Categories
арын-нүүр мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дадал DNN.mn

Тамирчид нэг дасгал хөдөлгөөнөө өдөр бүр, тогтмол хийдэг нь дадал болгох зорилготой юм. Үндэсний бөх, чөлөөт бөх, жүдогийнхон хэдхэн мэхээ өдөр болгон давтдаг. Нэг мэхийг 10-12 мянган удаа давтаж байж дархан мэх болдог гэж ярихыг бөхчүүдийн амнаас олонтаа сонссон. Ганцхан мэхийг 12 мянган удаа давтана гэхээр ямар их хүч чадал, цаг хугацаа, хөдөлмөр шаардах бол. Дархан мэхтэй бөхчүүд тэр мэхээ өөрийн болгохын тулд хичнээн хөдөлмөрлөж вэ гэдэг нь ч харагдаж байна.

Хүн муу зуршлаасаа салъя гээд ганц хоёр өдөр зүтгээд хийчихдэг юм биш. Олон сарын турш, уйгагүй дадуулсны үр дүнд л муу зуршлаасаа бага багаар салдаг. Монголчууд буруу хооллолттой, амьдралын хэв маяг нь эрүүл биш. Ус шингэн зүйл уудаггүй, өлсөж гүйж гүйж байгаад гэнэт их хоол иддэг, унтахын өмнө махан хоол иддэг, огт алхдаггүй, тамхи татдаг, гар утсанд донтсон гээд муугийн жишээ олон. Жишээ нь, ус ууж чаддаггүй хүн бий. Эхний хэдэн өдөр ус уухад хэцүү. Саванд ус хийж хажуудаа тавиад, хаа ч явсан биеэсээ, цүнхнээсээ салгахгүй байх. Гол нь гэнэт ихээр биш, ойр ойрхон шимж бага багаар уух. Ингэж зөв зохистой орсон ус бодисын солилцоог дэмжиж, булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Хүний биеийн 70 хувь нь ус. Усыг биедээ зөв оруулсан тохиолдолд түүний хийх эерэг нөлөөг энд тоочоод дуусахгүй. Эхний 2-3 хоногт усыг ийн ойр ойрхон шимээд ууж сурвал дараа дараачийн өдрөөс таны бие ус нэхэж, өөрийн мэдэлгүй ус руу гар, хөл тань явна. 14 хоног ус уугаад сурчихвал түүнээс цааш хэн ч танд сануулаагүй байхад та өдөрт хоёр литр ус уучихсан байх болно. Дадал ингэж л суудаг. Эрүүл амьдралын хэмнэлтэй хүмүүс зөв дадлыг амьдралдаа суулгаж чадсан байдаг.

Биеэ юунд дадуулах вэ гэдэг нь эзэн танаас л хамаарна. Харин нэгэнт дадсан зан үйлийг барагтай бол болиулж чадахгүй.

Ингэхээр танд бие, сэтгэлээ буруу хэв маягт сургах уу, эрүүл зөв хэв маягт дадуулах уу гэсэн хоёр сонголт байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *