ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………
Монгол Улсын баатар С.Дампилын охин Д.Сэлэнгийн яриаг эх сурвалж болгож манай сурвалжлагчийн хийсэн тэмдэглэлийг толилуулж байна.
ДАМПИЛ БААТРЫН ҮР АЧ 30 ГАРУЙ ХҮН БАЙНА Дэлхийн их дайны сүүдэр Ази-Европыг бүрхэж асан тэртээх он жилүүдэд эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан дайчин хөвг үүдийнхээ гавьяаг түүх мартахгүй. Дампил баатар үр хүүхдүүддээ “Аав нь дайны талбарт дайчин явлаа. Энх цагт эмч байлаа” гэж бахархан ярих дуртай нэгэн байжээ. Дампил Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Пунцагийн Нинатай ханилж найман үрийн эцэг эх болсон ч ууган охин, отгон хүү хоёр нь бага ахуйдаа бурхан болжээ. Баатрын гэргий Нина “Хэрлэн” ресторанд мастер тогоочоор ажиллаж байсан ч цэл залуу 34-хөн насандаа өөд болсон байна. Охин Д.Октябрь, Д.Мягмарсүрэн нар ээжийнхээ мэргэжлийг өвлөн тогооч болсон бол удаахь охин Д.Наранцэцэг нь загвар зохион бүтээгч юм байна. Хүү Д.Болдбаатар хөгжимчин болж, бас нэгэн хүү Д.Батбаатар нь эдүгээ БНСУ-д ажиллаж амьдарч байгаа аж.
Насаараа цэргийн госпитальд чих, хамар хоолой, дотрын эмчээр ажилласан аавынхаа мэргэжлийг бага охин Д.Сэлэнгэ нь өвлөж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 24 дэх жилдээ сувилагчаар ажиллаж байна. Сэлэнгэ уг нь Анагаахын дээд сургуульд элсэн орсон ч хоёрдугаар курст байхдаа үхсэн хүнээс айснаас болж оюутны ширээгээ орхиж байсан гэнэ. Гэвч, сувилагч болоод хоёр жилийн дараа эмнэлгийн хүндэт самбарт зураг нь тавигдахад “Миний охин л аавынхаа эмч мэргэжлийг өвлөсөн шүү. Эмч болоогүй ч гэлээ миний охин ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаарай. Хүнийг гэсэн сэтгэл байхад үйлс бүхэн чинь бүтнэ” гэж захидаг байсан нь баатрын хүн чанарын илэрхийлэл буюу. Сэтгэл нь хөдлөхөөрөө “Халуун элгэн нутаг”-ийг дуулах дуртай баатрын найз нар нь төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав, ардын жүжигчин Г.Бирваа нар байж. Гайтав найрагчийг гэртээ ирэхээр дундаа “сто грамм” тавьчихаад орос, монголоор ярьж, найраг шү- лэгт нь уярсан шиг суудаг нь охиных нь сэтгэлд мөнхөрчээ. Дампил баатрын төрсөн дүү С.Жамьян Архангай аймгийн Цэнхэр сумандаа насаараа амьдарсан хөдөлм өрийн баатар нэгэн юм байна. Баатрын үр ач нийлээд 30 гаруй хүн болжээ. Дайн тулаан дуусч энх цаг эхлэхэд Ю.Цэдэнбал дарга Дампилаас ирээдүйнх нь зорилгыг асуухад эмч болох хүсэлтэйгээ уламжилснаар МУИС-ийн Анагаахын сургуулийн эмчийн ангийг дүүргэсэн гэх.
С.Дампил байлдааны фронт дээр гавьяа байгуулсан учир 23-хан насандаа БНМАУ-ын баатар цолоор шагнагдаж байсан түүхтэй. Эдүгээ охин нь үр хүүхдүүддээ “Өвөө чинь та нарын насан дээр улсын баатар болж байсан юм шүү” гэж ухаарлын үгээ хайрлаж явна. Хойч үедээ сайны жишээ болсон Дампил хэмээх тэр монгол эр ямар намтар түүхтэй хүн юм бол гэж багахан ч болтугай сонирхлоо. ЗОВЖ ЗҮДСЭН БАГА ЗАЛУУ НАС БНМАУ-ын баатар, хүний их эмч, хошууч С.Дампил Архангай аймгийн Булган сумын анчин Жамьянгаравын хүү болон 1922 онд Урд Тамирын голын хөвөөнд мэндэлжээ. Эцэг эх хоёр нь амьдралын эрхээр хүүгээ хоёр настай байхад Цэнхэр сумын Санги, эхнэр Долгор нарт өргүүлсэн байна. Хүүг найман настай байхад өргөмөл эх нь нас барж, хойт эх Дэжидийн гарт үйлээ үзэх болсон гэдэг. Эцэг Санги нь хүүгээ хатуу эхийн царай харуулсандаа гэмшиж лам болгохоор Бүргэдийн хийдэд ах ламындаа аваачиж өгчээ. 11 настай хүүг ах лам ч авран энэрсэнгүй ходоодтой нь ярьж, гөрмөл суран ташуураар хайр гамгүй шавхуурддаг байж. “Хоньчин Найдан”, “Сурагч Ганбат”-ын бодит тавиланд нэрвэгдсэн Дампилыг багш лам нь хаврын хүйтэн салхинд нүцгэлэн, шургааган хашаанаас дүүжлэн хүлж ташуурдсаны улмаас ухаан сэхээ орохгүй хэд хоног халуурч хэвтсэний эцэст холхон өртөө газарт байдаг эцгийнх рүүгээ оргосон гэдэг.
Тийн оргохдоо Цэцэрлэгийн голын усанд унан амиа алдах шахаж “Тунгалаг Тамир” кинон дээр гардагчлан “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэж балчир оюундаа мэгшин мэгдэн явжээ. Хөдөө гадааны ажилд овоо зүгшрэн албин аашт хойт эхийн аргыг олсон шиг амь зууж байтал 16 насанд нь харж хандах ганц хүн болох эцэг Санги нь бурхан болов. Үхснийхээ хойноос үхдэггүйн жамаар тэрээр 18 нас хүртлээ нутгийн баячуудын олон зуун адууг оторлуулж, хот хороо, мод чулууны аль л хатуу бэрх ажлыг нугалсаар эр цээлжээ. ЦЭРЭГТ МОРДОВ 1940 онд 18-тай Дампил сайн дураараа цэрэгт мордов. Шинэ цэрэг Дампил 1940 оны долдугаар сарын 21-нд зүүн хязгаарт очиж, Матад дахь наймдугаар морьт дивизийн ахмад Янживын удирдсан нэгдүгээр сумангийн нэгдү- гээр салаанд түрүүч Ц.Содномдаржаагийн тасгийн байлдагч болж цэргийн алба хааж эхлэв. Цэргийн албыг тэр нэр төртэй хааж, мэдлэг чадвараар өөрийгөө цэнэглэж эхэлжээ. Бичиг үсэггүй хөдөөх эр ар гэртээ захиа бичиж сурлаа. Зэвсэг техниктэй харьцаж сурлаа. Нэг ёсондоо нүд нь нээгдэв.
