Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ууганбаяр: “Тайга” бол цэвэр сэтгэлзүйн драмын бүтээл

“35 films”продакшн “Тайга” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тус киноны ерөнхий найруулагч, зохиолч Д.Ууганбаяртай ярилцлаа.

-Бараг л өдөр болгон нэг шинэ кино нээлтээ хийдэг болж. Эдгээрээс танай продакшны шинэ уран бүтээл юугаараа ялгаатай юм бэ?

-“Тайга” уран сайхны кино нь сүүлийн үед ихэд дэлгэрэх болсон инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид ялгаатай бүтээл юм. Цэвэр сэтгэхүйн драм буюу психологи жанрын уран бүтээл гэж хэлж болно. Үүгээрээ бусад уран бүтээлээс арай өөр зүйлийг үзэгчдэд өгөх байх. Түүнчлэн манай уран бүтээл олон улсын стандартад нийцсэн төдийгүй дуу дүрсний өндөр чанартай бүтээл гэж хэлмээр байна.

-Яагаад заавал энэ төрлийг барьж авч кино бүтээв?

-Мэдээж энэ төрлийг дуртай хүн болгон бариад байдаггүй. Ялангуяа кино урлаг нь арилжааны хэлбэрээр хөгжсөн манай улсад тийм ч зохистой биш л дээ. Гэхдээ манайхан нэг ташаа ойлголттой яваад байдаг. Монголчууд сэтгэхүйн драмм гээд ярихаар ойлгомжгүй, энгийн үзэгчдэд зориулагдаагүй, утга учиргүй зүйл мэт хүлээж авдаг. Тэгж ч ойлгодог. Яг нарийн судлаад үзвэл кино урлагт энэ төрөл нь дэд жанр гэгддэг. Сэтгэхүйн драм жанраар ихэвчлэн аймшгийн эсвэл драмын төрлийн уран бүтээл хийгдсэн байдаг юм билээ. Тиймээс манай продакшныхан инээдмийн төрлөөс ч юм уу арай ангид уран бүтээл хийхийг хүссэн хэрэг.

-Киногоороо дамжуулж үзэгчдэд чухам юу хүргэхийг зорьсон бэ?

-“Тайга” кинонд байгаль эх дэлхийдээ хайр гамтай хандаач ээ, хэн нэгэн хүссэн хүн газар шороо, уул усаа ухаж төнхөөд байж болохгүй гэдэг санааг гаргахыг хичээсэн. Хэрвээ энэ сайхан онгон зэрлэг байгаль, уул, ус, ой модоо сүйтгээд байвал хэзээ нэгэн цагт үйлийн үр гээчийг амсдаг юм шүү гэдгийг харуулсан. Гол нь энэ амьд яваа насандаа үйлийн үрээ үүрдэг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн киногоороо дамжуулж ард түмэнд хүргэх гэсэн бас нэг мессеж бол бөө нарын тухай.

-Бөөгийн шашинг дэмжсэн юм уу?

-Үгүй. Нийгэмд анхааруулга хүргэсэн гэх үү дээ. Сүүлийн үед өөрийгөө бөө, сахиус, онгод тэнгэртэй гээд түүндээ хэт итгэчихсэн хүн манай өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болчихож. Манай кинонд мөн л сүрхий онгод сахиустай, тэнгэртэй холбогддог гээд бодчихсон, тэр итгэл үнэмшлээрээ өөрийгөө тайгын эзэн мэт авирлаж буй дүр гардаг. Үр дагавар нь эцэстээ бусдын хувь заяа, амь насанд хүрээд дуусч байгаа тухай өгүүлдэг. Тиймээс олон мянган хүн энэ талаар бас нэгийг бодох болов уу.

-Нууц биш бол киноны үйл явдлын тухайд тодруулахгүй юу?

-“Тайга” кинонд хүмүүсийн хүсэн хүлээсэн гоё эмэгтэй хүн ч юм уу, нийтлэг зүйл гарахгүй. Маш үнэд хүрэх эртний булшийг хаана байгааг нь мэдчихээд ухаж төнхөхөөр явж байгаа, түүнчлэн хөвч тайга, уул ус савдаг сахиустай, бидний дээр тэнгэр гэж хүчин зүйл байгаа тухай киноны үйл явдалд гардаг. Ингэснээр дүрүүдийн хооронд сэтгэлзүйн зөрчилдөөн үүсч байгаа юм. Зөрчилдөөн үүсэхээр хүн яаж өөрчлөгддөг, би чухам хэн бэ, юунаас болж зан авир зөрчилдөөн үүсгэж байна, зөрчилдөөн үүсэхээрээ хүн яг ямар авир төрх гаргадаг гээд маш олон зүйлийг та бүхэн киноноос харж болно.

-Сэдвийн тухайд асуумаар байна. Саяхан бас тайга, хөвчийн ахуй амьдралыг харуулсан “Содура” кино үзэгчдэд хүрч байсан шүү дээ?

-Бид 2013 онд киноныхоо сэдвийг сонгоод зохиолоо бараг биччихсэн байсан. Тухайн үед “Содура” киноны зураг авалт эхэлж байна гэж сонссон. Хөвч тайга зөвхөн Хөвсгөлд байдаггүй шүү дээ. Манай орны зүүн хойд хэсэгт Хэнтий аймгийн Батширээт зэрэг суманд үнэхээр сайхан байгалийн үзэсгэлэнт газар байж л байна. Бид кино зураг авалтыг ч гэсэн Хөвсгөлд хийгээгүй. Өөр газар хийсэн. Мэдээж өгүүлэх өгүүлэмжийн хувьд ч тэр “Содура” киноноос эрс ялгаатай. Эртний эдлэл, булш бунхан ухаж гадагш дамладаг нинжа нар өнөөдөр ч энэ нийгэмд үй түмээрээ байна. Тэгсэн хэрнээ хүмүүс “энэ нөгөө булш ухдаг эсвэл эртний эдлэл хил давуулдаг нөхөр байна” гээд хараад хэлж чаддаггүй шүү дээ. Хүмүүсийн нүдэнд харагдахгүй хэрнээ нийгэмд хурцадчихсан асуудлыг л бид гол сэдвээ болгон барьж авсан.

-Киноны дүрийн тухайд танилцуулаач. Цөөхөн дүртэй гэсэн?

-Дүр сонголтыг МУСТА Л.Таванбаяр найруулагч хийсэн. Жүжигчин А.Цэгмид /СТА/, Н.Төмөрбат /СТА/, Н.Ялалт /СТА/, Л.Баярсайхан /СТА/, Б.Дамдинсүрэн, Р.Баттогтох нар тоглосон. Мөн ерөнхий зураглаач, продюссероор О.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, дууны найруулагчаар С.Нэргүй /СТА/, кастинг найруулагчаар Л.Таванбаяр /СТА/ , нүүр хувиргагчаар Ц.Дэлгэр нар ажилласан.

-Танай продакшн өмнө нь уран бүтээл хийж байсан уу?

-Өмнө нь бид тус тусдаа ганц нэг кинонд ажиллаж байсан туршлагатай. Энэ бол манай уран бүтээлчдийн анхны хамтын бүтээл. Мэдээж кино уран бүтээл хийдэг ах нараасаа зөвлөгөө авч авах гээхийн ухаанаар хандсан. Найруулагч Бадамрагчаа ах зохиол дээр зөвлөгөө өгсөн. Ганзориг, Түмэнбаяр ах мөн зөвлөгөө өгсөн. Та бүхэндээ баярлалаа гэж нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс хэлмээр байна.

-Хэзээ нээлтээ хийх вэ?

-Ирэх сарын 5-нд “Тайга” киноныхоо нээлтийг хийнэ. “Тэнгис”, “Өргөө-1”, “Өргөө-2”, “Соёмбо”, “Хүннү молл” болон хөдөө орон нутгийн кино театруудаар манай киног хүлээн авч үзээрэй. Мөн манай кинотой давхцаад “Гэгээнтэн цогцолбор”-ын “Гэгээнтэн” кино театр нээлтээ хийх юм билээ. Тус кино театраар мөн гарна. Ямар ч байсан манай киног үзсэнээр сонирхолтой байх болно гэдгийг хэлэхэд таатай байна. Үзэгчид ихэнх киног үзээд гарахдаа бүх зүйл ойлгомжтой, маш сайхан сэтгэгдэлтэй театраас гардаг хэрнээ тав алхаад л тухайн киногоо мартдаг. Харин манай киног үзэхэд багагүй тархи ажиллаж, маш олон асуулттай л гарах байх.

-Тэр асуултын хариуг үзэгчид өөрсдийнхөө үзэл бодлоор дүгнэж өгөх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Тэртэй тэргүй хариулт нь манай нийгэмд бэлхнээ дэлгээстэй байна.

-“Тайга” кино олон улсын зах зээлд гарна гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Бид киногоо олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Хөх хот, Манжуур хот, ӨМӨЗО-ы Шилийн гол, ОХУ-ын Улан-Үдэ хотуудад гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *