр найман шарга агт, есөн цагаан туг хоёр язгуураасаа нэг амьтай байгаа биз.

-Таны бодсоноор бол тэр тодорхой болох нь л дээ?

-Энийг би ургуулахдаа дүр амилуулсан юм. Наана байгаа дүрүүд бол Тэмүжин, Өүлэн эх гээд тодорхой. Цаана байгаа икс дүрүүд л их учиртай. Найман шаргыг зургаан хоногийн газар аваад явчихна гэдэг зүгээр нэг хаяагаа хадарсан хулгайчийн үйлдэл биш. Дамжуулаад хөөчихсөн байж таарна. Зургаан хоног өвсний налархайгаар мөрдөнө гэдэг ч жирийн нэг юм биш. Найман шаргыг Мэргид, Тайчууд, Татаарууд, Найман, Хэрэйдийн аль нь ч ирж аваагүй. Тэр хэн байх вэ гэвэл Алтайд нэг гараад, говь руу нэг ороод, Хангайд нэг нутаглаад явдаг хэсэг бүлэг хэсүүлч тэнүүлч нөхөд байсан хэрэг. Энэ дүрүүдийг л ургуулж босгосон хэрэг.

“Алтан Богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ

Алтан гургалдайн жиргээнд

Агт морин сульдана” гэх дуунаас бүхэл бүтэн роман ургуулчихдаг туурвигчид найман шаргын хулгайгаас үүтгэн кино бичнэ гэдэг ч ёстой амархан хоол биз дээ?

-Уран саналга гээч юм л явж явж кино ч бай, тууж ч бай, ямар ч уран бүтээлийн амин сүнс нь болдог.

-Таны “Тэжээвэр” туужийг балчир ахуйдаа уншиж шүтэн биширч байснаа одоо ч мартдаггүй. Энэ туужийнхаа санааг яаж олов?

-Геологичдын тухай зохиолын уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж геологичидтой уулзаж, судалсаар санаа сэтгэлдээ Гөлгөө гэдэг хүний дүрийг босгоод авлаа. Ээжийгээ, дүү нараа тэжээгээд бүтэн сар амьдарчих мөнгөөр ганцхан орой наргичихдаг тийм залуус ч байх. Хүн хүний амьдрал, хувь тавилан социализмын үед ч өв тэгш байгаагүй. Дээртэй доортой л байсан. Тэр үзэл санаа, ариун мөн чанар руу явсаар Гөлгөөгөөс Цэнгэлийн дүр ургаж гарсаар байгаад би биш Гөлгөө тэр туужийг аваад явчихсан. Харин миний хувьд бодох гэж л хэдэн цагаан үс нэмсэн байх. “Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл юм. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа.

-“Тэжээвэр” чинь уралдаанд яав?

-Түрүүллүү, яалаа. Шагналд овоо хэдэн цаас авч эхнэртэйгээ явж, гурван хаалгатай шүүгээ авч байсан юмдаг.

-Зохиолч болчихлоо доо гэж өөрийгөө анх тоох сэтгэгдэл төрүүлсэн бүтээл чинь юу бол?

-Зохиолч ч юм уу, юу ч юм өөрийгөө сайн мэдэхгүй явсан үе бий. Шаргад байхдаа бригадын төв рүү явахад сумын холбооноос боодолтой сонин явууллаа. Төлийн штаб дээр боодолтой сонин аваачиж өглөө. Цай ууж суугаад “Залуучуудын үнэн” сонин харж байсан чинь “Наранбулаг” өгүүллэг маань, миний товч намтартай гарчихаж. Тэгэхэд надад их хачин сэтгэгдэл төрж байсан. Миний анхны өгүүллэг хэвлэгдэж байгаа нь тэр шүү дээ.

-Өгүүллэгээ сониноос хараад яав?

-Сэмхэн боогоод орны доогуур шургуулчихаад яваад өгч билээ. Нэг л хачин санагдаад байсан. Зохиолч болох гэдэг өвчин чинь их эрт эхэлсэн дээ. Өөрөө мэддэггүй л байсан болохоос арваад наснаас эхэлсэн хэрэг. Зохиолч гэж өөрийгөө мэдэрсэн гэдэг бол ер нь хожуу шүү. “Эцсийн тушаал” жүжгээ бичсэн үе.

-Мянга есөн зуун наян есөн он байх шүү?

-Халхын голын ойд зориулж бичсэн юм чинь тэр үе л байх нь. Тэр жүжгээ эхлээд үзсэн чинь нэг л бууж өгөхгүй байгаа юм шиг хачин санагдаад байсан. Тэгсэн чинь манай хадам эгч хөдөөнөөс ирчихээд байхдаа үзсэн юм билээ. Тэгээд явахдаа эхнэрт маань “Чи ийм сайхан бүтээл бичдэг хүнийг гомдоов зай” гэж захисан гэдэг. Тэр үгийг сонссоны дараахан “Би чинь нээрээ зохиолч болчихсон юм биш үү” гэж бодсон. Тэгээд “Тэжээвэр”, “Сэрвэгэр хадны зэрэглээ”, “Хөх тавилан” туужууд гараад “За ямар ч байсан зохиолч болсон юм байна” гэж ойлгох болсон доо.

-Хөдөө нутагтаа уурын зуухны галчаар ажиллаж байхдаа, эмчийн алба хашиж байхдаа уран бүтээл хэр их бичиж байв?

-Ер нь их бичээгүй шүү. Харин Анагаахын сургуульд сурч байхдаа, хөдөө ажиллаж байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан маань бичих сургууль болсон байх. Эхэн үедээ хийсэн, хийх зүйлээ бичдэг байлаа. Сүүлдээ бодсон юмаа бичдэг боллоо. Тэгээд толгой холбож бичдэг болсон. Гомдож, баярлах, уурлах, хүсэл мөрөөдөл оргилсон бүхнээ бичдэг боллоо. Өгүүллэг бичих оролдлого Шарга суманд ажиллаж байхад төрж эхэлсэн. Хоёр ч тууж бичих гэж оролдсон байгаа юм. Тэр хоёр одоо хэвээрээ байж байг гэж боддог юм. Хүүхдийн гэгээн, гэнэн сэтгэлгээ бүгд шингээстэй байдаг юм. Би одоо тэр хоёрыг гүйцээгээд бичиж болно л доо. Гэхдээ анхны үеийн тэр хэл, сэтгэлгээ одоо байхгүй болчихсон байгаа юм.

-“Алтан Богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг цүнхтэйгээ алдсан гэдэг. Хоёрдугаар дэвтрийг нь бичээ юү?

-Би тэр романаа наяад оны сүүлээр бичсэн. Түүнээс хойш нийгэм өөрчлөгдсөн. Хоёрдугаар дэвтрээ бичиж дуусгаад Орос руу унших гэж авч яваад алдчихсан. Утга зохиолд дүрслэлийн хэл гэж байдаг даа. Дүрслэлийн хэл гэдэг зүгээр нэг үг биш. Зохиолч бүр өөрийн хэлтэй. Би сүүлд тоймлож нэг юм тэмдэглэж авсан юм. Гучаад жилийн зайтай бичих гэж байгаа болохоор тэр дүрслэлийн хэл өөрчлөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ л бичихээс өөр арга алга даа.

-Ойрд ямар ном хэвлүүлэхээр төлөвлөж байна?

-Хүүхдэд зориулж насандаа ганц тууж бичсэн юм. “Дайны дараах намар буюу Алмаст уул” гэсэн нэртэй. Энийгээ одоо хэвлүүлдэг юм уу даа. Адал явдалт тууж юм. Арван хэдэн нас гэдэг агуу ихийн дэмийрэлтэй байдаг шүү дээ. Тэр тухай л юм. Одоо бас нэг тууж бичмээр санагдаа л байх юм. Цээжний гүнд нэлээд юм байна аа. Дотроос маажаа л байна.

-Таны аав, ээж зохиолч болоход тань нөлөөлсөн болов уу?

-Аав, ээж маань малчин удмын улс. Аавын талынхан олон үеийн уран дархчууд, анчид байснаас баян түшмэл, тайж язгууртан байгаагүй. Манай аав Далхаа цэрэгт мордоод, дөчин таван оны Чөлөөлөх дайнд явж Жэхэ хот ороод ирж байсан хүн. Ирэхдээ хоёр бөөр нь буудуулчихсан юм шиг цоорхой, ус гоожсон юм л ирж байсан гэдэг. Малын санитарын зургаан сарын курст суугаад цэргийн хорооны мал эмнэлгийн цэргээр явсан юм билээ. Идэш, унааны малын эрүүл ахуйг хариуцдаг байж. Японы хордуулсан худгууд замд нь их тааралдах. Ямар ч даргынхаа тушаалаар юм бүү мэд, хортой ус ууж морь нь хордож газар дээрээ үхээд, аав хордсон ч ямар азаар амьд гарсан юм, хоёр бөөргүй болоод ирж байсан байгаа юм. Ямар азаар тэр аюултай хор нь гадагшаагаа цохиж амь аврагдсан юм бэ дээ. Сумаар нэвт буудуулчихсан юм шиг сорвитой байдаг байсан. Аав харин хожим “Бөөр өвдөөд” гэдэггүй л байсан. Яс сайтайнх уу, ямар учиртай байсан юм бол доо. Аавыг маань манай нутгийнхан Жиргээ Далхаа гэдэг байлаа. Нутгийн хөгшчүүл намайг Жиргээгийн хүү л гэнэ.

-Аавыг тань яагаад тэгж нэрлэсэн юм бол?

-Хүн амьтан босоогүй үүр цүүрээр уул хаданд гараад адуу мал хараад явчихдаг тийм эртэч хүн байсан юм гэнэ лээ. Бид чинь эцэг эхээс арван хоёулаа. Муу аав минь арван хоёр хүүхдээ хулгай хийхээс бусдыг хийж амьдарсан даа. Би зулай дээрээ гишгэж төрсөн нэг эгчтэй, дороо арван дүүтэй хүн шүү дээ.

Дорнын цагаан саран

Аяыг Д.Баттөмөр

Сарны туяанд цэцэг ургана

Салхины сэвшээнд үлгэр урсана

Саруул хар нүдийг чинь санана

Салалтгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

Сарнайн дэлбээнд шүүдэр унана

Цагаан гэгээнд Хэрлэн урсана

Сайхан бор царайгий чинь бодно

Цаглашгүй мөнхдөө жаргаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

Занданы үнэрт салхин сэвшинэ

Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдлэнэ

Зөөлөн ээл зангий чинь хүснэ

Хэмжээлшгүй ихээр хайрлаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа

“Эцсийн тушаал” жүжгийн дуу

Аяыг Ц.Чинзориг

Хүлгийн сайныг унасан юмсан

Хүний дээд нь явсан юмсан

Хүүгээ үнсэж амжаагүй юмсан

Хүслээ гүйцээж чадаагүй юмсан

Наран зүгээс чамайгаа ирнэ гэж

Насаа марттал хүлээж суугаа

Амьдралд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Ээжийн аавын энхрийхэн юмсан

Эгэлхэн зөөлхөн зантай юмсан

Эргэж уулзахаар болзсон юмсан

Элгээ дэвттэл учирна гэсэнсэн

Халхын голоос чамайгаа ирнэ гээд

Хатуу орчлонг зөөллөн хүлээлээ

Хайранд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Уулын уснаас амссан юмсан

Усны чулуунаас авсан юмсан

Уужим саруул ухаантай юмсан

Уртын дуундаа хайртай юмсан

Ялалтын морьтой чамайгаа ирнэ гээд

Янагийн дуугаа дуулж сууна даа

Амьдралд мөнхөрсөн

амраг минь ээ хө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *