УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
-Өргөдлийн байнгын хороо “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын биелэлт, явцын талаар салбарын сайдын танилцуулгыг өнгөрсөн долоо хоногт сонссон. Тогтоолын биелэлт ямархуу байна вэ?
-Туул голын бохирдлын асуудлыг шийдвэрлэх ажлын явц зогсонги байдлаас гарч байна. Өргөдлийн байнгын хороо Туул голын бохирдлын асуудлаар хэд хэдэн удаа авч хэлэлцэн, газар дээр нь ч очиж нөхцөл байдалтай танилцсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд байнгын хороо гишүүдээрээ хэлэлцэн 03 тоот тогтоол баталж Засгийн газарт чиглэл өгсөн юм. Энэ тогтоолын биелэлт, ажлын явцын талаар байнгын хороо сонслоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ асуудалд ажил хэрэгч ханджээ. 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, нийслэлийн удирдлагууд элс, хайрга, дайрга олборлох зөвшөөрлийг олгодог болсон нь бүтээн байгуулалтын ажилд тустай, явдал чирэгдэл бага болсон зэрэг ач холбогдолтой. Гэвч нөхөн сэргээлтийн ажил хяналтгүй орхигдож олон байгууллагын дунд сарних нөхцөл болсон гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Энэ мэтчилэн шалтаг шалтгаан тоочвол олон зүйл хэлж болохоор. Өнөөгийн бодит үнэн гэвэл Туул голын сав газарт хайгуулын 143, ашиглалтын 341 тусгай зөвшөөрөл олгогджээ. Тэдгээрээс нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж хуруу дарам цөөн атлаа тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан нь нэг ч байхгүй гэдгийг холбогдох хүмүүс байнгын хорооны хуралд мэдэгдсэн. Үүний уршгаар Туул голын усны түвшин буурсан, бохирдол ихэссэн, хүн мал ундаалж бэлчих нь бүү хэл явах ч боломжгүй болоод байна. Кареруудын үйл ажиллагаанаас үлдсэн овоолсон шороо, түүнийг тойрсон нүхэнд хүн мал унаж осолдох явдал байнга гарч байна. Хамгийн сүүлд ХУД-ийн XX хорооны иргэн Г.Отгонбаатарын 10 настай хүү нүхэнд тогтсон борооны усанд унаж амь насаа алдлаа. Хавар эхэлмэгц карерын тоос шороонд дарагдсан хүн мал бүхэлдээ зэгэлтэн амьсгалын замын, харшил зэрэг олон төрлийн өвчинд нэрвэгдсээр байна. Гэрээ цэвэрлэж, тоосоо арчаад ч нэмэргүй эргээд харахад сааралтсан байдаг гэж иргэд, оршин суугчид ярьж байна. Ухсан нүх, овоолсон шороонд иргэд хогоо хаяж, дулаан цагт эвгүй үнэр тархахын зэрэгцээ, мал амьтан түүнийг нь идэж халдварт өвчин үүсэх эрсдэл бий болгодог байна.
-Туул голоос хайрга, дайрга олборлочихоод нөхөн сэргээлт хийгээгүй тэдгээр аж ахуйн нэгжүүдийг одоо яах вэ?
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1.3-т “…нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга цуцлах бүрэн эрхтэй” гэж заасан боловч энэ заалт үндсэндээ хэрэгжихгүй явж ирсэн байна. Хуулийн заалт ийм байгаа ч 2014 оноос өмнө өөр байгууллага зөвшөөрөл өгснийг тухайн байгууллага нь шийдэх ёстой гэсэн байдлаар хандаж ирснийг нийслэлээс Ашигт малтмалын газар 196 аж ахуйн нэгжийн асуудлыг шийдвэрлэх эрхийг шилжүүлэхийг хүссэн албан бичгээс харж болно. Хэлэлцүүлгийн явцад уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төрийн мэргэшсэн төв байгууллага нь гартаа авч ажиллах шаардлагатай гэсэн санал давамгайлж байлаа. Өнөөгийн үүссэн нөхцөл байдал асуудлыг нэг талдаа шийдэх шаардлагатайг харуулж байна. Тиймээс Ц.Дашдорж сайдын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хийсэн ажил, өгч буй мэдээлэл, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсож хэлэлцээд долоон заалт бүхий чиглэлийг Засгийн газарт өглөө. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу богино хугацаанд шуурхай ажиллаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн эрх цуцлах санал, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хяналтын бүтэц бий болгох зэрэг чиглэлээр ажиллаж тодорхой мэдээлэлтэй хуралд орж ирсэнд талархаж байна. Засгийн газарт өгсөн чиглэлийн гол агуулгыг товчилж хэлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүртэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байх, байгаль орчинг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, байгаль орчинг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, гол ус бохирдуулсан, үйл ажиллагааных нь улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүрт тухайн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах, буруутай аж ахуйн нэгж, түүний хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагад эрүүгийн хариуцлага ногдуулах, байгаль орчинг нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гаргуулах, Туул голыг хамгаалах тусгай хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулах, аж ахуйн нэгжүүдэд элс, хайрга, дайрга олборлох газар нутгийг тусгайлан зааж зөвшөөрөл олгох зэрэг чухал асуудлуудыг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгалаа. Ер нь Туул голын бохирдлын асуудлыг байнгын хороо хөндөхдөө 5648 хүний өргөдөлд суурилсан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, дарамт шахалт учруулах өчүүхэн ч санаа үгүй. Гагцхүү өндөр сайхан барилга, өргөн дардан замтай болсон ч усгүй болох аюул тулгарч буй учраас энэ асуудлаа эн тэргүүнд тавьсан гэдгийг хэлэх ёстой. Барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүддээ хотоос 150 км-ээс багагүй зайтай, хүн малын амьдрах орчинг сүйтгэхгүй байхаар газар зөвшөөрөл өгөх чиглэлийг тогтоолд орсон гэдгийг онцолъё.
-Туул голыг бохирдуулж байгаа бас нэг хүчин зүйл бол цэвэрлэх байгууламж байна. Мөн арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай яригддаг. Цэвэрлэх байгууламжийн хувьд шинэчлэн засварлах хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдсэн үү?
-Туул голыг бохирдуулж буй гурван том хүчин зүйлийг мэргэжлийн байгууллагууд хэдийнэ тогтоосон. Энэ нь төв цэвэрлэх байгууламж, арьс, ширний үйлдвэрүүд, карерын үйл ажиллагаа байгаа юм. Асуудлыг байнгын хороогоор нэг нэгээр нь хэлэлцэж байна. Нийслэлийн орон сууцны барилгын дунд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүд Туул голыг бохирдуулж, дулааны улирал эхлэхээр байж суухын аргагүй өмхий үнэр гаргаж, оршин суугчдыг зовоож байна. Аж ахуйн нэгжүүд орон сууц баригдахаас өмнө бид энд ажиллаж байсан гэдэг л юм. Хэдэн мянган оршин суугчид, иргэдийнхээ эрх ашгийг төр илүүд үзсэн. Дараагийн удаа арьс, ширний үйлдвэрүүдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нийслэлээс нүүлгэх УИХ-ын 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсоно. Цэвэрлэх байгууламжийн тухайд газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Хүнд нөхцөлд эрвийх дэрвийхээрээ ажиллацгааж байна лээ, байгууллагын хамт олон. Гол нь байгууламж нь ачааллаа дийлэхээ байсан, тоног төхөөрөмж хуучирсан зэрэг нь асуудал болдог юм байна. Өмнөх парламент засвар, зарим шинэчлэлийн ажилд зориулж найман тэрбум төгрөг баталж эхний таван тэрбумыг нь өгсөн ч үндсэндээ хийсэн ажил нь тодорхойгүй, тавьсан хоёр насос нь ажилладаггүй нэг тийм нөхцөл байдалд байж байна. Байгаа боломжоосоо хоёр дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа, 1964 онд байгуулагдсан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаас өөр сонголт үгүй болсонтой мэргэжлийн хүмүүс санал нэгдсэн юм билээ. Үүнд дээд тал нь 400 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Засгийн газар Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд онцгойлон анхаарч энэ онд барилгын ажлыг эхлүүлэхээр тооцоо судалгаа, сонгон шалгаруулалтаа хийгээд явж байна.
-Туул голын эргийг арваадхан том компани хашиж авчихаад энгийн иргэдийг оруулах боломжгүй болгочихлоо. Энэ тухай “Өдрийн сонин” цуврал сурвалжлага бэлтгэсэн. Туул гол бол тэр хэдэн баячуудын өмч биш. Нийслэлчүүд маань зундаа гол ус бараадан амардаг баймаар байна. Иргэдээс ийм гомдол танай байнгын хороонд хэр зэрэг ирж байна. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд танаас энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар гарц эрэлхийлэх талаар асуумаар байна?
-“Өдрийн сонин” энэ талаар асуудал дэвшүүлэн цуврал сурвалжлага хийж буйг уншиж байна. Та бүхэнтэй санал нэг байгаа. Улаанбаатарчууд маань угаасаа амарч зугаалах газраар хомс. Зун болохоор байгаль ресторан руу явлаа гээд л Туул голоо тойрон амарч зугаалдаг. Энэ боломж нь боогдоод ирэхээр бухимдалгүй л яахав. Хэний ямар компани хашаалж эзэгнэснийг би мэдэхгүй. Зөвшөөрөл авч л ашигласан байж таараа. Тиймээс ойлголцох шаардлага гарах байх. Аж ахуйн нэгж, иргэн хэн нь ч гэсэн олны эрх ашигт нийцэх байдлаар шийдэх талд нь хандана байх гэж харж байна.
-Нийтийн эзэмшлийн газрыг ингэж хувийн өмч мэт хашиж авсан компаниудаас эзэмшиж буй нийт талбайнх нь 30 хувийг чөлөөлүүлж, иргэд чөлөөтэй нэвтэрдэг болгоно гэж хотын дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Энэ асуудалд Өргөдлийн байнгын хороо хамтарч арга хэмжээ авах уу?
-Хотын дарга тодорхой байр суурь илэрхийлсэн байна. Би энийг л хэлээд байна. Ойлголцож, зөвшилцөж дундын хувилбараар шийдэж чадна гэдэгт итгэж байгаа. Өргөдлийн байнгын хороонд хүрэлгүй асуудлыг хот шийдчих байх аа. Тиймээс ч байр сууриа хотын дарга С.Батболд тодорхой илэрхийллээ гэж ойлгож байна.
-Нийслэл хотод амралт, зугаалгын ногоон бүс хомс. Богд уулаас өгсүүлээд бүхий л уулын амыг баячууд авчихсан байдаг. Хотын иргэдийг ногоон бүсдээ чөлөөтэй амарч, зугаалах боломжоор нь хангахад ямар ажил хийх ёстой гэж та үзэж байна вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голоо хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж, голын дагуу явган болон дугуйн зам тавьж эрүүл, цэвэр, амралтын бүсийг байгуулна гэж тодорхой томьёолсон байгаа. Энэ хөтөлбөрөө дөрвөн жилийн хугацаанд бид хэрэгжүүлж ажиллана. Тэгэх ч үүргийг иргэд, сонгогчдынхоо өмнө хүлээсэн.
-Сүүлийн үед утааны асуудлаар эцэг, эхчүүд хоёр ч удаа тайван жагсаал зохион байгууллаа. Тэд Өргөдлийн байнгын хороонд хандсан гэсэн. Асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?
-Үр хүүхэд, хойч ирээдүйнхээ эрүүл саруул амьдралын төлөө зүтгэж буй эцэг, эхчүүдийг би дэмжиж байгаа. Өргөдлийн байнгын хороо утааны асуудалд онцгой анхаарал тавьж ажиллаж байна. ”Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудад 18 заалт бүхий чиглэл өгсөн. Байнгын хорооноос өгсөн чиглэл Засгийн газар, нийслэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тусгалаа олсон байна лээ. Хувь гишүүний хувьд ч утааны асуудлаар УИХ, байнгын хороодын хуралд байр суурь илэрхийлсээр байна. Энэ бол эхлээд орхидог, уйдаж залхдаг сэдэв биш. Улс үндэстнээрээ, хамаг Монголоороо хамтарч зүтгэж байж ард нь гарах асуудал.Тиймээс иргэн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй. Утаа бий болгоод байгаа нөхцөл байдлыг өөрчлөх талаар иргэд ч санаачилгатай хандаж, үүнд төр, засаг нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Эдийн засгийн хүнд байдал, гадны өр шир утааны асуудлыг өнөө маргаашгүй шийдэх тэр боломжийг хязгаарлаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Агаарын бохирдлыг бууруулах богино, дунд хугацааны хөтөлбөрөө боловсруулж дуусч байна. Удахгүй хэлэлцүүлэх байх. Төр, засаг бүх түвшиндээ утааны асуудлыг анхааралдаа байлгаж, байгаа боломжийн хүрээндээ ажиллаж байгаа гэдгийг хэлье.
-Та саяхан Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Гэр хорооллын яндангуудын тоог цөөлснөөр хотын утаа багасна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
-“Түрээсийн орон сууц хөтөлбөр” утааг бууруулахад нэмэр болох нэг ажил мөнөөс мөн. Ер нь орон сууцжуулах, хийн түлшинд шилжих нь утаанаас салах арга зам гэж дийлэнх нь үзэж байна. Одоогоор улсын хэмжээнд 360 байр түрээслэх эзэндээ очиход бэлэн болсон тухай ТОСК-ийн дарга Ж.Хичээнгүй танилцуулсан. Үүний 214 нь нийслэлд, 146 нь хөдөө орон нутагт байна. Үр дүнд нь нийслэлд 214 яндангаас утаа гарахаа болино гэсэн үг. Аймгийн төвд ч ялгаагүй орон сууцны тоогоор яндангийн тоо цөөрнө.” Буянт-Ухаа” хороололд төсөв нь шийдэгдчихвэл 972 айлын сууцыг болж өгвөл ирэх найм юм уу аравдугаар сард ашиглалтад оруулахаар ТОСК-ийнхан маань ажиллаж байна. Гагцхүү 50 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс шийдээд өгвөл орон сууцны ажил амжилттай явагдахаар юм билээ. Энэ чиглэлд санаачилгатай ажиллах шаардлагатай.
-Ер нь Өргөдлийн байнгын хороонд ямар төрлийн өргөдөл, гомдол зонхилон ирж байна?
-Өргөдлийн 90 шахам хувь нь хувийн чанартай байдаг. Тодруулж хэлбэл, байр орон сууц, гэр, сургалтын төлбөр, бэлэн мөнгө, ажилд орох зэрэг хүсэлтүүд давамгайлдаг. Гэхдээ утаа, Туул голын бохирдол, байгаль орчны нөхөн сэргээлт, хуулийн хэрэгжилт зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн өргөдөл арав гаруй хувийг эзэлж байгаа ч гарын үсэг зурсан иргэдийн тоогоороо хувийн чанартай өргөдлөөс хавьгүй илүү байдгийг хэлэх хэрэгтэй.