ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор М.Анаратай ярилцлаа.
-Монголчуудын ёс зүй, ёс суртахууны талаар өмнө нь тантай ярилцаж байсан. Энэ удаа жудагийн тухай илүү дэлгэрүүлмээр байна. Ёс зүй, ёс суртахуунтай ойрхон юм шиг санагдах юм. Гол нь өнөөгийн нийгэмд эдгээрийг ухаж ойлгох шаардлагатай болчихоод байна шүү дээ. Жудагийг философийн ухаанаас тайлбарлаж болох уу?
-Би жудаг гэдгийг хүн чанартай байх гэдэг утгаар ойлгож байна. Хүн чанартай байна гэдгийг нэр төрийн асуудал, нэр төрөө эрхэмлэх гэдэг агуулгаар нь ойлгож байна. Ер нь монгол хүн энэ үгийг сонсохоор надтай адил утгаар хүлээж авдаг байх. Ёс зүйн үндсэн ухагдахууны нэг бол нэр төр, нэр төрөө эрхэмлэх юм. Тэгэхээр эндээс юу гэж ойлгож болох вэ гэвэл, хүн ёс суртахуунтай байна гэдэг бол нэр төрөө эрхэмлэдэг, хүн чанартай буюу жудагтай байхыг бас хэлдэг байх нь. Энэ бол хүн шиг хүн байхын нэг шалгуур үзүүлэлт гэх юм уу даа.
-Жудаг гэхээр бөхтэй шууд холбогддог. Бөх хүн л жудагтай байх ёстой юм шиг. Саяхан манай сонинд нэгэн судлаач ярихдаа “Танигдсан байдлаа буруугаар ашиглахгүй байх нь жудаг юм” гэж онцолсон нь анхаарал татсан. Нээрээ л олон нийтэд танигдаж, хүмүүсийн итгэл, хүндлэлийг хүлээдэг. Нэг харахад эргээд олон итгэлийг унагаасан үг, үйлдэл гаргах тохиолдол ажиглагддаг. Энэ тухай?
-Жудаг гэдэг үгийг яахав бид өдөр тутмын хэл ярианд нэг их хэрэглэж дадаагүй. Би өнөө цагийн бидний ярианы хэлийг ярьж байна л даа. Нэг тийм уламжлал агуулсан үг ч юм шиг сонсогддог байж болох юм. Үүнтэй холбоотойгоор бөхтэй илүү холбож ойлгох, бөхийн зан чанарыг ярихаар чихэнд тийм сонсголон сайхан ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа байж болох юм.
Харин танигдсан байдал гэдгийг хоёр талаас нь харж байна. Нэгд, хийсэн бүтээснээрээ олонд хүлээн зөвшөөрөгдөж танил болсон хүн буюу алдартай хүмүүсийн тухайд, нөгөө талаас хүн гэдэг бол эхээс мэндлээд алдар буюу нэрийг эцэг эхээсээ оноож авдаг. Тэр утгаараа бусад хүмүүсээс миний ялгарах нэг тодотгол бол миний нэр -миний алдар. Алдар гэдэг чинь үгийн хувьд “нэр” гэдэг үгийн хүндэтгэлийн үг шүү дээ. Тэгэхээр бид нэг бол олонд танигдаж алдартай болох нь, нэг бол өөрийн биед эцэг эхээс заяасан нэрээрээ бусдад танигдах нь. Миний хувьд жудаг гэдгийг хоёр дахь утга буюу хүн байхын жудаг гэдгээр л ойлгох нь хамгийн чухал, суурь нь. Кино, зохиол дээр “За чи ч ёстой хүн ч гэхэд хэцүүхэн хүн байна даа” гэх мэт үгнүүд гардаг даа. Энэ бол эцэг эхээс заяасан А гэдэг нэртэй хүн нь хүн гэдэг нэрээ гээж байгаа, алдаж байгаа хүмүүст хэлж байгаа үг шүү дээ. Философи утгаараа, хүний нэр гэдэг бол, жишээлбэл Анара гээд миний нэр надад их чухал зүйл юм. Миний судалдаг психоанализд ч нэрний тухай маш их судлагдсан байдаг. Монголчууд хүүхэд төрөхөд яаж нэр өгдөг билээ. Тэр чинь маш их утга учиртай. “Нэр төрийг” нь бэлгэдэлт зан үйлээр дамжуулан өгдөг. Маш нарийн ухаан. Эдгээр бүх зүйл өрнөдийн гэх онолд ч яригддаг. Миний хэлээд байгаа психоанализд бас. Нэр нь хүндэдсэн зэрэг олон заншил байдаг даа.
-Олонд танигдсан хүмүүс юу ч хамаагүй ярьж, үйлдэж болох юм уу?
-Олонд танил болсон алдартай хүмүүсийн жудгийн тухай ярих юм бол энэ бол бүр их гүнзгий чухал сэдэв болно. Өнөөдөр бид нийгэмд, олонд танигдсан хүмүүс олны анхаарлын төвд ороод л их сайхан байдаг гэж ойлгодог. Сайхан тал ч мэдээж байлгүй яахав. Гэхдээ нэр алдар өсөхийн хэрээр хариуцлага, үүрэг өсөж байдаг. Нэр алдартай хүн юу хүссэнээ хамаа намаагүй ярьж, дураараа дургиж болохгүй гэдэг. Тийм хууль байхгүй л дээ. Гэхдээ үүний учир нь тэр хүнийг даган дууриаж, үлгэр жишээ авч, хүндэтгэж байгаа хүмүүс их байна гэсэн үг. Жирийн Анараг 10 хүн хүндэлдэг, дагадаг гэж үзвэл алдартай Анараг 100 хүн хүндэлдэг дагадаг байна. Үүгээрээ алдартай Анарагийн хариуцлага, үүрэг өсч байна. Алдартай одууд яагаад элдэв хэрэг төвөгт орох, алдаа гаргахаараа сэтгэл санаагаар хэт унаж байна, яагаад зарим нь бүр амиа хорлож байна. Нөгөө алдартай болсон нэр төрөө эрхэмлэх, хариуцлага, үүрэг нь өсөөд түүнийг сэтгэл зүйн хувьд үүрэх, даах боломж нь шавхагдаад, эцэстээ тийм шийдвэрт хүрч байна гэж бас харах боломжтой. Гэхдээ үүнийг бас өрөөсгөлөөр бүх алдартай болсон хүмүүс, эсвэл алдартай болоод амиа хорлосон бүх хүмүүсийн ганц шалтгаан нь гэж ойлгож болохгүй. Миний аав хэлдэг юм. “Хүн чанаргүй уран бүтээлчээс аугаа бүтээл хэзээ ч гардаггүй ээ” гэж их сайхан онож хэлсэн үг. Үүнийг заавал ч үгүй, уран бүтээлч, нэр алдартай хүн гэлгүй, ер нь жудаггүй хүний ажил үйлс нь сайн, сайхан байдаггүй. Тустай юм байдаггүй гэсэн үг болж байгаа биз дээ.
-Ер нь өнөөдөр яагаад бид энэ асуудлыг хөндөх болов. Жудаггүй болох, нэр төрөө эрхэмлэхгүй байх явдал юунаас үүдэлтэй болчихоод байна вэ?
-Хүнийг хүндэтгэх эрхэм чанар доройтсоноос болж байгаа. Хүнийг хүндэтгэхэд хайрлах, эмээх, бахархах гэсэн гурван мэдрэмж маш чухал. Эмээх гэхээр хүмүүс айх гэдэгтэй эндүүрээд байдаг. Би хэнээс ч, юунаас ч айхгүй гээд хүнээс эмээх гэдэг мэдрэмжээ алдчихдаг. Нөгөө ардчилалыг анархизмтай адилаар эндүүрч ойлгоод байгаа шиг юм даа. Гэхдээ хүн энэ бүхнийг ямар нэг ном зохиол, сургууль соёлоос олж мэдэж, эзэмшихээс илүү эцэг эх, гэр бүл, багш, эргэн тойрны хүмүүс, нийгмийн харилцаанаас л олж авдаг. Харин түүнийгээ хэрхэн хэрэглэх, яаж хөгжүүлэн баяжуулах гэдгийг боловсролоороо, уншиж мэдсэн ном бүтээлээсээ олж авдаг гэж би хардаг. Залуу хүн бол цаас шиг сайхан цагаан. Түүнд бүх мэдрэмж шинэхэнээрээ байдаг. Гэтэл тэдэнд нөгөө жудгаа алдсан хүмүүс буюу хүн чанараа гээсэн хүмүүс буруу үлгэр дууриал үзүүлнэ, нөлөөлнө.
Би өмнө нь хэлж байсан “Хүнийг хүн болгох” ёс, уламжлал одоо алдагдчихаад байна. Ёс, уламжлал гэхээр л нэг л их дээр үеийн хоцрогдсон зүйл юм шиг хүмүүс бодох юм. Харин энэ бол тухайн хүн, тухайн үндэстэн ард түмний бахархан, хайрлан, нандигдаж явах үнэт зүйл. Дэлхийн бүх улс үндэстэн, ёс суртахууны үнэт чанар, эрхэмлэх зүйлсээрээ өөрсдийгөө бусдаас ондоошуулан-тодотгон бахархаж байна. Оюуны өв уламжлалыг түүхийн он жилүүд, хүний нийгмийн шалгуурыг даван туулж, шигдигдэн үлдсэн байдаг учраас үнэ цэнтэй гэж үздэг. Хэрэггүй, буруу, утгагүй, цаг үед нийцэхгүй зүйлс нь түүхийн явцад гээгдэж байдаг. Жудаггүй болох, нэр төрөө эрхэмлэхгүй байх нь бидний өв уламжлалаа хадгалахыг хүсэхгүй байгаа хүсэл, түүхийг эс тоох хандлага, хүн байхын сайн сайхныг мэдрэхээс зугтах, аливаа зүйлд итгэх итгэл үнэмшил суларсных юм болов уу даа.
-Жудагтай, нэр төрөө эрхэмлэх нь нийгэмд ямар үр дагавартай вэ?
-Хүн чанартай сайхан хүмүүс их байна л гэсэн үг байх даа. Бие биеэ хайрлаж хамгаалдаг, хүндэтгэдэг, өөрт ноогдсон ажлыг хариуцлагатай сэтгэлтэй хийдэг. Ийм хүмүүс олон байх тусмаа л ажил, амьдрал сайхан байх байхдаа. Тэгэхгүй, би л болж байвал яахав гээд л яваад байвал эргээд өөрийнх нь ажил амьдрал ч бүтэлгүй л байна гэсэн үг биздээ. Өнөөдөр бид их ахархан бодлоор өөрийнхөө л ажлыг бүтээчих гээд, өөрөө л түрүүлж баян тансаг эд баялагтай болчих гээд байгаа юм шиг. Гэтэл, бүгд л гараад нэг зам дээр түгжирч байна, бүгд л бохир агаараар амьсгалж байна. Баян хүмүүс нь хэт тасарсан гээд л байдаг яг үнэн дээ, гаднаас нь харвал бүгд л “монгол хүн” гэсэн нэртэй шүү дээ. Нэг уулын наана цаана, энэ ууланд агаар бохирдолтой, тэр ууланд арай дээр. Гэхдээ л нэг нутагт, нэг Монголд л байна. Үүнийг нэг талаас нь харахад, өнөөдрийн монгол хүн, би үүнд бүр бүх монгол хүмүүсийг оруулж хэлж байна, их л “гэнэн” юм даа л гэж бодогдох юм. Бид чинь эрэмгий зоригтой, шударга, нэр төрөө эрхэмлэдэг үндэстэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн л байдаг юм уг нь.
-Та өмнө Японд багагүй хугацаанд амьдарч, судалгаа хийж байсан хүн. Япончуудын хувьд нэр төр, манайхаар жудагтай байх тухай ойлголт хандлага ямар юм бэ?
-Япончууд чинь “надаас нийгэм бүхэлдээ хамаарна, шалтгаална” гээд бүх хүмүүс нь ойлгочихсон, тийм үзэл суртлаар хүмүүжиж байгаа хүмүүс. “Чамаас болоод бид хөгжихгүй байна” биш, “биднээс болоод бид хөгжихгүй байна” л гэж асуудлыг харна. Энэ бол хамтын нийгмийн амьдралд маш чухал үзэл суртал. Гэхдээ зарим талаар энэ нь хэтрээд хувь хүнд нийгмийн дарамт болох сөрөг үр дагавар ч байна л даа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хөгжилтэй орнууд бол сууриа зөв тавьчихсан учраас өдөр тутмын ч гэх юм уу тиймэрхүү жижиг асуудлууд бий. Япон хүн маш их нэр төрөө эрхэмлэнэ. Энэ нь зөвхөн алдартай хүний хувьд ч биш, хүн бүр өөрийн нэр, эцэг эх, өвөг дээдсийн нэрээ эрхэмлэнэ. “Муу явахаар сайн үх” гэдэг дээ. Хувь хүний нэр, харъяалагдах овог, нутаг ус-аймгийн нэр гээд л байна. Гэхдээ энэ бүхэн манай монголчуудад ч байгаа шүү дээ. Нутаг ус, элгэн садныхаа нэрийг бодох гээд л, тийм биздээ. Гол нь тэд уламжлалаа гээлгүй, түүгээрээ бахархаж, хүн бүр тэр ёс заншлаа нандигнан хайрлаж, түүгээрээ бахархаж, бусдад гайхуулж, өвлөж байна. Зарим залуус нь утга агуулгыг нь сайн ойлгоо ч үгүй байдаг. Гэхдээ заавал тэр уламжлалын утга учрыг олох гээд л байхгүй, ёсыг ёсоор нь дагана. Тэгээд тодорхой цаг хугацаа ирэхээр аяндаа ойлгоно, ухаарна. Би нас явахаар гэдэг утгаар хэлж байна. Бид чинь одоо сүүлийн үед хэт мэдэмхий ч гэх юм уу, хэт сониуч ч гэх юм уу, эсвэл цэцэн цэлмэг болохыг хүсдэг ч болсон юм уу их сонин сонин үзэгдэл гаргаж байна. Бид одоо хүн чанараа алдахгүйгээр, нэр төрөө эрхэмлэн хөдөлмөрлөх, бүтээх, хөдөлмөрлөх, бүтээх, хөдөлмөрлөх, бүтээх л хэрэгтэй байна.
-Жудаг гэдгийг та нэр төрөө эр хэмлэх гэж хөрвүүлэн хэллээ. Монголчууд бид “нэр хугарахаар яс хугар” гэдэг. Энэ философиор бол бид нэр төрөө эрхэмлэдэг, жудагтай үндэстэн гэж харагдахаар. Гэвч орчин цагийн амьдрал, ялангуяа хот хүрээний хөгжил, соёлжилт дээрх философийг үгүй болгож байна уу даа?
-Агуулгын хувьд тийм. Би бол хүн чанараа алдахгүй байх, нэр төрөө эрхэмлэж явах гэж тайлбарлаж байна. Гэхдээ би яг монгол үгийн тайлбараар нь хэлээгүй, утгаар нь ингэж ойлгож байна гэж байгаа юм. Хот хүрээнд ороод ирэхээрээ хүн чанаргүй болоод нэр төрөө хайрлахгүй, хүнд муу юм хийгээд, юу ч хамаагүй хийгээд, хэлээд явдаг хүн болдог гэж бид ер нь хаанаас тийм мэдээлэл авсан юм бэ. Хот хүрээ чинь харин чиг соёлтой сайхан газар байх ёстой юм биш үү. Би бол ингэж орчин үеийн амьдралыг өөрсдийнхөө ёс суртахууны алдаанд тохохыг нэг их сайшаан үздэггүй.
Бид л буруу тайлбар хийж, өөрсдийн буруугаа ямар нэг зүйлд тохох арга заль гэж бодож байна. Мэдээж хотын амьдрал өөр, өөрийн хууль дүрэм, зарчимтай. Тэдгээрийг л дагаад мөрдөөд амьдар л даа. Нэр төрөө эрхэмлэдэггүй, жудаггүй хүн аль ч улсад, хот хөдөөд ялгаагүй байвал байгаа л гэж бодож байна. Гол асуудал бол бидэнд байсан, байгаа зүйлээ алдахгүй гээхгүй байя аа л гэсэн санаа юм. Бид өөрсдийн сайн сайхнаа хадгалж, хамгаалж, бусдад түгээж, бас орчин үеийн хэв маягаар баяжуулж л чадахгүй байна. Түүнээс бидэнд бүх зүйл бий. Энд нэг зүйл хэлэхэд, соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд эдийн засгийн ухагдахуунтай зүйл яригдаж байгаа. За тэр санаагаар байж болно. Нөгөө талаас бид энэ уламжлалт зан суртахуун, ёс суртахуун, оюун сэтгэлгээний өв, өнөөдрийн сэдэв болох жишээлбэл, монгол хүний хүн чанар жудаг, нэр төрөө эрхэмлэх энэ ойлголтыг яаж бүтээлчээр тайлбарлан хөрвүүлж, ямар жишээ баримтаар хэрхэн өвлүүлэн үлдээх талаар бүтээгдэхүүн хийж болох л байх. Бүтээгдэхүүн гэж бараа таваар биш. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэхэд, нийгэмд нөлөө бүхий хүмүүс нь нийт хүмүүст зөв үлгэр дууриал болдог, бас манлайлагч нь байх ёстой. Энд нөгөө алдар нэртэй хүмүүсийн үүрэг, нөлөө маш их. Би бол алдартай хүн биш. Гэхдээ би таньд олон нийт унших ярилцлага өгч байна. Тэгэхээр би ярьж, хэлж байгаа зүйлээ маш их бодож хянаж байна шүү.
-Жудагтай байх, нэрээ төрөө эрхэмлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Юунаас эхлэх вэ. Ямар өөрчлөлтийг нийгэмд, соёл уламжлалдаа бий болгох, сэргээх вэ?
-Юун түрүүн бие биенээ хүндэтгэх. Ингэхийн тулд өөрийгөө хүндэтгэхээс эхэлнэ. Би өөрийгөө ямар нэг байдлаар үнэ цэнтэй гэдгээ мэдэрч байж өөрийгөө хүндэтгэнэ. Надад ийм эрхэм чанарууд бий, би эдгээрийг ижий ааваасааа, удам угсаанаасаа, нутаг уснаасаа мэдэрч, хүмүүжиж олж авсан юм гэдгээ зөнгөөрөө мэдрэх, энэ мэдрэмж чухал гэж бодож байна. Дараа нь хүнийг хүн шиг хайрладаг, энэрдэг байх. Энэ бол хүн чанартай, жудагтай байхад маш чухал. Хайр, энэрлийг зөвхөн би хайрлачихъя гээд л санааны зоргоор бий болгохгүй. Аливаа юмс үзэгдэл, хүний сайныг нь, сайхныг нь эхэлж олж харахыг хичээх. Энэ бол бас их хэцүү боловч чухал чадвар шүү. Юм ярихаар л болохгүй бүтэхгүй талаас нь асуудлыг, юмыг харж эхэлдэг хүмүүс байдаг. Би бол энийг хүний дутагдалтай тал гэж хардаг. Ийм хүмүүс өөрсдийгөө би юмыг их амархнаар хөнгөнөөр хардаггүй гэж зөвтгөдөг л дөө. Амьдралд, ялангуяа, өнөөдрийн нийгэмд амархан бүтдэг зүйл ховор болсон. Юмс улам л төвөгтэй, нарийн болоод байгаа. Гэхдээ тэдгээрийг болгоно, бүтээнэ гэж явах л хэрэгтэй. Монгол хүний хүн чанарт бас нэг сайхан онцлог байна. Энэ бол хүний ач тусыг санах. Энэ нь бас нөгөө нэр төрөө эрхэмлэхтэй холбогдоно. Хүний ач тусыг хүртсэн бол түүнийг хариулдаг. Яривал их л зүйл байна. За дээрх зүйлсийг үйл үйлдэлдээ анхаарч, мэдэрч, хэрэгжүүлж чадаж байвал хүн чанар гэдэг зүйл аяндаа л бидний дотор цэцэглээд байх болов уу гэж бодож байна. Бас нэг зүйл, хүн ер нь өөрийгөө би алдаж байна уу, буруу юм хийж байна уу гэж үе үе бодож, тунгааж байх ёстой. Алдаж болно, гэхдээ нэг алдсанаа дахин давтахгүйг л хичээх хэрэгтэй. Бидэнд эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн монгол хүний жудаг буюу хүн чанар, түүний нэг чухал илрэл нэр төрөө эрхэмлэх явдал байгаа цагт ямагт Монгол эх орноо хайрлах, хүндэтгэх, хөгжүүлэх зүрх сэтгэлтэй бадарч байна.
9 replies on “Доктор М.Анaрa: Хүнийг хүндэтгэх эрхэм чанар доройтсоноос жудаггүй хүмүүс олширсоор байдаг DNN.mn”
Ёстой л голоор нь хэлжээ.Баярлалаа.Ийм л сэхээтнүүд багш нар олон бол ирээдүй сайхан болноо.
Монголын ард түмэн үлгэр түүх,дуу хуурь, тоглоом наадгай, урлаг шашин шүтлэг бусад өв соёлууд дотроо хадгалаад үлдээснийг бид хойч үедээ бага балчраасан оюун ухаандан программ чип шиг суулгаж өгсөнөөр уламжлагдана гэж төсөөлдөг юмаа
kkk
Сэтгүүлч минь Жудаг гэдгийг нэр төрөө эрхэмлэх гэж хөрвүүллээ гэж ярьж болохгүй байх аа. Учир нь Жудаг гэдэг үг нь өөрөө цэвэр шууд утгаараа ойлгогддог үг ш дээ.
Яг үнэн, Хүнийг хүндлэх мэдлэг үгүй хүмүүс олширч байгаа нь алхам тутамд л мэдрэгдэж байна даа.
Орчин цагийн зөв сэдэв хөндөж байна баяр хүргээд Амжилт хүсье
Маш сайхан зүйлийг маш сайн ойлгомжтой бичигч эрхэм эрдэмтэн дүүдээ улам ихийг тууриван бүтээхийг ерөөе. Өв уламжлал, өв тээгчдийн соёл хүний ёс жудаг, хүний мөс чанарын тухай түгээн дэлгэрүүлж яваарай. Ухаантай дүү минь