ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.
-Хятадын коммунист намын их хурал олон улсын анхаарлыг татдаг том үйл явдал. Хятадын шинэ засаг Монголд ямар бодлого явуулах бол. Хэр найзархаг юм уу дайсагнасан байдалтай байх вэ?
-Судлаачийн хувьд өөдрөгөөр харж байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг даа. Манай хоёр талын харилцааг найзархаг, дайсагнасан гэж төсөөлөхөөсөө илүүгээр хэн хэнд маань мөнхийн эрх ашиг гэж байдгийг мартаж болохгүй. Цар тахлын хүндрэлийг даван туулсны дараагаар бидний харилцаа өмнөхөөсөө ч илүү түвшинд гарна гэдэгт найдаж байна. Гүйцэтгэх засаглалын хүмүүс нь солигдсон ч төрийн, тэр дундаа гадаад бодлогод нь зарчмын өөрчлөлт тэр бүр ороод байдаггүй нь дорнын улс орнуудын түүх, соёлтой холбон тайлбарлаж болох юм.
-Саяны хурлаар бараг Си Жиньпинээс бусад нь солигдох шиг боллоо. Си Жиньпин манай улсад айлчлахдаа “Хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжинө” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байсан. Түүний энэ амлалтыг одоогийн шинэ засгийн бүрэлдэхүүн хэрхэн биелүүлнэ гэж харж байна вэ. Шинээр томилогдох Гадаад хэргийн сайд нь манай улстай баримтлах бодлого нь ямар байх бол?
-Улс төрийн хорооны бүрэлдэхүүн насны хувьд арай залуужиж, талаас илүү хувь нь шинэчлэгдсэн байх. Си Жиньпиний манай улсад айлчлахдаа УИХ-ын индэр дээрээс хэлсэн уриалга бол хий хоосон зүйл биш байх аа. Ерөнхийдөө их гүрнүүд өөрсдийн хил залгаа юм уу, эрх ашиг байгаа улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, тогтвортой байдлыг хадгалахыг хүсдэг нь ажиглагддаг. Түүнээс гадна уламжлал, шинэчлэлийн асуудал байгаа тул эрс тэс, өөр бодлого явуулна гэж байхгүй. Тиймээс ямар ч хүн Гадаад хэргийн сайд болсноор манай хоёр улсын харилцаанд зарчмын өөрчлөлт гарахгүй гэдэгт найдаж байна. Аль ч талд харилцааны хүрсэн түвшнээ ахиулах хүсэл сонирхол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-Таван жилд нэг удаа болдог энэ удаагийн ХКН-ын хурлаар тус улсын Гадаад хэргийн сайд тушаал дэвшиж Улс төрийн хороонд сонгогдлоо. Тэрбээр “Дайчин чонын дипломат арга барил”-ыг хөгжүүлсэн нь ингэж үнэлэгдсэн гэжээ. Яагаад ийм бодлого гаргах болов. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Их гүрний улс төрийн томоохон үйл хэрэг тул бүх дэлхийгээрээ л анхааран ажиглалаа. Дипломат албаны арвин туршлагатай, хамгийн гол нь 2013 оноос Гадаад хэргийн сайдаар тасралтгүй ажилласан Ван И Төрийн зөвлөлд, албан тушаал ахихаар болсон нь нэг талаасаа түүний хийж гүйцэтгэсэн ажилд өгсөн үнэлгээ болов уу. Таны асуултад дурдсан “Дайчин чонын дипломат бодлого” гэсэн нэр томьёоны хувьд бол арай өөрөөр тайлбарлаж болмоор санагдаж байна. Яг ийм нэртэй бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн үү гэдэг чинь л өөрөө асуулт шүү дээ. Би нэр томьёоны хувьд л ярьж байгаа шүү. 2015 онд анхны анги нь дэлгэцэнд гарсан “Дайчин чоно” (Wolf Warrior 战狼) нэрт, зодоонт төрөлд багтдаг Хятадын уран сайхны кинотой холбодог юм билээ. Харин улс төрийн хэрэглээнд орсныг бол 2020 оноос эхтэй гэж судлаачид хэлдэг. Тухайлан, цар тахлын дэлгэрэлтийн эхэн үеэс гэж үзээд байх шиг. Тэрнээс биш Хятадын төр засаг, дипломат бодлогодоо албан ёсоор хэрэглэж байгаа томьёолол биш. Энгийнээр жишиж хэлбэл манай “Гуравдагч хөрш”-ийн бодлоготой адилтгаж болно гэх юм уу даа. Гадны судлаач, улстөрчид биднээс сонирхоод, асуугаад байдаг бие даасан баримт бичиг байхгүй шүү дээ. Харин гарал үүслийн хувьд өрнөдийн судлаач, сэтгүүлчид хятад киноны нэрээр төлөөлүүлж анх хэрэглэсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй байх. Тиймээс цаг хугацааны хувьд энэхүү томьёоллыг хэрэглэж эхэлсэн цаг хугацааны өмнөх болон дараах гэж хувааж үзэж болохоор санагдаж байна.
-Бээжинг дагахгүй байгаа улсуудад шахалт үзүүлэх бодлого гэж олон улсад зарлаж байсан шүү дээ. “Дайчин чонын бодлого”-ыг аль, аль улсад хэрэгжүүлсэн бэ?
-Олон улсад зарласан гэдэг нь ямар утгаар хэрэглэхээс л болох байх. Өмнө хэлсэнчлэн Хятадын төр засаг, дипломат албаныхан албан ёсоор зарлаж, мөрдөж эхэлсэн бодлого биш учраас дэлхийн ямар улсуудад хэрэгжүүлсэн гэдгээр ярих боломжгүй. Түүнээс гадна олон улсын тавцанд Бээжингийн засаг захиргаатай сөргөлдөж байгаа улс орон тийм олон биш, тиймээс шахалт үзүүлэх бодлого гэж тайлбарлах нь бүр ч боломжгүй.
-Та дээр “Цаг хугацааны хувьд өмнөх болон дараах гэж хувааж үзэж болохоор” гэлээ. Хятадын энэхүү гадаад бодлогын эерэг болон сөрөг тал нь юу вэ. Тэд өөрсдөө энэ бодлогоос ямар үр дүн хүлээж байгааг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Цаг хугацааны хувьд л зарчмын гэж хэлж болохоор ялгаа гарсан учраас 2020 оноос хойших Хятадын гадаад бодлогын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж байж л тайлбарлаж болох байх. Таны асуусанчлан судлаачийн хувьд л хариулж чадахаар байна. Цар тахлын дэгдэлтийн эхэнд өрнөдийн улс орнууд Хятадыг буруутгаж эхлэх үеэс Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгчид улс орныхоо байр суурийг тайлбарлахдаа хэрэглэсэн үг хэллэг, биеийн хэлэмжийг хэлж эхэлсэн байдаг. Албан мэдэгдлүүд нь өмнөх үеэс ялгаатай болсонд маргах шаардлагагүй.
-Тэгвэл энэ нэрлэгдээд байгаа “Дайчин чонын бодлого” манай улсад хэрхэн нөлөөтэй вэ?
-Цар тахлын үеийн эхнээс өнөөг хүртэл манай хоёр талын харилцаа бусад улс орнуудтай харьцуулахад илүү сайн хөгжиж ирснийг та бид мэднэ дээ. Өмнөх Ерөнхийлөгчийн үеийн “Гучин мянган хонь”-ны дипломат үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж түүх болон үлдсэн. Хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тасралтгүй үргэлжилсээр ирлээ. Мэдээж хэрэг Хятадын төрөөс баримталсаар байгаа “Тэг Ковид” бодлого эдийн засаг, санхүүгийн хувьд бусад улсуудын адил бидэнд ч хүндээр туссаар байна. Бараг л таны асуудаг нэртэй нь холбогдуулж бодсон ч “Чоно үүрэндээ өлзийтэй” гэж үгээр егөөдөн тайлбарлаж болох юм шиг.
-Ер нь ардчилсан орнууд Хятадын коммунист намын дайчин чонын бодлоготой нүүр тулахад дипломат харилцаагаа хадгалсаар байх уу?
-Зөвхөн ардчилсан ч гэлтгүй бүх л улс орнууд цаашид Хятадтай тогтоосон харилцаагаа хэвийн хадгалахыг зорих биз. Яг үнэндээ бол гадныхны өгсөн сүржин нэрнээс болоод зарчмын ялгаа өөрчлөлт гарахгүй болов уу. Зарим судлаачдын бичиж байгаагаар өмнөх үеийнхнээс хавьгүй залуу, шийдэмгий түшмэд төрийн албанд гарч ирснээр тэднийг “Си-гийн дайчин чононууд” гэх болсон хэмээн ярих нь ч бий. Зарим хятад дипломатчын мэдэгдэлд олон улсын харилцаанд чоно шиг тоглогч олон болсон тул бид чоно шиг байж хариуг нь өгч яагаад болохгүй гэж хэлсэн байдаг.