Манай оронд зохион байгуулж буй “Далай ээж” олон улсын эко соёлын аян энэ сарын 10-17-нд Хөвсгөл нуур, Хатгал тосгонд үргэлжилж байна.
Аянд оролцогч дотоод, гадаадын байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, дуучид, зураачид, хуульчдын баг Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн маршрутаар урлаг, соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал хийн, орон нутгийн иргэдтэй уулзан явж байна.
Төлөөлөгчид энэ сарын 10-нд Орхон аймагт сурын харваа, хурдан морины уралдаан үзэж “Наадам фестивал” зохион байгуулсан бол 11-нд Мөрөн хотод ирж урлагийн тоглолт хийгээд Хатгал тосгонд энэ сарын 12-13-нд “Далай ээж” олон улсын уран зургийн төслийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлж, нуураа хамгаалах талаар дотоод, гадаадад анхааруулах зорилготой олон улсын “Далай ээж” эко соёлын аяны оргил ажиллагаа энэ сарын 14-нд Хөвсгөл нуурт, “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр боллоо. Аянд оролцогчид “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр урлагийн тоглолт хийж, нутгийн иргэдтэй хамт далай ээж нуураа хамгаалахыг уриалан уухайлсан юм. Энэхүү урлагийн тоглолтыг эко соёлын аянд оролцож буй хөөмийч Ц.Мөнгөншагай “Далай ээж”-ийн магтаалаар хөөмийлж хуурдан эхлүүлсэн юм.
Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг, монголчуудын хувьд “Далай ээж” гэж шүтэн хайрлаж, хамгаалдаг дэлхийн эртний нууруудын нэг юм. Гэвч нуур орчмын 100 км-т уул уурхайн ажиллагаа эхлүүлэх, төмөр зам барих, өвөл нуурын мөс цөмөрч машин живэх зэргээр нуур болон нуурын эргэн тойрныг бохирдуулах нь сүүлийн жилүүдэд ихэссэн.
Одоогийн байдлаар нуурт 30-40 машин живсэн байна. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах талаар олон улсын анхааралд оруулж, улмаар дэлхийн өвд бүртгүүлэх нь чухал болсныг “Далай ээж” олон улсын эко аяныг зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү аянд найман орны олон улсын зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч, идэвхтэн, судлаачид 25 төлөөлөл оролцож байгаа юм.