Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгонбаяр: Хөл хорио тогтоохгүйгээр тогтоол журмаа бага ч гэсэн сулруулаад өгвөл дотоодын аялал жуулчлал идэвхжих нь тодорхой байна

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ жил гадаадын жуулчидгүй, дотоодын жуулчдаа л тойглох цаг. Гэвч дотооддоо аялах нөхцөл байдал нэлээд хязгаарлагдмал болоод байна уу даа?

-Өнгөрсөн жилээс цар тахалтай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал өссөн үзүүлэлттэй гарсан. Тиймээс бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гишүүн байгууллагууд буюу гадаадаас жуулчин оруулж ирдэг болон гадагшаа жуулчин аялуулдаг үндэсний суурь оператор компаниудтай хамтран нэлээд ажилласан. Гэвч одоогоор бүх зүйл тодорхойгүй байна. Бид ковидгүй зун гээд байгаа, гэтэл бодит нөхцөл байдал хүнд байна. Энэ сард бол аялал жуулчлал явагдахгүй нь ойлгомжтой боллоо. Харин долдугаар сард яах эсэх нь тодорхойгүй байна. Хөл хорио тогтооно, тогтоохгүй гээд яриад байдаг. Дээр нь улсын хэмжээнд 16 аймгийн 173 сум хөл хориотой байгааг харахад энэ зуны аялал жуулчлалын салбар бас л бүрхэг харагдаж байна. Хөл хорио тогтоохгүйгээр тогтоол журмаа бага ч гэсэн сулруулаад өгвөл дотоодын аялал жуулчлал идэвхжих нь тодорхой байна.

-Өнгөрсөн жилийн өдийд дотоодын аялал жуулчлал хэр эрчимтэй байсан бэ. Үүнтэй холбоотой тоо баримт, судалгаа дурдаж болох уу?

-Өнгөрсөн жилийн хувьд ковидын халдвар тархаагүй байсан учраас 6-10 дугаар сар хүртэл дотоодын аялал жуулчлал нэлээд идэвхтэй явсан. Зөвхөн наадмаар гэхэд нийслэлийн товчоогоор 30 гаруй мянган автомашин, нэг сая хүн орон нутаг руу гарсан байна гэсэн судалгаа байсан.Цар тахалтай холбоотойгоор олон сар, хоногоор хөл хоригдсон хүмүүс чинь зуны урин дулаан цагт амралт зугаалгаар их явсан нь дотоодын аяллын урсгал нэмэгдэхэд мэдээж нөлөөлсөн. Ингэхдээ дотоодын аялагчдын 95 хувь нь хувиараа, үлдсэн таван хувь нь зохион байгуулалттай аялалд хамрагдсан гэсэн судалгаа бий.

-Тэгэхээр манайхан ихэвчлэн өөрсдийн унаа тэрэгтэй, гэр бүлээрээ аялах илүү сонирхолтой гэж харж болох нь ээ?

-Тэгж болно. Маш бага хувь нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын зохион байгуулалттай аяллын хөтөлбөрт хамрагдаж явсан гэсэн үг. Ингэхдээ өөрсдөө очих боломжгүй, мэдэхгүй, арай өөр төрлийн аялал сонирхдог хүмүүс зохион байгуулалттай аялалд хамрагддаг нь түлхүү ажиглагдсан. Монголчууд бид чинь эх орноороо аялж байгаа гэдэг утгаараа дураараа, өөрсдөө хүссэн үедээ яваад сурчихсан, учраас нэг их зохион байгуулалттай аялалд хамрагдаж сураагүй. Энэ нь нэг талаараа манайд аяллын боловсрол төдийлөн хөгжөөгүйтэй л холбоотой. Гадны орнуудад өөрсдөө үүргэвчтэй, ганцаарчилсан аялал хийдэг хүмүүс байдаг ч дийлэнх нь зохион байгуулалттай аялалд хамрагддаг. Манайд энэ хэлбэр одоо л тавигдаж байна. Уг нь социализмын үед нийгмийн онцлогоос шалтгаалсан уу зохион байгуулалттай аялалд их явж байсан харагддаг.Бид ч гэсэн гаднаас жуулчдыг хэрхэн татах, жуулчдыг авчрах чиглэлд түлхүү анхаарч ажиллаад ирсэн. Гэтэл ковид гараад нөхцөл байдал өөрчлөгдөж дотоодын аялал жуулчлал руу хандах шаардлагатай болж байна. Тиймээс дотоодын аялал жуулчлалаа ч гэсэн бид зэрэг хөгжүүлээд явах ёстой. Үүнд төрийн бодлого маш чухал байна. Ямартаа ч зохион байгуулалттай аялал өмнөх жилүүдээс өсөх хандлагатай байгаа. Ийм төрлийн аяллаар нэг явсан хүн давуу талыг мэдрээд дахиж зохион байгуулалттай аялалд хамрагдах хүсэлтэй болж байна. Ялангуяа байгууллага, хамт олноороо зохион байгуулалттай аялалд хамрагдах сонирхол их болсон байна. Ойрын хугацаанд аялал жуулчлал зохион байгуулалттай аялал руу чиглэж, энэ хэлбэрийн аялал түлхүү хөгжиж магадгүй байна.

-Зохион байгуулалттай аялалд хамрагдах, өөрөө бэлтгэлээ базаагаад аялалд гарах хоёрын давуу болон сул тал юу вэ?

-Манайхан хувиараа аяллаар явах нь илүү хямд зардалтай гэж боддог. Өөрөө машинаа унаад, гэр бүл, найз нөхдөөрөө дуртай газраа зогсоод цагт баригдахгүй тааваараа явна гэж боддог. Нэг ёсондоо төлөвлөгөөгүй явна гэсэн үг шүү дээ. Ингэж явж байгаа тохиолдолд бүх хариуцлага өөрсдийн нуруун дээр ирдэг. Нөхөр нь машинаа барилаа гэхэд идэж уух юмаа эхнэр нь бэлдэнэ. Дээр нь олон цаг амралтгүй машин барьж яваа хэрнээ хүрэх газар нь дөхсөн байвал “За яадаг юм гүрийгээд оройдоо амжаад оръё” гээд давхичихдаг. Нөгөө газраа арайхийж шөнөдөө хүрнэ. Баахан ядарсан хүмүүс болсон болоогүй хоол идээд л унтдаг. Энэ нь эргээд эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. Мөн ядрах, зам тээврийн осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зохион байгуулалттай аялал бол бүх зүйл цаг хугацааны хувьд төлөвлөгдсөн тодорхой машрутын дагуу явдаг учраас аялагч зөвхөн өөрийн аяллын дурсамжийг хэрхэн бүтээх, хувийн авч явах эд зүйлсдээ л анхаардаг. Зохион байгуулалттай лыг үнэтэй байна гэдэг. Уг нь иргэд маань амьдралд тань үлдэх нандин дурсамжийнхаа төлөө мөнгө төлж сурах цаг болсон. Манайхан хүнд мөнгө төлчихөөд ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хандлага гаргадаг. Яг үнэндээ зохион байгуулалт сайтай аяллын газрыг үнэхээр зөв сонгоод явж чадвал тэр аяллаар амьдралдаа үлдэх нандин сайхан дурсамж, мэдрэмж, аяллын таашаалыг тухайн хүн бүрэн утгаар нь авч чадах юм. Наад зах нь манайхан цагаа төлөвлөдөггүй шүү дээ. Өглөө эрт хөдөө аяллаар гарахаар боллоо гэхэд тэгж, ингэсээр байгаад л 11, 12 цаг гээд хотоос гардаг. Зохион байгуулалттай аялал бол яг цагтаа л явна. Явах буцах цаг, хоол, амралтын цаг бүгд тодорой хуваарийн дагуу явдаг. Эрүүл мэнд талаасаа ч давуу тал их бий. Хүмүүс зохион байгуулалттай аяллын мөн чанарыг ойлгоод жилдээ энэ төрлийн аялалд ядаж нэг, хоёр удаа хамрагдаад сурчихвал бидний аяллын хандлага багагүй өөрчлөгдөнө. Ядаж л бидний үр хүүхэд аяллаа төлөвлөдөг болно. Бусад ажлаа ч төлөвлөж сурна гэсэн үг.

-Манай оронд долдугаар сар, наймдугаар сар гэх зэрэг тухайн сарын цаг уурын байдлаас хамаарч аялахад тохиромжтой газар гэж ялгаатай байх уу?

-Манайхан Хөвсгөл, Увс, Хэнтий аймаг руу ихэвчлэн аялдаг. Ер нь судалгаанаас харахад монголчууд ус бараадаж их аяладаг. Гол мөрөн, нууртай газраар ихэвчлэн аялдаг. Яг говь руу аялъя гэх хүн маш цөөхөн. Өнгөрсөн жил дотоодын аялагчид Увс, Хөвсгөл, Завхан зэрэг баруун аймаг руу түлхүү чиглэсэн. Зөвхөн Алтай Таван богдод наймдугаар сарын сүүлээр гэхэд 5000 жуулчин очсон байсан.

-Энэ жил хэрвээ хөл хорио тогтоохгүй, аялах боломж бүрдвэл дотоодын жуулчид хаашаа аялах сонирхол их байх шиг байна вэ?

-Хөвсгөл, Увс, Хэнтий рүү явах байх. Говь руу аяллаа гэхэд Ёлын ам орчихоод ирдэг. Энэ жил Хонгорын баазууд ажиллахгүй сурагтай байна. Тэгэхээр Хонгорын гол, элс рүү явах урсгал жаахан саарах байх. Ер нь Өвөрхангай, Архангай зэрэг төвийн аймгуудаар л энэ зун жуулчдын урсгал ихтэй байх болов уу. Монголчуудын нэг онцлог байдаг л даа. Өнгөрсөн жил Хөвсгөл, Увс руу аялсан бол ойрын хоёр гурван жилдээ тийшээ аяладаггүй. Харин энэ жил Булган, Хэнтий аймаг руу явна гэдэг ч юм уу нэг газраа дахиж очих сонирхолгүй байдаг. Тиймээс Алтай Таван богд, Баян-Өлгий рүү чиглэсэн жуулчид энэ жил өнгөрсөн жилийнхээс ч бага байж магадгүй. Гадаадын жуулчдыг харахад энэ жил аялсан газраа дараа жил дахиад ирэх магадлалтай. Тухайн газар үнэхээр сэтгэлд нь хүрч таалагдсан бол дараа жил дахиад нөгөө газраасаа харж амжаагүй зүйлээсээ арай өөр мэдрэмж авахыг хүсдэг. Бүр есөн жил дараалан нэг л газраа очих гэж зорьж Монголд ирдэг жуулчин хүртэл байдаг. Харин манайхан бол энэ жил очсон бол дараа жил огт өөр газар үзэхийг илүүд үздэг. Магадгүй нэг зүйлээс хурдан уйддаг, сонирхол нь маш хурдан хувьсдагтай холбоотой ч юм уу. Эсвэл хүмүүс “Тэр газар гоё гэж байна. Тийшээ л явъя” гээд хошуурдаг. Аялалын боловсрол зэрэг янз бүрийн л зүйлтэй холбоотой л байх л даа.

-Ялангуяа нэг газарт аялагчдын хөдөлгөөн их төвлөрөх нь тухайн орон нутаг, байгальд ямар эрсдэлийг дагуулдаг бол?

-Массаараа очиж байгаа газар байгаль сүйтгэгдэхгүй байна гэж байдаггүй. Ил задгай бие засна. Хогоо хаяна. Хувиараа аялж байгаа тохиолдолд био нойлыг авч явж сурах хэрэгтэй. Хөдөө хээр майхнаа бариад хоноглож байгаа тохиолдолд тодорхой хэмжээний гүнтэй нүх ухаж хэрэглээд явахдаа булаад явдаг байх хэрэгтэй. Өнгөрсөн жил гэхэд л “Хэцүү хад”-ны ойр хавь ёстой хэцүү болсон байсан. Тиймээс аялагчид маань хөдөө хээр юм чинь гээд ил задгай бие засмааргүй, хогоо хаягмааргүй байна. Дор бүрнээ ухамсартай байгальд ээлтэй аялж суръя гэж уриалмаар байна. Аяллын боловсрол, соёл гэдгийг багаас нь хүн бүрд суулгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид өнгөрсөн жил “Эх орондоо ээлтэй, хариуцлагатай аялцгаая” гээд аян өрнүүлж олны танил хүмүүстэй хамтран шторк бэлтгээд олон нийтэд хандсан суртчилгаа, уриалга явуулсан. Энэ жил халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хэрвээ дотооддоо аялах боломжтой болвол хариуцлагатай, эрүүл аялъя гэсэн уриалгыг гишүүн байгууллагуудаараа дамжуулж явуулж байгаа.