Цэрэгт ирээд хагас жил болоод хөнгөн пулемётын наводчик болов. Цэргийн эрдэмд цагааширсан Дампилыг Халх голын байлдаанд оролцсон туршлагатай пулемётчин Дарьсүрэнгийн туслахаар томилов. 1943 оны хавар С.Дампил хугацаат цэргийн албаа хаагаад халагдах тушаалаа хоног тоолон хүлээж суутал дээд газрын тусгай шийдвэрээр хуучин цэргүүдийг халахыг хойшлууллаа. Тэр бүхий л талаараа өв тэгш байлдагч байсан гэдэг. Нэг жишээ дурдахад л 1943 онд Хуягт бригадын бие бүрэлдэхүүний дунд зохиогдсон 16 км-ийн явган маршийн тэмцээнд тэмцээнд пулемётчин Дампил пулемётын суурь эд анги үүрч оролцон тэргүүн байр эзэлж 50 төгрөг, үнэмлэхийн хамт шагнуулж байжээ. ДАЙНЫ ТАЛБАРТ ДАЙЧИН ЯВЛАА Пулемётчин, бага дарга С.Дампил 1945 оны наймдугаар сарын 19-22-нд Чуулалт Хаалган, Жанчхүүгийн даваанд болсон байлдаанд гарамгай гавьяа байгуулсан эх орны үнэнч хөвгүүн билээ. Байлдааны талбарт эрэлхэгээр тулалдсан эрхэм дайчны ялалтын хагас хугасыг толилуулъя. Хошууч Сосорын удирдсан анги давшилтад ороход тэрээр өөрийн талын зүүн гарыг галаар хангах үүрэг авч тушаалыг ёсчлон биел үүлж байв. 500 метрийн зайнаас суман мөндөр шаагиулж байсан дайсны хүнд пулемётыг мэргэн галаар устгаагүй бол хичнээн аавын хүү амиа алдах байсныг хэн хэлж мэдэх билээ. Дампил нэгэнтээ туслах Жамбаагийн хамт дайсны галын цэгт 100 метр ойртож устгаснаар салаа нь ашигтай байр эзлэн дайсанд хүнд цохилт өгч байв.
Тэрчлэн эрэлхэг байлдагч маань Японы танкийн саадыг эзлэн урагш давшихдаа 20 гаруйхан метрийн цаанаас буудалцаж байсан дайсны мэргэн буудагч руу гранат шидэж устгажээ. Энэ бүхнийг энгийн үгээр бичихэд хялбар боловч амь наана, там цаана тэмцэлдэн тулалдаж байсан тэр хүнд өдрүүдэд өгүүлэхийн аргаг үй тэсвэр тэвчээр хатан зоригийн жишээ болгохоос аргаг үй байсан нь ойлгомжтой. Салааных нь өөдөөс галлаж ганц ч алхуулахгүй байсан дөрвөн самурайг тасгийн дарга, түрүүч Сэдбазарын хамт онь холбон буудаж устгасан мэргэн буудагч бол Дампил аргагүй мөн билээ. Тулалдааны талбарт хүзүүндээ бичиг зүүн ар өвөр тийшээ холбоо барин гүйж байсан япон цэргийн тусгай сургуультай холбоочин нохойг С.Дампил устгаж, байлдааны нууц холбооны мэдээг дарга нартаа дамжуулснаар дайсны маневр, хүчний байдал, тактикийг илрүүлэн үлэмж тус хүргэж байсан байх юм. Эр зоригт дайчин Дампил холбоочин нохойг устгасныхаа дараа амьд хэл олзлохоор шийджээ. Тэрээр манай дайчдын давшилтыг саатуулан нуувчнаас буудалцаж байсан япон офицерын дээрээс дайран орж ноцолдож гарчээ. Том бие хаатай, гардан байлдах бэлтгэл сургууль сайтай, бүл чадалтай мөнөөх япон юу л боллоо гэж зүгээр байж байгаад баригдахыг хүсэх вэ дээ.
Эсрэгцэн ноцолдсон мань хоёр уулыг тал болтол дээр доороо орсоор танкийн гүн сааданд унах үед адууны чихтэй ноцолдож өссөн монгол хүү самбаачлан багалзуурдаж муужруулаад хоёр гарыг нь ар нуруунд нь янгинатал хүлчихээд тамхиа баагиулж суусан нь харсан тэнгэр аргагүй ивээснийх байсан биз ээ. Тэр япон офицерын цүнхэнд байлдааны олон янзын баримт бичиг, схем гээд маш чухал зүйлс байсан гэдэг. Эрэлхэг пулем ётчин С.Дампилд 1945 оны есдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын баатар цол шагнаж, баатрын алтан таван хошуу медаль, Сүхбаатарын одон гардуулж өгчээ. Дампил баатар 1991 оны хоёрдугаар сарын 6-нд таалал төгсчээ. Гэвч, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрласан түүний гэгээн үйлс эдүгээ ч үр ач, залгамж хойчид нь бахархал болсоор ажгуу.
Л.БАТЦЭНГЭЛ