Оросын томоохон тэрбумтангууд болох Михайл Фридман, Олег Дерипаска нар дайны эсрэг байгаагаа илэрхийлжээ. Оросын хамгийн том, хувийн “Альфа” банкийг үүсгэн байгуулагч, “LetterOne” хувийн хөрөнгө оруулалтын компанийн эзэн Фридман өөрийн ажилтнууддаа илгээсэн захидалдаа дайны эсрэг байгаагаа мэдэгдсэн байна. Фридман нь Украины Львов хотын уугуул бөгөөд эцэг эх нь одоо ч тэнд амьдардаг аж.
“Миний амьдралын ихэнх хэсэг Орост өнгөрч, энд бизнесээ босгосон. Украин, Оросын ард түмэнтэй маш гүн холбогдсон хүний хувьд би энэ зөрчлийг хоёр үндэстний аль алинд нь тохиолдсон эмгэнэлт явдал гэж үзэж байна” гэж Фридман өөрийн захидалдаа бичжээ. 2021 онд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 128 дугаарт эрэмбэлэгдэж байсан тэрбээр “Би бол Орос, Украинд олон мянган ажилтныхаа өмнө хариуцлага хүлээдэг бизнесмэн хүн. Дайн хэзээ ч шийдэл байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг. Олон зуун жилийн турш ах дүүгийн хэлхээ холбоотой байсан хоёр үндэстэн энэхүү хямралын үр дүнд хоёулаа хохирч, олон хүний амь үрэгдэх болно” гэж бичсэн байна.
Оросын хөнгөн цагааны үйлдвэрийн аварга компани “Русал”-ыг үүсгэн байгуулагч, одоо ч уг компанийнхаа хувийг Лондонд бүртгэлтэй “EN+ Group”-ээр дамжуулан эзэмшдэг Олег Дерипаска барууны хэвлэлд дайныг эсэргүүцсэн ярилцлага өгч, телеграм сүлжээний өөрийн хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ “Энх тайван хамгаас чухал” гэж бичээд энхийн яриа хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Кремлийн эрх баригчидтай холбоотой гэх шалтгаанаар тэр 2018 оноос хойш АНУ-ын эдийн засгийн хоригт байгаа юм. Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсонтой холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг шат дараатай аваад байна.
Үүний улмаас Оросын хөрөнгөтнүүд асар их алдагдал хүлээх нөхцөлд ороод байгаа юм
Г.АМАРСАНАА