Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Д.Мөнхзул: Шатар төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг DNN.mn

Дэлхийн шатрын холбооны мастер, өсвөрийн дэлхийн хошой аварга Д.Мөнхзултай ярилцлаа.


-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн хошой аварга болсонд нь баяр хүргэе. Тус тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Тухайн үед Монголын шатрын спортоос дэлхийн хошой аварга болж байсан хүн байхгүй учраас аварга болсондоо би маш их баярласан. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагааны өмнө Олон улсын мастер цолоо авч буйгаа мэдсэн. Олон улсын мастер цолыг гурван норм биелүүлэн рейтингээ өсгөж авдаг учраас тэрхүү цолоо авсандаа дэлхийн хошой аварга болж байгаа шигээ ихээр баярласан. Тус тэмцээнд 70 орны 620 тамирчин оролцсон. Өсвөрийн 16 хүртэлх насны 11 шилдэг тамирчинтай өрсөлдсөн. Миний хувьд хамгийн хүнд өрөг тавдугаар өрөг байсан. Бид хоёр эхнээсээ л өгөө аваатай явсаар дунд нь би жаахан илүүрхсэн ч савлагаатай тоглолт болж тэнцсэн. Тэмцээний онцлог гэвэл нэгдүгээр ширээнд тоглож байсан тамирчин Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад багийнхаа нэгдүгээр ширээнд тоглож мөнгөн медаль хүртсэн хүүхэд байсан. Тэр хүүхдийг дөрөвдүгээр өрөг дээрээ хоёр цагийн дотор хожсон. Тэмцээн Румын улсын нуур болон хар далайн эргийн голд байрладаг Мамаиа гэдэг газар зохион байгуулагдсан нь их таалагдсан. Тэр үед өглөөний цайгаа уучихаад, үргэлж далай руу явж далайгаас энерги авдаг байсан. Тэгээд дараагаар нь өргөө бэлддэг байсан.

-Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Анх аав, эгч хоёрыгоо гэртээ шатар тоглодог байсныг хараад шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Зургаан настай, үсгээ мэддэг байсан учраас хамгийн анх морины нүүдлийг “Г” үсэг шиг нүүдэг юм байна гэж мэдэж авсан. Ингээд үргэлжлүүлэн шатрын нүүдлүүдээ суралцаж эхэлсэн. Цэцэрлэгтээ даам мэддэг байсан учраас шатрыг бас сурахыг хүссэн юм.

-Энгийн шатрын тэмцээн есөн өргөөр тоглогддог. Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 өргөөр тоглогддог юм уу?

-Том тэмцээний өргүүд ер нь 11 өргөөр тоглогддог. 11 өрөг тоглосон учраас их ядардаг. 10, 11 дүгээр өргүүд маш чухал өргүүд болсон. Арван настай байхдаа Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үед есдүгээр өргийн дараа түрүүлж байсан ч сүүлийн 10, 11 өрөгтөө муу тоглоод медалиас мултарсан юм. Тиймээс 11 өрөг тоглох нь их чухал.

-Таны өмнө нь гаргаж байсан амжилтуудыг сонирхвол?

-Би 2014 болон 2022 онуудад Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль, 2017, 2018 онуудад Сурагчдын дэлхийн аварга өсвөрийн тэмцээнээс хоёр алтан медаль, 2015, 2019 онуудад Сурагчдын дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртэж байсан. Нийтдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгөн медальтай.

-Шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүд юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд сэтгэл зүйгээ сайн бэлдэж анхаарах хэрэгтэй. Мөн өөрийн эрүүл мэнд биедээ анхаарах хэрэгтэй. Би Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож байх үед нэг өрөг дээр тоглолтдоо илүү байсан ч дунд үеэс бие өвдөж, хэцүү байдалд ороод өрөгтөө хожигдсон. Тэр үед багтаа муу тоглолт үзүүлсэн. Тоглолтдоо ч анхаарах хэцүү байсан учраас эрүүл мэнд чухал гэдгийг ухаарсан даа.

-Шатар тоглох нь хүүхдэд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж, хөгжүүлдэг вэ?

-Ер нь шатар тоглож буй хүүхдүүд шатраа, тоглолтоо их бодох хэрэгтэй гэдэг учраас тэвчээртэй сууж сурдаг. Миний хувьд ч багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч одоо сайн сууж чаддаг, тэвчээртэй байхад суралцсан. Ер нь нөгөө хүнээ бодож байх үед хоёр талдаа 1 цаг 30 минут гээд нийтдээ гурван цагийн хяналтад стандарт төрөл байдаг. Тиймээс өрсөлдөгчөө нүүдлээ бодож байх үед зарим хүүхдүүд босоод явж байх тохиолдол бий. Энэ үед тэвчээр хэрэгтэй. Мөн шатар тоглосноор 2-3 нүүдлийн дараахыг сайн хардаг, цаашдаа ч төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг. Шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож төсөөлдөг. Тиймээс оюун ухааныг задалж хөгжүүлдэг.

-Найман настайдаа дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзлыг хангаж байсан гэсэн. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тийм, 2014 онд Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд дэд мастер болсон. Одоо 16 насандаа Дэлхийн аварга болж буй учраас мэргэжлийн гэж үзэн олон улсын мастер цол авч байгаа.

-Тэмцээн уралдаанд орохоосоо өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулж, сэтгэл зүйгээ удирддаг вэ?

-Би 2017 онд Албанид зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 настайдаа оролцож байсан. Тус тэмцээнд оролцож байх үед миний дээр жагссан өндөр рейтингтэй охидтой тоглоход “За чадна аа, хичээгээд үзээрэй” гэж өөртөө хэлдэг байсан. Тухайн үед “Big Bang” хамтлагийг их сонсдог байсан. Тэмцээний үеэр тус хамтлагийн дуучин Дэсоны төрсөн өдөр болж байсан юм. Тиймээс энэ өдрийг сайн даваад гарна гэж бодоод ялсан.

-Өдөрт хэчнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Байнгын бэлтгэлтэй байдаг. Клубтээ долоо хоногт гурван өдөр, гурван цагаар хичээллэдэг. Өгсөн даалгаврыг хийж, бие даан хийх зүйлсээ хийдэг. 2019 оноос хойш “Гэгээн арвай” клубийн Их мастер Б.Гүндаваа багш дээр тасралтгүй бэлтгэл хийж байгаа.

-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Дараагийн тэмцээн гэвэл ирэх аравдугаар сард насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Цаашид их мастер болж, ирээдүйд өөрийн хүрч чадах хязгаар хүртэл явна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *