Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Уламбаяр: Монгол Улсын прокурор, эсвэл шүүгч Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш DNN.mn

Олон улсын эрүүгийн шүүхээс Монгол Улс В.Путиныг баривчлах үүргээ биелүүлээгүй асуудалд тайлбар өгөхийг шаардсан. Энэ асуудлаар ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Өнгөрсөн аравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс шийдвэр гаргасан. Монгол Улс В.Путиныг айлчлахад нь баривчилж, хүлээлгэж өгөх тал дээр хамтарч ажиллаагүй гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр манай улс энэ асуудалд ямар тайлбар өгөх ёстой вэ. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-2024 оны аравдугаар сарын 24-нд Гаагийн Олон улсын Эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны II танхим Монгол Улс В.Путиныг баривчилж, хүлээлгэн өгөхөд хамтран ажиллаагүй гэж үзэж, Оролцогч орнуудын Ассамблейд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Бүрэн эрх нь хэрэгжиж буй аливаа улсын төрийн тэргүүн нь дипломат халдашгүй статустай байдаг. Монгол Улс Венийн конвенцийн оролцогч тал. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 29 дүгээр зүйлд “Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж заасан. Олон улсын Эрүүгийн шүүхийн “Ромын Дүрмийн IX бүлгийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй. Гэхдээ Дүрмийн IX бүлгийн 98 дугаар зүйлийн 1-д Дүрэм нь улс орнууд өөр улстай байгуулсан “гэрээний үүргээ зөрчих” тохиолдолд, эсвэл “гуравдагч улсын иргэн, түүний эд хөрөнгийн дипломатын халдашгүй байдлыг зөрчих” тохиолдолд баривчлах үүргээс чөлөөлөгдөж болно” гэжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади эль-Абдалла өнгөрсөн наймдугаар сарын 31-нд ВВС сувагт өгсөн ярилцлагадаа дээрхийг эш татаж байсныг онцлох хэрэгтэй болов уу.

Ер нь Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн эрх зүйн чадамж нь тодорхой бус, баривчлах гүйцэтгэх ажиллагааны процедурын эрх зүйн зохицуулалт нь тодорхойгүй байдаг. Өмнө нь тус шүүх Уганда (5 хүн), БН Ардчилсан Конго Улс, Төв Африкйн БНУ, Дарфур нийслэлтэй Судан (7 хүн), Кени (6 хүн), Зааны Ясан эрэг улсад болсон хэрэгт мөрдлөг явуулж, 18 хүнийг шүүхэд дуудснаас долоо нь нуугдаж, хоёр нь нас барж, дөрөв нь баривчлагдаж, гурав нь сайн дураараа хүрэлцэн ирж байжээ. Баривчлагдсан дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа нь хэдийнэ дууссан, эсвэл цэргийн эрхтнүүд байсан байдаг.

1993 онд ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны суурь гэрээг байгуулж, 2019 онд шинэчлэн байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын Гэрээ”-нд “Талууд төрөл бүрийн түвшинд тогтмол уулзалт зохион байгуулах, нэн түрүүнд дээд, өндөр түвшний уулзалтын механизмыг ашиглах болон сайжруулах, түүний сацуу нөгөө Талын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд оролцох, эсхүл ийм төрлийн үйлдлийг дэмжихээс түдгэлзэнэ” хэмээн заасан байдаг.

АНУ-ын Цагаан ордон, Төрийн департамент Монгол Улс В.Путиныг баривчлах үүрэгтэй хэмээн мэдэгдэл гаргасан тухай огт үндэслэлгүй мэдээ явж байсан. Хэвлэлийн бага хурлын үеэр л сэтгүүлчийн асуултад Цагаан ордон, Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хувийн байр сууриа илэрхийлж байсныг ташаа тайлбарлаад байсан. АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн Дүрмийн оролцогч тал биш учраас Монголыг шүүмжлэх боломжгүй. Түүнчлэн Монгол Улс В.Путиныг баривчлаагүйгээс болж НҮБ-ын Ерөнхий Ассемблейд түдгэлзэх санал өгөх ч эрхгүй болсон мэтээр огт холбогдолгүй зүйлийг ор үндэслэлгүй бичиж байсныг хэлэх хэрэгтэй. Мөн Монгол Улсын прокурор, эсвэл Дээд шүүхийн шүүгч Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш. Бас нэг зүйл бол В.Путиныг олон улсад эрэн сурвалжлагдаж буй мэтээр хэвлэл мэдээллээр ярьж байна лээ. Эрх зүйн утгаар бол гэмт хэрэгт нэр холбогдсон, хаана байгаа нь тодорхойгүй, тогтсон хаягүй хүнийг эрэн сурвалжилдаг. В.Путин бол хаана байгаа нь маш тодорхой хүн л дээ.

-Дэлхий дахин В.Путиныг дайны гол буруутан гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл бид дипломат ёс зүйгээ баримтлаад түүний айлчлалыг хүлээж авсан. Ер нь ийм тохиолдолд баривчилж байсан түүх дэлхийд бий юу?

-Нэгд, ОХУ 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд ОХУ, АНУ, Израиль, Судан зэрэг дөрвөн улс Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын Дүрэм буюу гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч хууль тогтоох дээд байгууллагаараа соёрхон батлахгүйгээр Дүрмийн 127 дугаар зүйлийн дагуу Израиль 2002 онд, АНУ 2002 оны тавдугаар сард, Судан 2008 оны наймдугаар сард, ОХУ 2016 оны арваннэгдүгээр сард тус тус гэрээнээс гарсан байдаг. Тиймээс Крымль ОХУ Ромын Дүрмийн оролцогч тал биш учраас Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь тус улсад хамаагүй гэж мэдэгддэг. Яг энэ талын зохицуулалт арай л тодорхой бус. Хоёрт, Монгол Улс ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины айлчлалыг хүлээж авсан тухай асуудал биш юм. Харин Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ерөнхийлөгч В.Путины урилгаар 2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр түүнийг Халх голын хамтын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг албан ёсоор урьсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн Гэрээ”-тэй хөрш орны төрийн тэргүүн албан ёсны айлчлал хийж буй үед түүнийг баривчлахыг шаардаж байгаа нь улс гүрний бүрэн эрхээс давсан ёс зүйгүй үйлдэл байсан. Ийм зүйл дипломатын түүхэнд ч болж байгаагүй. Монголчууд дипломат элчийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдэлж байсныг Папын элч Плано де Карпини, Францын хааны элч Гильом де Рубрук нарын тэмдэглэлээс сайн мэдэх билээ. Их эзэн богд Чингис хаан журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээж Сартуул иргэн буюу Хорезм руу худалдааны элч төлөөлөгчдийг илгээхэд тэднийг баривчлан хөнөөж ёсгүй аашилснаас шалтгаалж дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдсөн байдаг. Итгэлийг хөсөрдүүлж, дипломат элчийн амийг хөнөөснөөс мэдээг сүүлд сонсоод Хубилай хаан 1274, 1284 онд Японы эсрэг дэлхийн түүхэнд байгаагүй 4 мянган хөлөг онгоц, 100 мянган цэргийн хүчээр цэргийн ажиллагаа явуулсныг бид сайн мэднэ дээ. Хэрэв Хубилай хааны цэрэг арал дээр бууж нэгдсэн цэргийн ажиллагаа явуулсан бол үр дүн нь юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Энэ бол япон үндэстний орших, эс оршихуйн тухай асуудал байсан.

-Хэрэв В.Путиныг манайд ирэхэд нь баривчилсан бол нөхцөл байдал хэрхэх байсан бэ?

-2023 оны намар Өмнөд Африкт зохиогдсон БРИКС-ийн дээд түвшний уулзалтад В.Путин оролцоогүйг бид мэднэ. Хэрэв сэжигтнийг өөрийн нутаг дэвсгэрт ирвэл баривчлах ёстой гэж янз бүрийн түвшинд шахаж шаардаж байсан ч Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса Орос үүнийг дайн зарласан гэж үзнэ гэж анхааруулж байсан. Итгэлцлийг хөсөрүүлж, нөхөрсөг орныхоо элчийг баривчилсан тохиолдолд, ОХУ зүгээр хараад суух уу. Үүнээс гаргах ноцтой үр дагаврын хариуцлагыг Олон улсын эрүүгийн шүүх хариуцах уу гэдэг асуудал гарна шүү дээ. Муугаар төсөөлөхөд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эргэж сэргэхгүйгээр тэг түвшин байтугай хасах түвшин рүү орж, бараг ОХУ-аас Монгол Улсад “цэргийн тусгай ажиллагаа” явуулах байсан биз ээ. Бид бүх салбарт ОХУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнд орох байсан болов уу. Монгол Улсын орлогын гол салбар болох уул уурхайн машин шатахуунгүй тэг зогсолт, баруун таван аймаг тог цахилгаангүй, III, IV цахилгаан станц мазутгүй, бид бүгд хоёр хөлөөрөө ажлаа залгуулах байж ч мэднэ. Мэдээж энэ бол зүгээр л сөрөг төсөөлөл юм шүү дээ.

-Ер нь В.Путиныг Монгол Улс хүлээж авснаар дэлхийд гадуурхагдах нөхцөл байдал үүслээ гэж зарим улчстөрчид, судлаачид хэлж байсан. В.Путин айлчлалыг хүлээж авахаас татгалзах боломж байсан уу. Дайн дууссаны дараа урьдаг ч юм уу. Халх голын ялалтын ойгоо энхийн цагт тэмдэглэе гэдэг ч юм уу. Эвтэйхэн бултах боломжтой биз дээ?

-Энд би нэг зүйлийг дахин давтан хэлье. В.Путины айлчлалыг Монгол Улс хүлээж авахаас татгалзах боломжтой байсан уу гэдэг асуудал нь өөрөө логик утгагүй зүйл юм. Монгол Улсын ерөнхийлөгч албан ёсоор урьсан. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, арга хэмжээнд оролцоод л буцсан. Монгол Улс бүрэн эрхт, тусгаар тогтносон улс, тиймээс хэнийг урих, урихгүйгээ, ямар баяр ёслолоо яаж, хэдийд тэмдэглэхээ, тэгэх тусмаа найрсаг харилцаатай, иж бүрэн стратегийн түншлэлтэй хөрш гүрнийхээ төрийн тэргүүнийг хэнээр ч заалгахгүй урих бүрэн эрхтэй. Үнэнийг хэлэхэд, В.Путиныг Монгол Улс баривчлаагүйгээс болоод дэлхий дахинд гадуурхагдах нөхцөл байдал үүссэн ямар ч зүйл болоогүй гэдгийг судлаачийн хувьд хариуцлагатай хэлье. Өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 79 дүгээр чуулганы үеэр зохиогдсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Ерөнхий ямар нэг асуудлаар, тэгэх тусмаа дээрхтэй холбоотой асуудлаар буруутгаж шүүмжлээгүйг онцлон хэлэх хэрэгтэй.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Казань хотноо БРИКС-ийн дээд түвшний уулзалт зохиогдох үеэр НҮБ-ын тэргүүн Антониу Гутерреш оролцож В.Путинтэй уулзаж байсан. Гаагийн ОУЭШ бол НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Хамгийн том байгууллагынх нь дарга нь В.Путинтэй уулзаж байхад Олон улсын эрүүгийн шүүх эсэргүүцэл илэрхийлсэн билүү.

Хөрш гэдэг аль ч улс гүрний хувьд аюулгүй байдал, геополитик, хөгжил дэвшлийн талаасаа онцгой учир холбогдолтой байдгийг дэлхийн түүх, тэгэх тусмаа дипломатын түүх харуулсаар ирсэн.

-Монгол Улсын тайлбарт үндэслэж ирэх арванхоёрдугаар сард болох Гаагийн Олон улсын эрүүгийн шүүх ямар шийдвэр гаргах бол?

-Ирэх арванхоёрдугаар сард болох оролцогч орнуудын Ассамблейд Монгол Улс хангалттай тайлбар хийх боломжтой. Олон улсын эрүүгийн шүүхийн Ассемблей ямар шийдвэр гаргахыг би урьдчилан тааж хэлэх боломжгүй. Хамтдаа л харах үлдлээ. Миний хувьд В.Путиныг Монгол Улсад баривчлахтай холбоотой асуудлаар хийж буй тайлбар бол цэвэр олон улсын эрх зүйн үүднээс хандахыг хичээж буй үйлдэл. Энэ нь НҮБ-ын Дүрэм, Олон улсын эрх зүйн зарчмуудын тухай 1970 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Тунхаглалыг зөрчин В.Путины шийдвэрээ ОХУ Украинд бүрэн хэмжээний цэрэг дайн ажиллагаа явуулж байгаа үйлдлийг дэмжиж буй хэрэг биш гэдгийг эцэст нь онцлон тэмдэглэмээр байна. Энэ бол хоёр өөр асуудал юм.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *