-ДЭЛХИЙ НИЙТ АНХААРЛАА АЗИ РУУ ХАНДУУЛАВ-
Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан олон үйл явдал Ази тивд өрнөлөө. Японы Осака хотноо “Их 20”-ийн орнуудын 14 дэх удаагийн чуулга уулзалт энэ сарын 28-29-ний хооронд болж өндөрлөв. Харин өчигдөр БНСУ-д айлчилж буй Д.Трамп Умард Солонгосын нутагт хөл тавьсан нь түүхэн үйл явдал болсон юм.
ТРАМП-КИМ НАРЫН ГУРАВ ДАХЬ УУЛЗАЛТ
Ням гаригийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай хоёр Солонгосын хилийн зааг болох цэрэггүй бүсэд уулзах санал тавьжээ. Гэнэтийн гэх энэхүү албан бус урилгыг Ким Жөн Ун хүлээж авсан төдийгүй түүнтэй уулзсан юм. Тэдний уулзалт мөн өдрийн үдээс хойш болсон. Эхлээд хилийн шугамны хоёр талаас тэд гар барьж, мэндчилжээ. Ингэхдээ Ким Жөн Ун “Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энд тантай уулзана гэж огт төсөөлж байсангүй. Энэ бол маш зоригтой, шийдэмгий үйлдэл” гэж Д.Трампад хандан хэлжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай дотно нөхөрсөг харилцаатай байдгаа онцлоод “Бид анх уулзсан өдрөөсөө эхлэн бие биедээ таалагдсан” гэжээ.
Ким Жөн Ун цааш нь хэлэхдээ “Энэхүү уулзалтыг өмнөөс ярьж төлөвлөөгүй. Тиймээс энэ нь гэнэтийн бэлэг байлаа” гээд Д.Трамптай сайн харилцаатай учир энэ уулзалтыг хийж байна гэв. Дараа нь Панмунжом тосгонд Трамп, Ким нар БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй нэгдэж, товч уулзалт хийв.
Сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын хооронд ажлын түвшний яриа хэлэлцээг ойрын 2-3 долоо хоногийн дотор сэргээхээ мэдэгджээ.Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ ирээдүйд цуцална гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Д.Трамп “Би энэ хориг арга хэмжээг цуцална гэдэгт найдаж байна. Энэ улс орны эсрэг хориг арга хэмжээ авсан нь надад таалагдахгүй байгаа гэж хэлэхдээ хорих арга хэмжээ хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн онцолжээ. АНУ-ын ерөнхийлөгч мөн Умард Солонгосын удирдагчийг АНУ-д тааламжтай цагтаа айлчлахыг урьсан байна.
Д.Трамп нь цэрэггүй бүсээр дамжин Умард Солонгост хөл тавьсан анхны АНУ-ын төрийн тэргүүн болж байгаа юм. Үүнэс өмнө Умард Солонгост АНУ-ын хоёр ерөнхийлөгч асан очиж байж. Тухайлбал, Жимми Картер 1994, 2010 онд, харин Билл Клинтон 2009 онд очсон агаад тэд ерөнхийлөгч биш байхдаа тус улсад хөл тавьж байжээ. Д.Трампын хувьд 1953 онд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэж байгаа юм.
Трамп, Ким нарын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт 2018 онд Сингапурт амжилттай болж байв. Тэдний удаахь уулзалт Вьетнамын Ханой хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон ч үр дүнд хүрэлгүй мухардалд ороод байсан юм.
“ИХ-20”-ИЙН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
Тус чуулганы эхэнд “Их 20”-ийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд хоёр болон гурван талт уулзалтуудыг хийжээ.
Д.ТРАМП, СИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТ
“Их 20”-ийн уулзалтын нэг чухал хэсэг нь АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп, Хятадын дарга Си Жиньпин нарын уулзалт байв. Өнгөрсөн бямба гаригт болсон энэхүү уулзалтаар талууд хоёр орны хооронд үргэлжилж байгаа худалдааны маргаан зөрчлийг зогсоох талаар хэлэлцжээ. Уулзалтын үр дүнд АНУ, Хятад улсууд худалдааны дайны “гал зогсоох” тохиролцоонд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Хятадаас АНУ-д экпортолдог 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар оноох төлөвлөгөөгөө Трамп хойшлуулж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Үүнээс гадна Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавьсан нэг талын хоригийг цуцалжээ. Улмаар АНУ-ын технологийн компаниуд Хуавэй компанид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр Google компанийн Андроид систем, Qualcomm, Intel зэрэг компаниудын хагас дамжуулагч эд ангийг Хуавэй өөрийн бүтээгдэхүүнд ашиглах боломж нээлттэй хэвээр үлдэж байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны маргааныг эцэслэж чадаагүй ч энэ удаагийн уулзалтын шийдвэр нь зах зээлд богино хугацааны сэргэлт авчрах нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.
В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН УУЛЗАЛТ
“Их 20” –ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар тусгайлан уулзсан юм. Хоёр удирдагчийн уулзалт 80 минут орчим үргэлжилжээ. Тэд сүүлийн үед таагүй байгаа хоёр улсын харилцааг дахин сэргээхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн Оросын төрийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчийг ирэх онд болох Дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын 75 жилийн ойн парадад оролцохыг урьсан байна. Ямартаа ч долоон сарын өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр мэнд ч мэдэлцээгүй өнгөрсөн хоёр удирдагч энэ удаа их л дотно, найрсагаар уулзаж, олон асуудлын талаар нухацтай ярилцжээ.
Хоёр болон гурван талт уулзалтын дараа Японы ерөнхий сайд Ш.Абэ чуулганыг нээж үг хэлжээ. Тэрээр “Чөлөөт, нээлттэй эдийн засаг бол энх тайван, хөгжил цэцэглэлтийн суурь. Гэхдээ протекционист бодлогоор хариу арга хэмжээ авах механизм нь үр ашиг багатай. Даяаршлын нөлөөн дор огцом шилжилт өөрчлөлт гарах нь сандрал бий болгож, улс орнуудын дунд томоохон зөрчил үүсгэж болзошгүй. Худалдааны аливаа арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу авах шаардлагатай. Дэлхийн одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд миний бие маш их санаа зовниж байна. Дэлхий нийт “Их 20”-ийн орнууд ямар алхам хийх вэ гэж анхаарлаа хандуулж байна. Бид чөлөөт, шударга, үл ялгаварласан худалдааны системийг дэмжиж, бэхжүүлэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.
Осака хотод болсон энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “Бид чөлөөт, шударга, үл ялгаварлах, ил тод, урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана” гэжээ. Мөн талууд далайн тэнгис дэх хог хаягдлыг дахин нэмэгдэхээс сэргийлж, 2050 он гэхэд хуванцар хог хаягдлыг тэг болгох зорилт тавьжээ. “Их 20”-ийн орнуудын удирдагчид чөлөөт, шударга худалдааг хөгжүүлэхээр тохиролцсон хэдий ч АНУ, БНХАУ худалдааны маргаантай байгаа үед худалдааны хамгаалалтын бодлогын эсрэг тэмцэх амлалт өгөөгүй гэнэ.
“Их 20”-ийн бүрэлдэхүүнд Австрали, АНУ, Аргентин, БНСУ, Бразил, Герман, Европын Холбоо, Индонез, Итали, Их Британи, Канад, Мексик, Орос, Өмнөд Африк, Саудын Араб, Франц, Турк, Хятад, Энэтхэг, Япон багтдаг байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР