Хүний эрхийн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, ХЗБХны дарга Д. Цогтбаатартай ярилцлаа.
-Хүний эрхийн өдөр уржигдар тохиолоо. Үүнд Монгол төр ихээхэн анхаарал хандуулах шиг боллоо?
-Тийм. УИХ-аас анх удаа хүний эрхийн асуудлаар хүндэтгэлийн чуулганыг хуралдууллаа. энэ бол монгол төрийн зүгээс хүний эрхэд нэн хүндэтгэлтэй хандаж байгаааа илэрхийлэх хамгийн дээд илэрхийлэл. Үүнээс өөрөөр хүний эрхийн асуудалд нэн хүндэтгэлтэй хандаж, ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэх өөр хэлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл, “Хүний эрхийн тунхаглал”- ын 75 жилийн ойд зориулж тусгайлсан хүндэтгэлийн чуулганыг хуралдуулсан нь тохиолдол биш. Түүхэн үйл явдал. гучаадхан жилийн өмнө ч юм уу, эсвэл түүнээс өмнө хүний эрхийн асуудлаар төрийн дээд байгууллага дээд түвшинд авч үзэж, хүндэтгэлийн чуулган хуралдуулна чинээ төсөөлөх боломжгүй байсан.
Тиймээс энэ бол том ололт. Хоёрдугаарт, хүндэтгэлийн чуулганыг үндэсний тэмдэглэлт, болон үндэстний уламжлалт баяртай уялдуулж хуралдуулдаг. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Хүний эрхийн тунхаглал”-ыг Нью-Йорк хотноо баталсан. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-тай холбоотой бүх суурь эрхүүд 1992 оны манай Үндсэн хуульд сууж өгснөөрөө Нью-Йоркийн буюу гадаадын эх сурвалж биш, Монголын үндэсний үнэт зүйл болсон
Тиймээс бид ийн өндөр дээд хэмжээнд хүлээж авч байгаа юм. Төр нь иргэнээ ингэж дээдэлж, хүндэлдэг болсон нь үндэсний уламжлал болсон гэж үзэж энэ нийгмийн салшгүй дотоод үнэт зүйл болсон гэдгээ илэрхийлж байгаа юм. Харж байгаа өнцгөөрөө ч гэсэн түүхэн, шинэ өнцөг л дөө.
Монголчууд уламжлалаараа “Төрийн сүлд минь өршөө” гэдэг байсан болохоос “Иргэний минь эрх чөлөө мөнх байг” гэж төр нь залбирдаг улс биш байсан шүү дээ. Тэгвэл өнөөдрийн бидний Үндсэн хууль “Иргэний минь эрх чөлөө мөнх байг” гэсэн агуулгатай.
Үүнийг өнөөг хүртэл зарим иргэд ухамсарлахгүй явж байгаа. Хүндэтгэлийн чуулганыг хуралдуулж байгаа гол учир нь иргэн бүрийн эрх чөлөө энэ төрийн эрхмийн эрхэм зорилго юм. Төр нь иргэндээ залбирч амьдардаг нийгэмд бид амьдарч байна. Үүнийгээ бид баталгаажуулж байгаа хэлбэр юм.
-Монголд хүний эрх хэр хангагдаж байгаа талаарх судалгаа байдаг уу. Зарим улстөрчид хүний эрх хэтийдээд байгаа тухай ярих юм. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Монгол ардчилсан, хүний эрх бялхаж сагасан, бараг хэтрүүлж ашиглах гээд байна гэж зарим хүмүүсийн ярьдаг ямар ч үндэслэлгүй. Өнөөдөр гараад амьсгалж байгаа агаар иргэний амьдрах эрхэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэр дундаа Улаанбаатарт амьдарч байгаа иргэн бүрд сөргөөр нөлөөлж байгаа биз дээ.
Үүнийг шийдэхийн төлөө, хүний эрхийг эдлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаас өөр сонголтгүй байгаа юм. Би утаааны сонсгол хийе гэж олон хэлсэн дээ. Утааны улирал эхлээгүй байхад л “Утаагүй болчихоор дуугүй сууцгаагаад, тайван болчихоод байна. Сонсгол хийе” гэж хэлсэн нь үүн рүү чиглэж байсан. Төр түрүүлж бодоод үүндээ хөрөнгө санхүүгээ тавьж шийдлээ бодоод л явах ёстой. Болсон хойно нь ярих биш.
Үер болох гэж байна гээд үерээс 720 хоногийн өмнө бас 2021 онд ярьсан. Үер болохоос өмнө үүн рүү хөрөнгө оруулалтаа хийж, далан ус зайлуулах байгууламжуудыг барьж байх ёстой байхгүй юу. Тэгж байж хүний эрх хангагдана. Үерийн үеэр хичнээн олон хүний өмч сүйдэв. Монголд хүний эрх ихдээд байна, хэтэрчихсэн гэдэг улстөрч, бүр хуульчид ч байдаг. Бодит байдлыг харвал үгүй байгаа биз дээ.
-Хүний суурь эрхийн нэг нь эдийн засгийн эрх чөлөө. Гэтэл төр иргэний эдийн засгийн эрх чөлөөг боож байна уу гэмээр үзүүлэлтээд харагдах юм. 2021 онд таныг төрийн өмчит аж ахуйн нэгж шинээр нэгийг ч байгуулахгүй, хориг тавья гэж ярьж байсныг санаж байна…
-Төрийн өмчит аж ахуйн нэгж томрохоор эдийн засгийн том шийдвэрүүдийг төр гаргаад байна. Гэтэл хувийн салбар жижгэрч давжаарчихсан байгаа. ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшил эзэлдэг гэж тооцоод явж байтал өнөөдөр 40 хувь болчихсон байна шүү дээ. Бидний бодож байгаагаас хоёр дахин бага байна. Зарим судалгаагаар үүнээс ч бага гарсан. Төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээг 60 хувь гэж ярьж байхад орон нутгийн болон төрийн байгууллагуудад байгаа янз бүрийн санг яриагүй байсан. Би судалгааны танилцуулгадаа тэр талаараа бичсэн л дээ. Энэ мэдээлэл надад олдохгүй байна гэж. Тэр мэдээлэл ороод ирвэл хувийн хэвшлийн ДНБ эзлэх хувь 40-өөс багасна. Төрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 60-аас нэмэгдэнэ гэж бичиж байсан. Төд удалгүй боловсролын зээлийн сангийн асуудал гарч ирсэн. Хичнээн тэрбум төгрөгийн асуудал гарч ирэв. Энэ мэтээр хувийн хэвшил бүр ч жижгэрч байна. Үүний ард иргэний чөлөөтэй бизнесээ эрхлэх эрх чөлөөг төр аль хэдийн аваад төрийн бизнес болгоод хийчихсэн явж байгаа юм. Төрийн компаниудын тэр их мөнгөний ард дарга нарын гарын үсэг зурдаг мөнгөний эрх мэдэл нэмэгдсэнээс хувийн бизнесүүдийн бизнесийнхээ хөрөнгө оруулалт ажлын байр нэмэгдүүлэх, цалин хөлсний сангаа нэмэгдүүлэх талаар гарын үсэг зурдаг мөнгөний хэмжээ тэр хэмжээгээр багасчихсан. Иргэний эдийн засгийн эрх чөлөө багасчихсан байгаа юм. Тэгэхээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ярьж байгаагийн ард таны эдийн засгийн эрх чөлөөг ярьж байна гэсэн үг.
Үндсэн хуулиар Монгол төрийн гаргаж байгаа шийдвэр бүр хүнтэй холбоотой. Шууд болон шууд бус утгаараа иргэдийн амьжиргаа, амьдрал, нэр хүндтэй сэтгэл хангалуун амьдрах орчныг бүрдүүлэх гээд байгаа юм. Учир нь Үндсэн хуульд заасан хамгийн гол зорилго нь “Ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулна” гэсэн байдаг. Ардчилсан гэдэг нь иргэн эрх чөлөөгөө эдэлдэг. Хүмүүнлэг гэдэг нь иргэн ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг хангаж өгдөг. Үнэхээр амьжиргаа хүнд, ядарсан нэгэндээ нийгмийн халамж туслалцаагаа үзүүлдэг. Өөрийгөө тэжээгээд явж чадах иргэдийг дэмжиж ажлыг нь хийлгэдэг. Өмнөөс нь ажлыг нь буцааж авч хийгээд, дараа нь тэр хүмүүстээ ажил олгогч болох тухай асуудал биш. Ингээд ярихаар хүний эрхийн асуудал шийдэгдэх болоогүй байгаа биз дээ. Бидэнд шийдэх маш олон асуудал бий.
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө өнөөдөр хангагдаж чадахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын үгээ хэлэх эрх чөлөө иргэн бүрийн үгээ хэлэх эрх чөлөөний илэрхийлэл юм. Аливааг сурвалжилж байгаа хүн сэтгүүлч гэдгээрээ хэлж байгаа юм биш. Иргэн бүрийн өмнө тулгарсан, иргэдийн хэлэх гэснийг гаргаж ирж төрд хэлээд байгаа юм. Үг хэлэх эрх чөлөө бол суурь эрх чөлөө. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д заагдсан гол эрхүүдийн нэг нь.
Үг хэлэх эрх чөлөөний Үндсэн хуулийн заалт яригдаж байхад үүнд ямар нэгэн хязгаарлалтын асуудал яригдаж байгаа бол хязгаарлалтыг тавих босго маш өндөр байх ёстой. Мэдээж үгээ хэлэх эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдын эрх чөлөөг хааж, халдаж, хохироож болохгүй. Үүнд хуулийн хэм хэмжээ хуулиар бий. Тэгэхдээ тэр шалгуур нь маш өндөр шүү гэдгийг хууль хяналтын байгууллагууд ойлгож байх ёстой. Үүн дээр жижигхэн эргэлзээ байгаа бол энэ улсын шүүх, хуулийн тогтолцоо үг хэлэх эрх чөлөөний талд явна шүү. Энэ улсын хууль аль болох үг хэлэх эрх чөлөөг хамгаалах тал дээр явна.
Үүн дээр ямар нэгэн хязгаарлалт оруулж ирэх гэж төрийн зүгээс ямар нэгэн хууль хяналтын байгууллагын зүгээс ярьж байгаа бол та нарын үндэслэл эргэлзээгүй баталгаа нотолгоотой байх ёстой шүү. Тэгээгүй бол дутуу дулимаг, ажиг сураг маягийн сэжиг таамаг төдий зүйлээр сэтгүүлчдийн эрхэд халдсан бол эргээд тэр хүмүүс хариуцлага хүлээнэ. Тиймээс үүн дээр хуулийн тогтолцоо анхнаасаа хамгийн түрүүнд авч үзэх зүйл нь үг хэлэх эрх чөлөөнд халдах ёсгүй. Халдсан бол үндэслэл нь юу юм бэ гэдгээ хоёрдугаарт үзэх ёстой. Эрэмбэ дараа нь ийм юм. Тиймээс үүнийгээ маш сайн бодож байх ёстой. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, иргэдийн үг хэлэх эрх чөлөө халдашгүй хамгаалалттай зүйл.
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлж хамгаалахын тулд Монгол төрийн бодлого ямар байх ёстой гэж та бодож байна вэ?
-Монгол төрийн бодлого ямар байх вэ биш, монгол төрийн бодлогыг ямар байлгахын төлөө бид зорих хэрэгтэй вэ гэж хандах учиртай. Учир нь таны эрх чөлөө таны гарт байгаа.
Төр гэдэг машин байгаа цагт эрх чөлөө рүү халдах эрсдэл байнга байдаг. Ерөөсөө зүй тогтлыг нь шууд ингэж ойлгож байх ёстой. Үүний хамгийн гол зүйл нь Монгол Улсад үгээ хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай байлгахын тулд таны эрх чөлөө таны гарт байгаа. Дуугүй байж болохгүй. Миний өмнөөс хэн нэгэн дуугарна гэж хүлээж хэрэггүй.
Хоёрдугаарт, энд иргэний нийгмийн тогтолцоо маш чухал. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамт иргэний нийгмийн байгууллагууд ингэж болохгүй юу хийгээд байгаа юм бэ гээд дуугараад явж байх ёстой. Үүнээс гадна мэдээллийн ил тод байдлын тогтолцоо халдашгүй хамгаалалттай байх ёстой. Аль нэг асуудал дангаараа юмыг хэзээ ч шийддэггүй. Бүтэн систем байж байж үгээ хэлэх чөлөө хамгаалагдаж байгаа юм. Хамгаалах хамгийн гол баталгаа нь иргэд өөрсдөө.
Иргэд өөрсдөө эрхээ бүрэн ойлгож, эрхийнхээ төлөө тэмцдэг байх ёстой. Хүний эрх ихэднэ гэсэн ойлголт байхгүй. Учир нь бид хуулийн доор оршиж байгаа. Тиймээс эрх, үүргийн харилцаа тодорхой хязгаараа хуулийн хүрээнд тавьж өгсөн байдаг. Иргэд эрхээ тэр бүр мэдэхгүй, эрх нь зөрчигдөж байхад анзаарахгүй явж байгаа тохиолдол ихэнхдээ байдаг болохоос биш иргэд өөрийнхөө эрхийг хэтрүүлж эдлэх гээд байгаа зүйл байдаггүй.
Харин төр өөртөө байхгүй эрхийг байгаа мэтээр өөрт авч, иргэдийн эрх рүү халдах гээд байдаг эрсдэл дэлхий дахинд их түгээмэл бий. Төр өөртөө оногдсон эрхээс давсан эрх эдэлж, иргэний эрхийн орон зай руу халдах вий гэдгийг урьдчилан сэргийлэх ажил явагдаж байх ёстой. Иргэний хөдөлмөрлөх, эдийн засгийн, үг хэлэх эрх чөлөө чөлөөтэй байвал нийгэм илүү бүтээлч сэтгэдэг. Ямар нэгэн асуудлаа хэн нэгнээр заалгахгүй байгаа хүн амьдралаа авч явахын төлөө өөрөө бүтээлчээр сэтгэнэ биз дээ. Хүн амьдрахын төлөө юу эсийг бодож, зүтгэх билээ. Тэгж бодож байгаа хүнд хөдөлмөрлөх эрх нь чөлөө, өөрийгөө аваад явах боломжийг нь төрийн зүгээс дэмжиж өгөх ёстой. Түүнээс ширээн дээр хоолыг нь тавьж өгөөд би жаргаана гэх бус, та өөрөө жарга. Жаргахад тань би саад болмооргүй байна. Өөрөө өөрийнхөө эзэн нь та шүү гэдэг байх. Энэ хоосон үгс биш. Бүх хуулийн тогтолцоо үүн дээр суурилж байгаа юм.
Төрийг байранд нь байлгадаг субъект нь сонгогчид өөрсдөө. Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага. Үүн дотор сэтгүүлчид үйл ажиллагаа хянадаг, зохицуулдаг механизмтай байх ёстой. МСНЭ дотроо асуудлаа ярьдаг, хэлэлцдэг байх мөн чухал. Учир нь эрхээ хэтрүүлж олон нийтэд ташаа байдлаар мэдээлэл хүргэдэг тохиолдол бий шүү дээ. Үүнийгээ сэтгүүлчид өөрсдөө зохицуулдаг байх ёстой. Нөхцөл байдлаа дотроо ярьдаг байх хэрэгтэй. Үүний хажуугаар мэдээж хэрэг хуулиуд нь байх ёстой.
Хамгийн гол нь хууль үйлчлэхдээ нэгдүгээрт, сэтгүүлчийн эрхийг хамгаалах тайлбар явагдаж, түүнийг давсан хөдөлшгүй баримт нотолгоо байж байж сая энэ эрхэд халдахгүй байх үүд хаалга нээгдэнэ. Хуулийн философи үзэл баримтлал нь ингэж батлагдсан улс.
Төр дарга нар биш шүү. Монгол хүний эрх чөлөөний баталгаа эрх чөлөөгөө ойлгосон монгол хүн өөрөө.
Хэвлэл мэдээлэл хүчтэй. Бид өдөр тутам үйл ажиллагаа явуулж байхад Төрийн ордонд сэтгүүлчид байж болох бүх шүүмжлэлтэй асуудлыг гаргаж тавьдаг. Үүнийх нь үр дүнд олон шийдвэрээ эргэж харж, тодорхой засвар, сайжруулалт хийгдэж байгаа шүү дээ. Ингэж хамтын хүчин чармайлтаар ажил явж байна.
Р.ХИШИГЖАРГАЛ