-Орон нутаг руу аялах байдал хязгаарлагдмал хэвээр үлдвэл аялал жуулчлалын салбарыг түшиглэсэн орон нутаг, олон мянган аж ахуйн нэгж, иргэд, хүнд байдалд орох байх даа?

-Мэдээж тэгнэ. Аялагчид хүнсний бүтээгдэхүүн авна, шатахуун авна, ахуйн хэрэглээний зүйл авна, үйлчилгээний газруудаар үйлчлүүлнэ. Цаашлаад аялж буй хүмүүс чинь орон нутгийн иргэдээс цагаан идээ худалдаж авна гээд эдийн засгийн хувьд аяллын салбар маш олон салбартай уялдаа холбоотой хэвтээ чиглэлд ажилладаг. Хэдийгээр аялал жуулчлалын салбар гол салбар гэх боловч төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хувьд дутмаг санагддаг. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар үндсэндээ хоёр жил орлогогүй, хөдөлгөөнгүй сууж байна. Энэ жил жуулчин ирнэ гэсэн хүлээлт байхгүй. Магадгүй есдүгээр сараас ганц, нэг жуулчин ирвэл ирэх байх. Тиймээс бид эдийн засаг тал руугаа Засгийн газраас дэмжлэг хүсч, дуу хоолойгоо хүргэхээр зорьж ажиллаж байна. Нөхцөл байдал хүнд байхад бид “Аялаарай, аялаарай” гээд болохгүй шүү дээ. Тиймээс компаниудынхаа хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, ирэх 2022, 2023 оноос аялал жуулчлалын салбар эргээд сэргэвэл хэрхэн ажиллах, алдагдлаа яаж нөхөх талаар бодлого боловсруулах, төлөвлөгөөгөө гаргах зэрэг бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна. Бараг долоо хоногийн гурван өдөр хуралдаад, асуудлаа яриад л сууж байна. Хувийн хэвшлийнхний дуу хоолойг хэрхэн төрийн байгууллагад хүргэх вэ, одоо үүсээд буй бэрхшээлийг хэрхэн давах зэрэгт илүү анхаарч ажиллаж байна.

-Төр засгаас энэ хүнд үед аялал жуулчлалын салбарыг сэргээх талаар тодорхой ажлууд хийж байгаа юу?

-Яг үнэндээ аялал жуулчлалын салбарыг дэмжиж байгаа зүйл алга. Эдийн засгаа сэргээх арван их наядын хөтөлбөр зарлаад аж ахуйн нэгжүүдэд зээл олголоо. Манай салбарынхан тэр зээлд хамрагдаж чадсангүй. Тиймээс ирэх долоо хоногт бид Засгийн газарт өргөх бичиг барихаар төлөвлөж байна.Холбооны зүгээс дөрөвдүгээр сард салбарын яам болон холбогдох байгууллагуудтай санал солилцоод “Аялал жуулчлалын үйлчилгээг зохицуулах түр журам” боловсруулаад Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Одоо болтол тэр түр журам батлагдаагүй. Хэрвээ түр журмыг эртхэн батлаад өгчихсөн бол тухайн үед аялал жуулчлалын компаниуд тав нь тав, арав нь арван жуулчин аваад жаахан сэхээ авах боломжтой байлаа. Учир нь гишүүн байгууллагуудаас маш их холбогдож “Долдугаар сард ирэх 10, 15 хүн байна” гэж ярьсан. Тавдугаар сарын сүүл хүртэл аль 2019 оноос хойш манайд ирэх аяллаа хойшлуулсан 40 гаруй мянган жуулчны хүлээлт байсан. Гол нь гадаадын жуулчид “Танайд очлоо гэхэд энэ хүнд үед ямар журмыг баримталж аялах вэ” гэдэг зүйлийг биднээс нэхээд байдаг. Тэр журам нь бидэнд байдаггүй. Уг нь журмыг боловсруулаад бид холбогдох газарт өгчихөөд байдаг, эсвэл УОК нөхцөл байдлаас болоод батлахгүй байгаа юм уу бүү мэд. Саяхан Ерөнхий сайдад энэхүү журмын талаар албан бичиг явуулсан. Уг албан бичигтээ үнэхээр бид сөхөрч байна, ядаж журмаа батлаад өгөөч гэсэн хүсэлтийг илэрхийлсэн байгаа. Ямар ч байсан нааштай хариу гарах болов уу гээд л найдаад хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *