Жирэмсэн болон жирэмсний дараах сэтгэл гутрал, залуу хосуудын харилцаа, нөхрийн сэтгэл зүйн талаар “Энх төрөхүй” жирэмсэн эхчүүдийн сургалтын төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.
-Саяхан нэг эмэгтэй хүүхдээ тэврээд орон сууцнаас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч нийгэмд түүнийг архи уусан, сэтгэцийн эмгэгтэй гэхчлэн буруушаах хандлагатай байна. Харин сэтгэл зүйчид үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлаж байна. Таны хувьд энэ явдлын цаад шалтгаан нь юу гэж харж байна вэ?
-Би үүнийг эмч хүнийхээ хувьд сэтгэл зүйн гүн хямралтай холбож харж байгаа. Ерөнхийдөө амьдрал гэдэг чинь маш их урт хугацаа. Эмэгтэй хүн жирэмсэн болсноос эхлээд маш урт аяллын замд ордог. Үүнийг хүн бүр мэдэж байх үүрэгтэй. Энд хамтын амьдрал гэдэг зүйлийг хамгийн түрүүнд онцлох ёстой гэж бодож байна. Жирэмсэн үед эмэгтэй хүний сэтгэл зүйд маш их өөрчлөлт ордог. Бие организмын тал дээр ч өөрчлөлт ордог. Энэ бие болон сэтгэл зүйд орж байгаа өөрчлөлтийг хамгийн түрүүнд хэн мэдэх ёстой вэ. Хамгийн түрүүнд хажууд нь байгаа хань нь мэдэх ёстой. Тэрийг хамгийн сайн ойлгох хүн нь нөхөр. Яагаад гэвэл тэр хүүхдийг эрүүл саруул өсгөхийн тулд эмэгтэй хүнээс маш олон төрлийн даавар ялгарч байдаг. Тийм учраас ээжүүдийн сэтгэл зүй тогтворгүй, хямрамтгай болдог. Энэ бол ихэнх эмэгтэйчүүдийн туулж гардаг бэрхшээл. Үүнд найз нөхдийн анхаарал халамж, гэр бүлийн хүний сэтгэл зүйг ойлгож байгаа байдал, дээрээс нь аав ээжийн нөлөөлөл маш их гэж би хувьдаа боддог. Сайхан хайр халамж, анхаарал тавиад байхад эмэгтэй хүний тэр хямарч байгаа сэтгэл зүй өөрөө аяндаа гоё болно. Тэрийг л энэ манай эрчүүд ойлгомоор юм шиг санагдаад байгаа юм. Ер нь байгууллагын дарга нар ч гэсэн ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр жирэмсэн болсон цагаасаа анхаарах ёстой байх нь ээ?
-Жирэмсэн эхийн тухайд гэвэл бүхэл бүтэн есөн сарын турш өөр амьдралтай тулна. Хэвлийдээ хүн тээж байгаа хүн чинь эрүүл саруул тээхээс эхлээд түмэн зүйл бодно. За тэгээд хүүхдээ тээх хугацаа нь дууслаа. Хүүхэдтэйгээ уулзах мөч ирнэ. Товчхондоо манай ээж, аавууд энэ бүхэнд бэлтгэгдээгүй байдаг. Манай монголчуудын хамгийн том алдаа болно доо, болсоор ирсэн юм гэдэг юмыг ярьсаар байгаад өнөөг хүрсэн. Хорвоо дэлхийд бүхэл бүтэн хүн төрүүлж байж хүүхэдтэйгээ хэрхэн танилцахав, юуг анхаарах ёстой, яах ёстой гэдгээ урьдчилан сэтгэл санааны хувьд бэлддэггүй. Юм уншдаггүй, судалдаггүй. Үүнээс болоод гэнэт шинэ хүнтэй болохоор цохилтод орж бүх зүйл хүнд мэт санагдаж сэтгэл гутрал гүнзгийрэхэд хүргэдэг байхгүй юу. Одоо энэ үгийг энэ XXI зуунд болих хэрэгтэй. Суралцах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Нийгэм өөрчлөгдөж амьдралын хэв маяг өөр болоод байхад бид өнөөдөр зогсоолдоо зогсоод л дээр үед тэгдэг байсан ш дээ, ингээд л болоод л байсан ш дээ, одооны охид сүртэй гэдэг нь гэсэн хандлага хэвээрээ байна. Энийг хэн хэлж байна, эцэг эх, өвөө эмээ нар. Өөрсдөө тэр нийгмийн хүмүүс байж. Тэдний үед л хүмүүс тэгж амьдарч байсан. Одоо энэ XXI зууны нийгэм өөрийгөө өөрчлөх цаг болсон, бүр өнөөдөр маргааш хүртэл өөр болоод байна. Тэр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүд адилхан л хүн. Адилхан л хямардаг. Тэдэнд тусалдаг. Сэтгэл зүй эмчлэх төвүүд нь маш их байдаг. Зөв дэмжлэг тусламж үзүүлдэг учраас тэд нар сэтгэл хямралаас гарч чаддаг. Гарахгүй ч байж магадгүй. Тэд бүгдээрээ мундаг хүмүүс биш. Харин монголчууд сэтгэл хямралаас яагаад дийлэнхээрээ гарч чадахгүй байна вэ гэхээр нөгөө асран хамгаалагч, халамжлан хүмүүжүүлж байх тэр хүмүүс нь өөрсдөө ерөөсөө мэдлэггүй учраас энэ хүнийг улам цааш нь гүнзгийрүүлээд байгаа гэдгээ ойлгодоггүй. Тодорхой хэмжээний мэдлэгтэй болох ёстой. За тэгээд хүүхэд чинь төрүүлэхэд л гараас гарчихдаг юм биш. Өөрийгөө авч явах чадваргүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй дохионы хэлээр ярьдаг хүнтэй л бид уулзана. Энэ хүүхэд хөхөө хөхөх гээд байгаа юм уу, даараад байгаа юм уу, халууцаад байгаа юм уу, бүх анхаарал хүүхдийн эргэн тойронд. Яагаад гэвэл тэр хүн хүүхдээ ойлгохгүй байгаа учраас өөрийгөө орхичихож байгаа юм. Тийм учраас л энэ сэтгэл зүйн хямралууд бий болоод байгаа юм.
-Энэ хямрал хэр урт хугацаанд үргэлжилдэг юм бэ?
-Би төрсний дараах эхний 14 хоногийг хосуудад ойлгуулахдаа “Энэ бол үлгэрийн 14 хоног шүү” гэж хэлдэг. Энэ хугацааг л давчихвал хямрал гутрал болтлоо гүнзгийрэхгүй. Хүний бүх хэмнэл алдагдаж байдаг. Унтах хэмнэл, хооллох хэмнэл зэрэг алдагдана. Дээрээс нь хүүхдээ гэмтээчих вий, унтуулж чадахгүй байна, арчилж чадахгүй байна, хөхөөр хооллож чадахгүй байна гээд есөн шидийн бодол эмэгтэйчүүдэд орж ирдэг. Тэгтэл эрэгтэй хүний толгойд тийм бодол орж ирэх нь байгалиасаа ховор. Энэ бол байгалийн хуулиараа явж буй зүйл юм. Ингэж хямарч байгаа хүний хажууд байгаа эрэгтэй хүн заавал бэлтгэгдсэн байх ёстой. Энэ бол хамтын амьдрал, урт хугацааны аялал, тэр чигтээ бэлэг. Хэрвээ мэдэхгүй зүйл тохиолдвол өөрийн гэсэн зөвлөх хүнтэй болох хэрэгтэй.
-Сэтгэл зүйн талаасаа тогтмол зөвлөгөө, заавар авдаг хэвшил манайд түгээмэл биш болов уу?
-Монголчуудын хувьд хэзээ ч тийм хүн байхгүй. Зүгээр л масс дунд нь хаядаг. Төрсний дараах зургаан долоо хоногийг нялх биетэй ээж гэж нэрлэдэг. Тэр нялх биетэй ээжид дээр үеийн монголчууд юу гэж хэлдэг байсан бэ гэхээр наад хүнээ сайхан амраа, битгий ядраа, битгий цочоо, битгий стресст оруул гэдэг байсан. Тэгсэн одоо бүүр өөр болоод 45 хоног усанд орж болохгүй, чи заавал малгай өмсөх ёстой, чи заавал чихээ бөглөх ёстой гээд бүх хүмүүсийг дарамтанд оруулж байгаа юм. Усанд ормоор санагдаад, толгой нь загатнаад байхад чи усанд орж болохгүй ээ гээд байвал тухайн хүнд дарамт болно биз дээ. Тэгээд ч монголчууд нээлттэй биш дотогшоо хүмүүс. Энэ төрлийн хүмүүс бусад хүмүүсийн дарамтад ороод ирэхээр тухайн хүн ерөөсөө гаргалгаагаа гаргаж чадахаа больж байгаа юм. Энд таван хүн өөр юм хэлнэ, тэнд гурван хүн өөр юм хэлнэ. Угаасаа мэдлэггүй хүн чинь өөрөө тугалган жад шиг болчихдог. Хаашаа харж хэнийг нь, алийг нь дагахаа мэдэхээ болино. Тэгээд ирэхээрээ өөрсдийнхөө аав ээжийг л дагая. Тэд ч ингэж л ирсэн, бид нар болоод л ирсэн юм чинь. Өвчингүй байвал тэгээд л болоо биз дээ гэдэг. Гэтэл үгүй байхгүй юу. Тэр хүнийг л сэтгэл санаагаар нь дэмжиж өгдөг, хүүхдийг нь хэн харах ёстой юм гээд урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой. Ажлаа хэрхэн хуваарилах талаар нөхөртэйгөө ярилцаад би энийг хийе, энэ ажлыг чи хий гэх мэт. Хүүхдээ усанд оруулах нь таны ажил, хүүхдээ салхинд авч гарах нь тэрний ажил гээд хуваарилна. Хуваарилсан ажлаа тэр нь хийнэ. Гэртээ хүүхдээ харах нь тэр. Яг ингэж төлөвлөгөө гаргахгүй болохоор маш их сэтгэл зүйн хямралд орж байгаа юм.
-Гэхдээ манай эрчүүд хүүхэд гаргах, өсгөх, гэр цэвэрлэх нь эхнэрийн ажил гэсэн ойлголттой ирсэн…?
-Яг тийм. Эмэгтэй хүн бол хүүхдээ тээдэг, хүүхдээ төрүүлдэг, хүүхдийг өсгөдөг, бүх ажил эмэгтэй хүний ажил. Ерөөсөө гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ. Муухайгаар хэлбэл боол шиг. Нөхөр бол ажилдаа явчихна. Угаасаа эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө үеэс бид тийм юмыг хараад өсчихсөн юм байна. Гэхдээ монголчуудын хувьд яадаг вэ гэхээр нөхрүүдийн архи уудаг нь эмэгтэйчүүдэд маш ихээр нөлөөлдөг. Ер нь хайхрамжгүй, угаасаа нэг хэнэггүй орж ирээд л эхнэртээ ч цаг гаргахгүй, хүүхдэдээ ч цаг зав гаргахгүй. Угаасаа л ингэдэг юм чинь, угаасаа л болчихдог ш дээ гэдэг байдлууд байдаг. Архи ууна. Гэр бүлээсээ илүү найз нөхдөдөө цаг зав гаргана. Тэр найз нөхдөдөө гаргаад байгаа сайхан цагаа гэр бүл, хань ижил, хүүхдэдээ гарга. Хүүхдэдээ хэдэн цагийг гаргах юм. Тэр чинь түрүүний миний яриад байсан уртын урт аяллын төлөвлөгөө юм. Эхнэртээ хэдэн цаг гаргах, хүүхдэдээ хэдэн цаг гаргах, бие биендээ яг хэдэн цаг гаргах юм. Бие биендээ цаг гаргахын тулд хэн нэгнийхээ ээжийг түр зуур дуудаад манайд, танайд хоёр цаг хүүхэд хараад өгөөч, бид хоёр нэг гадуур гарчихаад ирье гэхэд болохгүй зүйлгүй.
-Танай сургалтад эрчүүдэд жирэмсний өвдөлтийг мэдрүүлж, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгдөг. Сургалтад суусан аавууд, нөхрүүдийн хувьд эндээс өөр ойлголтыг авч байгаа нь хэрхэн илэрдэг вэ?
-Ойлголт нь шал өөр. Эрчүүд анх орж ирэхдээ бараг л ойлголт байхгүй. Эхнэрийнхээ жирэмснийхээ хугацаанд гоё аз жаргалтай байх завгүй өдрүүдийн төлөвлөгөө гаргасан уу гээд хамгийн түрүүнд асуудаг. Бүтэн есөн сарын хугацаанд эхнэрээ зөвхөн буйдан дээр хэвтүүлээд, утас шагайлгаад суулгах уу гэж би хэлдэг. Тэгэхээр хүн бодож эхэлдэг байхгүй юу. Аз жаргалтай байх завгүй өдрийн төлөвлөгөө гэхээр хүмүүс аягүй том юм боддог. Эмэгтэйчүүд хань нөхрөөсөө халамж л хүсдэг. Халамж гэдэг чинь юу юм? Аз жаргал гэдэг чинь юу юм бэ? Зүгээр л бие биенийхээ хүслийг биелүүлэхэд л аз жаргал оршиж байгаа юм. Жишээлбэл, эхнэрээ йогад явуулах, усан спортоор хичээллүүлэх, дэлгүүр хэсэх, хамтдаа зугаалах, хамтдаа кино үзэх.
Эхнэрээ йогад явуулж байгаа бол йогад явахад нь хүргэж өг, дуусахад нь буцааж ав. Энэ хооронд л хосуудын харилцаа өөр болоод байх ёстой юм. Одоо залуу хосууд чинь харьцангуй дажгүй болоод байна. Гэхдээ л нөгөө ойлгомжгүй хэвээрээ байсаар л байгаа. Ойлгомжтой хэлбэрт оруулахын тулд яах ёстой вэ? Сургалт гэдэг юм л маш олноороо байх хэрэгтэй. Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг, жирэмсэн эмэгтэйчүүдэд, хосуудад зөвлөгөө өгдөг төвүүд маш олноороо нээгдэх хэрэгтэй. Манайд ганцхан төв байгаад яах юм. Хүн хүчээ яагаад ч дийлэхгүй шүү дээ.
-Сэтгэл гутралын хамгийн хурц хэлбэрт орсон хүмүүст ер нь юу бодогддог юм бол?
-Хямарч байсан юмаа бүүр хэнд ч ярихгүй байсаар сэтгэл гутралд орно. Сэтгэл гутралд орно гэж юу гэсэн үг вэ? Дотогшоогоо болж байна гэсэн үг. Хаалттай болоод ирж байгаа юм. Тэр хүний орчинд дандаа таагүй мэдрэмжүүд орж ирнэ. Ямар таагүй мэдрэмж байдаг вэ гэхээр дандаа нөгөө дотогшоогоо болсон таагүй мэдрэмжүүд нь амиа хорлох, амиа егүүтгэх, өөрийг нь дандаа буруутгах, хүүхдийнхээ амийг егүүтгэх гэх мэт санаанууд орж ирдэг. Тэр хүнийг уг нь бол хараад ойлгохоор л байгаа юм. Харц нь гөлрөөд, шөнө босоод, ууртай болох гэх мэт хэнд ч харагдана. Ингээд байна аа гэдэг маань сэтгэл гутрал гээд бүүр сэтгэцийн эмгэг болж байгаа юм. Энэнээс гаргана гэдэг хэцүү.
-Эхнэрээ төрсний дараа зөвхөн ээжүүд ч биш аавууд мөн сэтгэл хямралд ордог гэсэн. Энэ тухайд?
-Төрсний дараа ганцхан эмэгтэй хүн дарамтад ордоггүй. Аавууд бас адилхан стресст ордог. Өнөөдөр хүүхдээ уйлагнахад шөнөжингөө хараад нойргүй хонож байгаа аав маргааш нь бас ядарна. Ажилдаа амарч чадалгүй явна. Ачаалал ихэснэ. Би амьдралыг ийм гэж бодоогүй, хэцүү ажил байна гээд адилхан стресст ордог байна. Би хосуудад хэлдэг. Ганцхан эмэгтэй хүн ингэж хямраад байдаг юм биш шүү. Таны нөхөр чинь бас доошоо хараад, толгой гудайлгаад суучихсан байдаг. Бас адилхан хямарч байгаа юм аа. Хамтдаа хямарч байвал хоёулаа гарцыг хайх хэрэгтэй. Эмэгтэйчүүд дааврын өөрчлөлтөөс болж түлхүү хямардаг бол эрчүүд хөндлөнгөөс нь хараад хямарч байна. Ихэнхдээ эхнэрээ шөнө нойргүй хонож байгааг харж байна, хүүхдээ уйлаад байгааг харж байна, хамтдаа ядарч байна. Живхний мөнгө, хоол ундаар гэр бүлээ дутаахгүй байх стресст ордог. Ажлын бүтээмж нь буурна. Тэрийг бас эхнэрүүд ойлгодоггүй. Мэдээж энэ тохиолдол бага ч гэсэн сэтгэл хямралаас гарах хамгийн сайн арга бол сайн ярилцах, хамтдаа болж бүтэхгүй байгаа зүйлээ зөвлөлдөх л юм.