Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ламжав: Өөрчлөлтийг бусад механизмтай уялдуулахгүй өрөөсгөл байдлаар хийвэл Үндсэн хуулиа оршуулах аюултай

-2019 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14-НИЙ УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 30 ГАРУЙ ХЭСЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИН БАТАЛСАН БИЛЭЭ-

Үндсэн хууль тогтоогчдын нэг, иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэл бий. Харин таны байр суурийг сонирхъё?

-Хуулийн хэрэгжилт дор гаргах шаардлагатай хуулиудын төслийг боловсруулах, сайн боловсорсон төслүүдийг УИХ цаг алдалгүй батлах, нэгэнт батлагдсан хуулийг дагаж мөрдөж хэвших гэсэн хоёр том асуудал байна. Эхний асуудал бол гүйцэтгэх эрх мэдлийн удирдах, зохион байгуулах чадвараас, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээ хязгаарыг мэдрэхээс хамаардаг. Хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төрийн албан хаагчдын эрхэм байдлаас төрийн байгууллага өөрийгөө тольдох мэт харж болно.

Үүний нэгэн адил иргэн хэн боловч албан үүргийн харилцаанд орсон төрийн аль ч шатны албан хаагчийн эрхэм байдлаас тухайн төрийн байгууллагыг нэвт тольдох боломжтой. Шүүмжлэлээс айхгүй байх нь төрийн албан хаагчийн эрхэм байдлыг илтгэх нэгэн чухал үзүүлэлт. Шүүмжлэл үндэслэлтэй эсэх ямар ч байж болно. Шалтгааныг тэр дор нь тогтоож “гавьяа” байгуулахыг бүү оролд. Ингэх нь төрийн албан хаагчийн эрхэм байдлыг гутаана.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн яриа мэр сэр гарах боллоо. Хугацааны хувьд тийм боломжтой юу. Ер нь эцэг хуулиндаа дуртай үедээ гар хүрч болдог юм уу?

-Гарч байгаа бол гарахаас яах вэ, амыг нь барилтай биш. Ер нь бол гарах хангалттай шалтгаан ч бий. Энэ сэдвээр ярихын тулд бид ямар Үндсэн хуультайгаа ойлгох хэрэгтэй. Энд Үндсэн хуулийн хамгаалалтын тухай асуудал хамгийн түрүүнд тавигддаг. “69.1 Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” энэ бол хамгаалалтын гол хэсэг. Дор хаяж (76*3)/4=57 гишүүн шинэ Үндсэн хуулийг батлахаас эхлэн түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон байгаа. 1999-2000 оны үйл явдлаас энэ хамгаалалт хангалтгүй гэж сургамж авсан улс төрийн хүчнүүд Үндсэн хуулийг жирийн хуулиар хамгаалсан. Ингэхдээ өмнө оруулсан өөрчлөлтөө хамгаалах давхар санааг мэдээж баримталсан. Жирийн хуулийг УИХ хэзээ ч, яаж ч өөрчилж болох тул энэ бол найдваргүй-хуурамч хамгаалалт.

Хоёр дахь өөрчлөлт 2019 онд орсон. Анхны өөрчлөлтөөс заримыг үлдээсэн, заримыг хассан. Бусад өөрчлөлт ч орсон. Ялангуяа тогвортой сөрөг хүчин үгүйлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд парламент дахь хэт олонхи Үндсэн хуулиа яаж ч өөрчлөх бүрэн эрхтэй байгаа нь эрх зүйн хувьд амгалан бус байдлыг үүсгэж байна. Аз болоход хоёр том гүрний хооронд оршдог учраас гадаад харилцаанд элдэв ноцтой бэрхшээл ил ажиглагдахгүй байна. Гэвч ОХУ үндсэндээ Үндсэн хуулиа оршуулчихлаа, БНХАУ хүчирхэгжин хөгжиж байгаа боловч мөн чанартаа нэг намын дарангуйллын тогтолцоотой байна. Монголын хэврэг ардчилалд энэ хоёр гүрний тогтолцооны нөлөө нөмрөх вий гэсэн болгоомжлол байна. Иймээс Үндсэн хуульдаа байн байн гар хүрч болдог болдоггүйгээс илүү улс төрийн ээдрээтэй асуудлууд байна.

-Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ямар өөрчлөлтийг, яаж хийх ёстой вэ?

-2019 оны өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоог ердийн хуулиар шийдэж байхаар өөрчилсөн. Одоо энэ том мажоритар тогтолцоогоо холимог болгон өөрчилье гэж яриад байх шиг байна. Улс төрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч байгаа бол холимог тогтолцоог зөвшөөрөөд зогсохгүй Үндсэн хуульдаа тусган хамгаалах шаардлагатай. Эс тэгвээс явцуу сонирхлын үүднээс энэ хоёрын хооронд сонгуулиас сонгуульд шидэгдсээр улс төрийн бодлого хөгжихгүй, энэ нь эцэстээ юунд ч хүргэж мэднэ.

2019 оны өөрчлөлтөөр иргэн Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа зургаан жил ажиллах зэрэг нааштай өөрчилсөн боловч бүх нийтээр сонгохыг хэвээр үлдээсэн. Бүх нийтээр сонгогдсон явдлыг удаа дараагийн Ерөнхийлөгч нар мэдэх мэдэхгүйн хооронд эрх мэдлээ урвуулан ашиглаж ирсэн явдлыг эцэс болгохын тулд УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох санааг хэрэгжүүлээгүй. Жижиг буурай манай Монгол Улсад асуудал бүхэн рүү хошуу дүрэн хөглөөд байдаггүй, өргөн хүрээнд сэтгэдэг, зайлшгүй хэрэгтэй цагт гарч ирдэг буурьтай томоотой Ерөнхийлөгч хэрэгтэй.

Албан хэргийг 2025 оноос эхлэн хуучин үсгээр хөтлөх “Монгол хэлний тухай” хуулийг хүчингүй болгон шинэ үсгээр үргэлжлүүлэн хөтлөх горимд шилжих зайлшгүй шаардлагатай. Нэр нь хүртэл агуулгадаа нийцээгүй энэ хууль хэрэгжих тавилангүй боловч аж амьдралаа залгуулахаар зүтгэж буй олонх иргэнд дарамт үүсгэж байна. Шаардлагатай бол Үндсэн хуульдаа оруулах хэрэгтэй. Шинэ үсэгт шилжсэнээр ахар богино хугацаанд нийтээр дунд боловсролтой, орчин цагийн монгол хэлэнд тохирсон бичигтэй үндэстэн болсон билээ. Монгол хэлний тухай энэ хууль бол эцсийн эцэст улс төрийн ашиг хонжоотой гэж үзвэл хамгийн энгийн юмыг хүртэл мушгин гуйвуулахаас буцдаггүй, амиа хоохойлохоос өөр эрхэм байдал хомс олон улстөрчдийн ухамсаргүй хамтын бүтээл болон хэлбэржсэн паянтай. 1990 он. СнЗ-ийн даргыг хэдхэн сар хаших болсон Гунгаадорж 1990 оны есдүгээр сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улс даяар хуучин бичгээр хичээл заах шийдвэр гаргасан. Гэтэл хуучин бичиг мэдэх бага ангийн багш байдаггүй. Тэр ингэж тодроод Ерөнхий сайд болчихно гэж бодсон юм боловуу. Оны сүүлээр Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу шинээр сонгогдсон Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан хэргийг хуучин үсгээр хөтлөх шийдвэрийг Улсын бага хурал-аар батлуулахаар оруулж ирэв. СнЗ-ийн дээрх шийдвэрийн хүрээг өргөтгөснөөс гадна хууль тогтоох байгууллагын шийдвэр болгон өөрөөс холдуулах гэсэн санаа. Нийтийн эрх ашгаа бодсон бол тэр СнЗ-ийн шийдвэрийг л хүчингүй болгочих байсан юм.

Улсын бага хурал дээр тал талын байр суурь баримтлагч эрдэмтдийг сонсон хангалттай тайлбар авсан боловч шийдэмгий шийдвэр гаргахын оронд буцаан пааслах олхиогүй арга хэрэглэсэн билээ. Засгийн газар 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан хэргийг хуучин үсгээр хөтлөх бэлтгэлийг хангасугай, өөрөөр хэлбэл, чи тэр их амлаад байгаа хугацаандаа наандаж бэлтгэлийг ханга гэсэн утгатай тогтоолыг Улсын бага хурал батлав. Энэ тогтоол нийгмийг төөрөгдүүлэх эхлэлийг тавьсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг Жасрайн Засгийн газрын үед хэлэлцсэн. Хуучин бичигт шилжихийг Сурганы хүрээлэн, Ерөнхий боловсролын сургуулиуд эрс эсэргүүцэж байсан юм. УИХ бас л хаяагаа манасан, хоёр бичигтэн болох Үндэсний хөтөлбөр боловсруул гэх маягийн буцааж пааслах шийдвэр гаргав. Хуучин бичигтээ шилжвэл доллараар дэмжинэ гэсэн чимээ Тайвань зэрэг улсын зүгээс сонсогддог байсан. Монголын зовлонг мэдэхгүй гадаадынханд буруу өгөөд яахав. Хуучин бичиг бол бүр анхнаасаа монгол

хэлэнд зохицоогүй учраас бүх нийтийн болоогүй, ордоны хэргийг хагас дутуу хөтлөх хүрээнд хэрэглэгдэж ирсэн гэдэг. Монголчууд өөрснөө барьц алдаад байгаа хуучин үсгийг манай казахууд яах болж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болсон. Иймд Засгийн газар УИХ-аа сонсохгүй, парламентаасаа илүү эрх мэдэлтэй боллоо гэсэн шүүмжлэл байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлэх зүгт хийсэн өөрчлөлтийг зөв алхам гэж үздэг. УИХ гүйцэтгэх засгаа хямгадаж чадах хуулийг батлан мөрдүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ нь Засгийн газрын хараат бус ажиллагаанд хохирол үзүүлэхгүй байх ёстой. Их мөнгө захиран зарцуулж байна гэдэг явцуу өнцгөөс харж буруутгаж болохгүй. Эрх мэдлийн хуваарилалтын дагуу ингэхээс өөр аргагүй. Нөгөө талаас их мөнгө хөрөнгө зарцуулсан нь хийгдсэн ажлын үр дүнгийн шалгуур болохгүй. Үр ашиггүй зарцуулалт болсон байж магадгүй. Ер нь аливаа байгууллагын захиргааны зардал нийт төсвийнх нь хэдэн хувийг эзэлж байна гэдэг дээр анхаарч хязгаар тогтоодог баймаар. Жишээлбэл 15 хувь. Энэ харьцаан дээр онцгой анхаарч зохистой харьцааг тогтоох нь удирдлагын чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Сангийн болон бусад яаманд энэ талаар тодорхой статистик мэдээ хадгалагддаг байх ёстой. Аливаа төрийн байгууллага өөрийн бүрэн эрх, хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах асуудлаар бусдад болон өөртөө чирэгдэл үүсгэн хөөцөөлддөгөө зогсоох нь тухайн байгууллагын эрхэм байдалд, өөртөө хүндэтгэлтэй хандаж сурахад

эерэг нөлөөтэй. Нэр хүндийг дарамталж биш, зөв үйлдэл хийснээр олж авдаг жамтай.

-УИХ-ын гишүүд давхар дээлтэй болох сонирхол их байх шиг байна. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзээд байгаа бололтой?

-Танд ноцтой мэдээ байгаа юм байна гэж ойлголоо. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын бүрэн эрхтэй холбоотойгоор УИХ-ын үе үеийн гишүүдийн сонирхлын зөрчлийг дэврээдэг ноцтой асуудал. 1999-2000 оны өөрчлөлт рүү буцъя гэсэн үг байна. Ерөнхийлөгчөөсөө эхлэн дээр дооргүй “давхар дээл тайлна” гэж бараг 15 шахам жил бужигнасаар байгаад УИХ-ын өмнөх бүрэлдэхүүн “Ерөнхий сайдыг оролцуулаад Засгийн газрын таван гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно” гэсэн хязгаарлалтыг тогтоосон. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн буцаагаад хөнтөрье гэж байгаа хэрэг үү. Энэ хоёр чинь хоёулаа МАН-ын хэт олонх. Нөгөө намынх нь бодлогын залгамж чанар хаана байна. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэгчээр гайхалтай санаа олсон байхыг үгүйсгэхгүй ээ.

-Парламентын гишүүдийн тооны асуудал бас яригддаг сэдэв. 76 байх нь зохимжтой хувилбар мөн үү, биш үү гэдэг дээ. Ер нь парламентын гишүүдийнхээ тоог Үндсэн хуулиар өөрчлөх асуудлыг оруулж ирэхдээ давхар дээлээ дахин сэргээх нь гэсэн хардлага байх шиг…

-Нөгөө гайхалтай санаа нь энэ байх нь ээ. Олон зуун гишүүнтэй парламентэд байж болдог зүйл гэсэн. Өөрчлөлтийг бусад механизмтай уялдуулахгүй өрөөсгөл байдлаар хийвэл Үндсэн хуулиа оршуулах аюултай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *