Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Авто бензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй

Уул уурхайн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юу болсон бэ?

-Энэ удаагийн хуралдаанаар авто бензинтэй холбоотой онцгой албан татварыг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж, тодорхой хугацаанд тэднийг нөөцөө хангах үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гараагүй. Дараагийн Засгийн газрын хуралдаанаар авто бензинтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

-Тэгэхээр авто бензины онцгой албан татвар нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Төрийн албан хаагчдад урамшуулал олгох 55 тэрбум төгрөгөөс эхлээд санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Авто бензин, дизель түлшний үнэ нэмэгдэхэд нийгэмд бухимдал үүсч магадгүй. Тиймээс үнэ дээр болгоомжтой хандах ёстой.

-Онцгой албан татвар нэмлээ гэхэд жижиглэнгийн үнэ нэмэгдэх үү. Шатахуун импортлогчид ашгаа бодоод нэмнэ л гэх байх?

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т шатахууны үнийг тодорхой үе шаттай нэмэх заалт байгаа. Засгийн газар үүн дээр уян хатан хандаж, зөв алхам хийх ёстой. Үүн дээр болгоомжтой хандаж байна.

-Засгийн газрын хуралдаанаар Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд нүүрсний тээвэрт зохицуулалт хийхээр болсон. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосноор нэлээд хэл ам дагуулж байсан. одоо хэвийн ажиллаж эхэлсэн үү?

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, албан ёсоор гаалийн хяналтын бүсийг нээсэн. Үйл ажиллагааг нь эхлүүлэхийг холбогдох салбарын сайд нарт нь үүрэг болгосон тогтоолын төсөл гарсан. Гаалийн хяналтын бүсийг дахин байгуулах, тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангах, үйл ажиллагаан дээр нь хяналт тавих, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг нь Сангийн яаманд даалгасан.

Зам тээврийн хөгжлийн яам гэхэд зам, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах шийдвэр гарсан. БОАЖЯ гэхэд байгаль орчинд ээлтэй тоосжилт, нүүрсний тортог үүсэхээргүй ажиллуулах үүрэг өгсөн. Уул уурхайн яам уурхайн аман дээр нүүрсээ борлуулж, тээвэрлэлт хийж байгаа компаниуд дээр хяналтаа тавьж ажиллана.

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг бүр нээчихсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл түр хугацаагаар нээж байгаа юм. Энэ хугацаанд 81-90 км үргэлжилж байгаа нүүрс тээвэрлэж буй автомашины цувааг арилгаж хэвийн горимд шилжүүлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллана. 90 км үргэлжилж буй цуваанд орсон нүүрс тээвэрлэж буй авто машинууд дээд тал нь 17 хонож байж хилээр нэвтэрч байгаа. 7600 тээвэр хийж байгаа авто машины 30 гаруй жолооч нь эмэгтэй байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг ашиглахаас өөр сонголт алга.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулж буй компаниудын толгой компани нь ихэвчлэн оффшор бүст хөрөнгөө байршуулсан байдаг. Манайхан болохоор оффшор гэхээр муу муухайн үүр уурхай гэж ойлгоод байх юм. Эдийн засаг амаргүй үед хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал. Хөрөнгө оруулагчдаа үргээх эрсдэл үүсч магадгүй юм…

-Оффшор бүсийг манайхан буруу ойлгоод байгаа юм. Улс төрчдийн мөнгөө нуудаг газар мэт ойлгож, ярьж байна. Уг нь бизнес эрхлэгчдийн хувьд татварын хамгийн таатай нөхцөлийг бий болгож өгч байгаа газар. Панамын оффшор бүс гээд яригдсан. Дараа нь бизнесмэнүүд мөнгөө нуусан гээд шуугив даа. Дэлхийн улс төрийн том эргүүлгэн дунд бид дагаад эргэчихэж байгаа юм. Улс төрчид үнэхээр оффшор бүст мөнгөө нуудаг үгүйг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага ажиллаад тодорхой болгох байх.

Бизнес эрхлэгчдийн хувьд аль болох бизнесийн болон татварын таатай орчинд үйл ажиллагаагаа явуулахыг хүсдэг. Нэг үгээр хэлбэл төр нь, нийгэм нь тогтвортой нам гүм орчныг сонгохыг хичээдэг. Ийм орчныг бүрдүүлэхийн тулд АНУ, Англи зэрэг хэд хэдэн орон мөнгөний урсгалыг өөрсдөдөө чиглүүлэх зориулалттай гарсан гэж ойлгодог. Манайхны хувьд улс төрчид мөнгөө нуудаг мэтээр ойлгоод байдаг.

Аливаа зүйл хоёр талтай. Нэг хэсэг нь алдаж байхад нөгөө талд нь онож байдаг юм. Алдаатай талыг нь улс төрчид ашиглаад байгааг үгүйсгэхгүй.

-Ялангуяа манайд орж ирж буй уул уурхайн хөрөнгө оруулалтуудын дийлэнх нь оффшор бүст толгой компани нь бүртгэлтэй байдаг. Үүнийг улс төрчдийн оффшор бүст данс эзэмшиж байгаагаас ялгаж салгах хэрэгтэй байх…

-Сая хэлсэн дээ, бизнесийн болон татварын таатай орчныг бүрдүүлэх. Бид Английн хуулиар яваад байгаа. Тэр утгаараа Лондонгийн арбитрын шүүх дээр очдог. Учир нь хөрөнгө оруулалт хийж буй компаниуд манай хууль эрх зүйн орчинд итгэхгүй байгаа юм. Хуулиа өөрчилдөг, өөрчилсөн хуулийнхаа хүрээнд шахаад гаргадаг, улс төр нь тогтворгүй гээд асуудлууд бий. 2012 оны дөрөвдүгээр сард гарсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс болж хөрөнгө оруулагчид үргээд байгаа л даа. Одоо болтол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа нь бага байна.

Төр засаг, эрх зүйн орчин нь тогтвортой, бодлого нь оновчтой байж бид гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөл бий болно. Одоо төр засгаа тогтвортой байлгах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэх ёстой.

-Уул уурхайн компаниуд IPO хийлээ гэхэд аль нэг улсад бүртгүүлж таарна. Оффшор бүст бүртгэлтэй гэж хэлэгдэхгүйн тулд яах ёстой юм бэ?

-Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гэхэд тэдний хуулинд нийцүүлж явна. Өөрсдийнхөө хуулиар явна гэхээр манай хууль эрх зүйн орчин хүлээн зөвшөөрдөгдөхгүй байгаа. Бид стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэвэл дэлхийн хэмжээний нээлттэй хувьцаат компани байгуулах замаар явна. Өөр сонголт бидэнд байхгүй. Ингэж байж компанийн үйл ажиллагаа сайжирч иргэддээ хүртээмжтэй, хариуцлагатай болно. Удирдаж буй хүмүүс нь өндөр шалгуураар томилогддог болно шүү дээ. Энэ замаар явахын тулд тодорхой үе шат хэрэгтэй.

-Нээлттэй хувьцаат компани болохын тулд оффшор бүст очиж л таарах гээд байна л даа, яах ёстой вэ. Дээр хэлсэнчлэн манайхан оффшор гэхээр л хадны мангаа шиг боддог?

-Хонгконг руу IPO гаргая гэвэл тэнд бүртгэлтэй, АНУ руу гаргая гэвэл АНУ-д бүртгэлтэй болж таарна. Хориглоод байгаа зүйлсийн эсрэг хууль эрх зүйн ямар зөв гарцаар гарах вэ гэдгээ бодох нь чухал.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *