Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Д.Түвшинбаяр: “Хайр” УСК-оор хайрыг мэдрүүлэхээс илүү ойлгуулахыг зорьсон || DNN.mn

“Positive Mongolians” төслийн санаачлагч, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинбаяртай ярилцлаа.


-“Хайр” УСК олны хүртээл болоод удаагүй байна. Киноны тухай ярилцлагаа эхэлье?

-Киноны зохиол өнгөрсөн оны сүүлээс яригдаж эхэлсэн. Найруулагч Н.Мөнхбаяр, сэтгэл зүйч Г.Наранбаатар бид гурав киноны зохиол дээр хоёр сар гаруй ажилласан. Г.Наранбаатар маань сүүлийн 10 гаруй жил гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн, түүнчлэн нийгэмд гэр бүл салалт маш их байгаа учраас энэ уран бүтээлийг хийхээр шийдсэн.

-Киногоор яг юуг үзүүлэхийг зорьсон бэ?

-Монгол гэр бүлүүд таван сэдвийн хүрээнд сэтгэл зүйчид очдог юм байна. Энэ таван сэдвийг салах тухай бодож байгаа гэр бүлүүдэд ойлгуулчихвал салалт огт үгүй болохгүй юм гэхэд багасна. Үүнийг л зөөлөн хүчний бодлогоор дамжуулж, үзүүлэхийг зорьсон юм. Кино дотроо таван бүлэгтэй. Мөн сэтгэл зүйн салбар кино урлагаар дамжин таван удаа үзэгчдэд хүрсэн байдаг. Тэгэхдээ дандаа үйлчлүүлэгчтэйгээ явалдаж харагддаг. Энэ тал дээр салбарынхан сэтгэл дундуур явдаг юм билээ. Энэ киногоор дамжуулан сэтгэл зүйн салбарын буруу ойлголтыг залруулахыг хичээсэн.

-Хайрын тухай кинонуудаас ямар ялгаатай вэ?

-Хайрын тухай кинонуудыг судлахад холливуудад ч, монголд ч тэр, хайр гэдгийг үзэгчдэд зөвхөн мэдрүүлсэн уран бүтээлүүдийг хийжээ. Хайрын холбогдолтой кинонуудад амьдрал дээр тэр болгон байдаггүй дурлал, цагаан морьтой ханхүү гарч ирж залууст хайр гэдэг чинь ийм гоё юм байна, гэр бүл ийм байх ёстой юм байна гэдэг ойлголтыг өгч байна. Харин тэр залуусыг гэр бүл зохиоход үзсэн кино эсрэгээрээ байдаг, тэд хөл алддаг. Тиймээс киногоороо хайрыг мэдрүүлэхээс илүү ойлгуулахыг хичээсэн. Ингээд ойлгуулахын тулд бодит амьдралаас сэдэвлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Сэтгэл зүйч Г.Наранбаатар ажиллаж байсан жишээнүүдээсээ хоёр гэр бүлийг сонгож, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тухайн гэр бүлийн түүхэнд тулгуурлаж киногоо хийсэн. Хайр бол мөнхийн сэдэв, хайранд тулгуурлаж гэр бүл салалтын таван шалтгааныг ойлгуулахаар киногоо “Хайр” хэмээн нэрлэсэн юм.

-Удаан хугацааны дараа дэлгэцийн уран бүтээлд, тэр дундаа гол дүрд ажиллах ямар байв?

-Сэтгэл зүйчид үйлчлүүлэгчтэйгээ нууцлалын гэрээ байгуулдаг юм байна, бид уулзах эрхгүй. Киноны зохиолыг бичихэд би өөрөө тоглоно ч гэж бодоогүй. Бид зохиолоо бичээд Наба (Г.Наранбаатар) түүхийг нь ярьж, найруулагч Н.Мөнхбаяр бид хоёр төсөөлж, дүрсэлж үзүүлдэг байсан. Дараа нь зураг авалт эхлэх гээд хоёр дүрдээ проб хийх гэтэл найруулагч, сэтгэл зүйч хоёр “Чи л харагдаад байна, өөрөө орсон нь дээр” гээд би тоглохоор болсон. Ерөнхийдөө намайг хүчээр тоглуулсан гэх үү дээ (инээв).

-Эмэгтэй гол дүрээ яаж сонгосон бэ?

-Сэтгэл зүйн драма учраас дүр бүтээхэд маш хэцүү. Цөөнгүй жүжигчдэд санал тавьж зарим нь ирж пробонд орсон.Тэднээс хамгийн тохиромжтой нь мисс, жүжигчин, продюсер А.Баярцэцэг (Бела) байсан. Белаг хүмүүс мисс гэдгээр нь л мэддэг, угтаа бол холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн жүжигчин хүн.

-Үзэгчдээс киноны сэтгэгдэл олон ирж байна уу, голчлон юу гэж байх юм?

-Эрчүүдээс олон сэтгэгдэл ирж, баяр хүргэж байгаа. Голчлон “Би өөрийгөө харлаа, яг л ингэдэг юм байна, ойлголоо” гэдэг сэтгэгдэл ирж байна. Кино 90 минут үргэлжилдэг, таван бүлэгтэй, хосууд зогсоож өөрсдийгөө оронд нь байсан бол яах вэ гэж ярилцаад 3-4 цаг ч үзсэн гэсэн.

-Дүрээ амьдралд наалдацтай хүмүүст “Яг л би байна шүү дээ” гэж бодогдтол бүтээхийн тулд багагүй судалгаа хийсэн үү?

-Бид үйл явдлыг нь гаргачихаад дүр босголтон дээр Тулгаа, Сарнай хоёроос илүү эмэгтэй, эрэгтэй хүн гэдэг өнцгөөр, үзсэн хүн өөрийгөө тольдож байгаа юм шиг л ажиллая гэж ярилцсан. Үзэгчид киноноос Тулгаа, Сарнайг биш, өөрийгөө олж харах боломж бүрдүүлэхийг хичээсэн.

-Мэргэжлийн сэтгэл зүйч хүн сэтгэл зүйчийнхээ дүрийг бүтээсэн нь илүү давуу тал болсон юм шиг санагдсан…

-Тийм ээ, Г.Наранбаатарын оронд жүжигчин тоглуулъя гэсэн ч боломжгүй юм билээ. Яагаад гэвэл энэ мэргэжлээр 10 гаруй жил ажилласан хүн яахын аргагүй түүнийг хамгийн сайн мэднэ. Мөн бид нэгэнт нүүдлийн соёлоос татгалзаж суурьшмал соёлын хэв маягийг сонгоод 100 жилийн нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл суурьшмал соёлын хамгийн том соёл бол сэтгэл зүйчтэй уулзах, зөвлөгөө авах. Энэ нь бидний амьдралыг илүү төвөггүй болгоно. Наба “Бид шүдээ өвдөхөөр шүдний эмнэлэгт очдог, өөрөө аргалчихъя гэдэггүй. Тэгвэл сэтгэлээ өвдөхөөр яагаад өөрөө аргалах, эмчлэх гээд байдаг юм бэ” гэж хэлж байсан. Яг л үүнтэй адил сэтгэл нь өвдсөн бол мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч хэвийн байдалдаа орох хэрэгтэй. Сэтгэл зүй хэвийн байдалд орвол зөв шийдвэр гаргана, хүмүүстэй зөв харилцана гэх мэт олон давуу талтай.

-Өөрөө сэтгэл зүйчийн ач тусыг хэзээ, хэрхэн ойлгож байв?

-Шведэд очоод сэтгэл зүйч гэдэг хүн миний амьдралд ямар хүчтэй нөлөөтэйг мэдсэн. Шведэд бүх албан байгууллага, сургууль сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйчээр дамжуулж Шведийн нийгэм, ард иргэдээ аз жаргалтай, сэтгэл зүйг нь тогтвортой байлгадаг. Тухайлбал, нэг айлд ажил явдал гарсан бол хорооноос нь сэтгэл зүйчтэй уулзуулж, сэтгэл зүйн хэвийн байдалд оруулдаг. Сэтгэл зүйч дата цуглуулж, цагдаа, эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Сэтгэл зүйч ийм чухал гэдгийг ойлгоод Монголдоо ирээд хороондоо очтол сэтгэл зүйчийн орон тоо байдаг ч, үйлчлүүлэгчгүй учир хасчихсан байсан.

-Хүмүүс сэтгэл өвдөөд байна, сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй гэдгээ яаж мэдэх вэ?

-Тэр хүн сэтгэл зүйн ямар нэг хямралд орсон байгаагаа өөрөө л мэднэ. Бид өөрсдөө мэддэг, яаж эмчлэхээ л мэддэггүй. Хэрвээ таны ойр дотны хүн нас барвал та автоматаар сэтгэл зүйн хямралд орно. Тэр уй гашуу, хямралаа сэтгэл зүйч дээр очиж тайлахгүй бол таны ажлын бүтээмж, гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаанд нөлөөлж таныг буруугаар ойлгуулна. Тэгэхээр энийгээ л зас гээд байгаа юм.

-Танай гэр бүл тогтмол сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө авдаг уу?

-Найз Набатайгаа уулздаг, Шведэд байхдаа хорооныхоо сэтгэл зүйчтэй уулздаг байсан. Дөлгөөнөөг тулгар биетэй байхад хорооны сэтгэл зүйч тогтмол зөвлөгөө өгч, надтай ч уулзаж байсан. Хүүхэдтэй болж амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд ганцхан эмэгтэй хүн биш, нөхөр ч бас хямардаг. Нөхөр хямралд орж, ааш зан нь эвдэрвэл гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ гэдгийг мэддэг учраас нөхөртэй нь их ярилцаж сонсдог, зөвлөдөг юм билээ.

-Арван жилийн өмнөх Түвшөө киноны эхний хэсэгт гарч байгаа Тулгаа шиг сэтгэл зүйчид хандах тухай боддоггүй, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай зан чанарыг мэддэггүй байсан уу?

-Ер нь бол тийм, Дөлгөөн бид хоёрын хоёр дахь амьдрал. Эхний амьдралдаа гэр бүл, хосын харилцааны талаар туршлагагүй, буруу ойлголттой явсан. Одоо бид хоёр хэн хэн нь хичээж байгаа. Арван жилийн өмнөх би Тулгаагийн мэдрэмжүүдтэй төстэй байсан.

-Та эхнэртэйгээ их ярилцдаг уу?

-Бид хоёр хосын, гэр бүлийн харилцааны тухай бүтээлүүд хийдэг учраас их ярилцдаг. Хийж байгаа ажил маань бид хоёрыг хүссэн, хүсээгүй ярилцахад хүргэдэг. Өөр ажил, мэргэжилтэй хүмүүс энэ сэдвийн хүрээнд ярилцах хугацаа, орчин, боломжийг өөрсдөдөө гаргах ёстой.

-Яагаад гэр бүл, хосын харилцааны чиглэлийн бүтээл хийхээр болсон юм бэ?

-Хоёулааа өмнө нь нэг нэг удаа алдчихсан учраас, алдахгүйн тулд ингэх ёстой юм байна гэж ойлгосноо л бусадтай хуваалцахыг хүссэн.

-Таны гэр бүлийн хүн Э.Дөлгөөн хоёр ч ном бичсэн. Та ном бичихэд нь хэр зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг вэ?

-Номонд намайг ерөнхий зөвлөх гэж оруулсан байдаг. Өөрийнхөө хэмжээнд номонд гарч буй сэдвүүдийн хүрээнд эрэгтэй хүний талаас бодлоо хуваалцдаг. Бичиж байгаа бүх зүйлийг нь зөвлөнө гэж юу байхав (инээв).

-“Хайр-2” УСК-ны зохиол бэлэн гэсэн үү, нэгээсээ ямар ялгаатай вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ киног гурвалсан бүтээл болгох зорилготой. Монголд гурвалсан уран бүтээл хоёр байдаг. Эхнийх нь эрийн гурван наадмаар сэдэвлэсэн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” агуулга нь нэг ч, анги бүрийн үйл явдал өөр байдаг. Гурвалсан бүтээл гэдэг нь нэг агуулгатай, дүр, үйл явдал нь өөр байж болно. Хоёр дахь нь найруулагч Г.Жигжидсүрэн, зохиолч Б.Лхагвасүрэн гуайн цус ойртолт хүн төрөлхтөнг, тэр тусмаа цөөхөн монголчуудыг устгах тухай эмзэглэсэн “Хүн чулууны нулимс”, “Амин мөр”, “Бүлээн нурам” гэсэн гурван уран бүтээлийг 1990 оны эхээр жил дарааллан хийсэн байдаг. Хэрвээ бид Хайрыг гурвалсан бүтээл болгож нийтэд хүргэвэл яг 30 жилийн дараа, гурав дахь гурвалсан бүтээлийг гаргаж таарч байгаа юм, цаг хугацааны хувьд.

-Агуулгын хувьд хэрхэн гурвалсан бүтээл болгох вэ?

-“Хайр” гурвалсан уран бүтээлээр монгол гэр бүл бусад улсын гэр бүлээс ямар ялгаатай, гэр бүл яагаад чухал вэ гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Эхнийх нь гэр бүл эмэгтэй, эрэгтэй хоёр хүнээс бүрдэнэ, гэр бүлийн амьдрал ингэж явна, дотроо маргаад байвал гэр бүл дуусдаг шүү гэдгийг үзүүлсэн. Хоёрдугааар хэсэгт монгол гэр бүлд эмэгтэй хүний шийдвэр хэрхэн нөлөөлдөг, үнэ цэнэ нь хаана байдаг, ямар байр суурьтай байдгийг харуулна. Харин гуравдахь нь монгол гэр бүлд эр хүний ноён нуруу, шийдвэрийн хүч, үнэ цэнийн талаар үзүүлэх болно. Хоёр, гуравдугаар хэсгийн бэлтгэл ажил зэрэг явагдаж байна. Хоёрдугаар хэсгийн зураг авалт дуусахад гуравдугаар хэсгийн зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Та “Гэм зэм” постдрамын жүжигт тоглосон. Удаан хугацааны дараа тайзны уран бүтээлд ажиллах ямар байв?

-Бараг арав гаруй жилийн дараа тайзан дээр гарлаа, төсөөрчихдөг юм байна. Тайзны жүжигчин болохын тулд бэлтгэл маш их хийсэн, баг хамт олон маань ч тусалж, зөвлөж байлаа. Ялангуяа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэг эгч хамгийн их тус, дэм болсон. Жүжгийн эхний 60 минутад Ганцэцэг эгч бид хоёр тайзан дээр партнёраар ажилладаг.

-Жүжгийн саналыг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд тоглож байна л гэж бодсон (инээв). Уулзах гээд очиход найруулагч М.Батболдын нүд надад 100 хувь итгэж байсан, зориг ороод л тоглохоор шийдсэн дээ. Бас их айдастай, олон жилийн дараа дэлхийн сонгодог зохиолын жүжигт тоглоно гэдэг ур чадвар шаардсан ажил байлаа.

-Дахин тайзны ураан бүтээлд тоглох уу, төлөвлөсөн уран бүтээл бий юү?

-Тайзны уран бүтээлийн санал ирсэн. Гэхдээ киноны ажилтай давхцаад орж чадаагүй. Одоогоор ажиллахаар төлөвлөсөн тайзны уран бүтээл байхгүй.

-“Хайр” киногоор үзэгчдээс асуусан асуултыг өөрөөс тань асууя. Хайр хаана байдаг юм бэ?

-Бид киноны зохиол бичиж, ажиллаж байхдаа хайрыг өөрсдийнхөөрөө томьёолсон л доо. Гэхдээ кинондоо гаргаагүй. Хүн байгаа газарт, биенээ хайрлаж байгаа газарт хайр байдаг.

-Хайр хэзээ эхэлж, хаана дуусдаг юм бол…

-Тэр хүний аз жаргал, миний аз жаргал болж байгаа тэр мөчөөс хайр эхэлдэг юм болов уу. Харин тэр хүний өвдөлт, аз жаргал надад ямар ч хамаагүй болсон цагт хайр дуусдаг.

-Танаас үлгэр жишээ авдаг, таныг дагадаг, олон залуу гэр бүл, хосуудад юу гэж зөвлөх вэ?

-Хосын харилцаа, гэр бүлийн харилцаа хоёроо ялга гэдгийг л хэлмээр, ойлгуулмаар санагддаг. Хүүхэд гарч ирсэн цагаас эхлээд хосын харилцаа дуусч гэр бүлийн харилцаа эхэлнэ. Гэр бүлийн харилцаа гэдэг нь хүүхэдтэй болсон учраас чамд 100 хувь цаг зарцуулдаг байсан эхнэрийн, нөхрийн анхаарал 50, 60 хувь болж буурна. Үлдсэн хувь нь хүүхэд рүү ханддаг болно. Гэр бүлийн харилцаанд орчихоод хосын харилцааны анхаарал халамж хүсээд, маргалдаад байна. Хэн хэн нь үүнийг ойлгочихвол харилцаа арай хялбар болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *