УИХын гишүүн, УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгосон. Энэ үеэр Д.Лүндээжанцан гишүүн Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлсэн бол та С.Бямбацогт гишүүний нэрийг санал болгосон. Гэвч Ёс зүйн дэд хорооны даргын асуудлыг шийдэхийн өмнө маргаан дагуулсан нь сенсаци боллоо. Ямар шалтгааны улмаас маргаан өрнөсөн юм бэ?
-Сенсацилаад байх зүйл болоогүй. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргад Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлсэн. Би үндэслэлээ маш тодорхой хэлсэн. Тэр нь Ёс зүйн дэд хорооны дарга нь УИХ-д гурван удаа сонгогдсон, нам сөрөг хүчин байхад Бүлгийн дарга байсан, Хоёр жил орчим Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан, одоо УИХ-ын дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа туршлагатай хүнээр Ёс зүйн дэд хороог даргалуулъя гээд С.Бямбацогт гишүүний нэрийг оруулсан. Гэхдээ Д.Тогтохсүрэн гишүүнийг туршлагагүй, чадахгүй болохгүй гэж байгаа юм биш. Миний хувьд эрхэлж байсан ажлыг нь харгалзан нэр дэвшүүлсэн. Түүнээс биш орилоод маргаж мэтгэлцсэн зүйл байхгүй.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн л тэндээс хэдэн юм яриад байх шиг байсан. Д.Тогтохсүрэн гишүүн “Хэрэв Бямбацогт гишүүнийг нэр дэвшвэл би өрсөлдөхгүй” гээд С.Бямбацогт гишүүнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгосон. Болсон процесс ердөө л энэ.
-Д.Лүндээжанцан гишүүн “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн гишүүнийг Ёс зүйн дэд хорооны дарга болгохоор тохирсон” гээд байсан шүү дээ?
-Лүндээжанцан дарга тэр үед болоогүй процессийг болсон мэт ярьж байна лээ. Тэгээд ярихаар нь би “Та болоогүй зүйлийг болсон мэт ярьж болохгүй” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Лүндээ дарга ч гэсэн түүн дээр өөрийнхөө алдааг ойлгосон байх. Д.Тогтохсүрэн гишүүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүн болгохоор ярьсныг буруу ойлгосон юм шиг байна лээ.
-УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга болох гэж олон хүн хүсдэг болсон юм биш үү. Тэр бүр анхаарал хандуулдаггүй байсан дэд хороог гишүүд яагаад илүүтэй сонирхох болсон юм бэ?
-Мэдэхгүй юм. “Би дарга болъё” гээд байгаа хүн өнөөдөр манай бүлэг дотор алга. Мэдээж дэд хороодын дарга нараас сайд болоод явсан хүмүүс байгаа тул даргаа сонгоно. Д.Цогтбаатар гишүүн сайд болсон тул өнөөдөр (өчигдөр) Хүний эрхийн дэд хороо яригдаж байна лээ. Ойрын хэд хоногт ганц нэг дэд хорооны дарга сонгохоор бол түүнийгээ байнгын хороон дээрээ яриад сонгоод явчихна.
-Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул оронд нь С.Бямбацогт гишүүнийг томилсон юм уу?
-Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашиж байгаа болохоор Ёс зүйн дэд хорооны даргын ажлаа өгье гэж өөрөө саналаа тавьсан.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн Бүлгийн дарга нэг зүйл яриад, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга бас өөр зүйл ярьж байна. Тиймээс бүлэг дээрээ хэлэлцэж саналаа нэгтгэж оруулж ирэх ёстой гээд байсан. Харин та бүлгээр хэлэлцэх шаардлагагүй гэдгээ хэлсэн. Үнэхээр бүлгээр хэлэлцэх шаардлага байхгүй юу?
-Ёс зүйн дэд хорооны даргын асуудал угаасаа яригдаагүй. Тэрийг дарга болгоно гэдэг зүйлийг яриагүй болохоор Байнгын хороон дээрээс Ёс зүйн дэд хорооны гишүүд нэрээ дэвшүүлээд санал хураагаад шийдчихнэ гэсэн бодолтой байсан. Түүнээс биш бүлгийн бодлого гаргаад, тэр нь дарга болно шүү гээд шийднэ гэж бодоогүй. Тэр утгаараа Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг санал болгоно гэж би хувьдаа бодсон. Бүлэг дээр ярьсан ч гэсэн би С.Бямбацогтыг санал болгох байсан.
-Гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд их гарах болсон ч шийдэгдсэн нь алга. Магадгүй дэд хорооны даргын үйл ажиллагаатай холбоотой байх. Цаашид дэд хороо хэрхэн ажиллах ёстой бол?
-Дан ганц Ёс зүйн дэд хороо ч гэлтгүй УИХ-ын дэргэдэх бүтцийн байгууллагууд маш сайн ажиллах ёстой. Ямар ч ажил хүнээс хамаардаг. Гэхдээ хүн л болсон юм чинь алдаа, оноо аль аль нь байдаг. Тэр утгаараа даргалж байгаа хүнээс хамаарна гэдэг бол нэг үзүүлэлт.
Нөгөө талаасаа Ёс зүйн дэд хороо гэхээрээ юм л бол гишүүний ёс зүйг авч хэлэлцэнэ гээд нэг тийш нь хэлбийлгээд байвал буруу. Ялангуяа УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд ямар нэгэн амбиц, улс төргүйгээр ул суурьтай хандах ёстой.
-Д.Лүндээжанцан гишүүнийг нутгийнхаа хүнийг Ёс зүйн дэд хорооны дарга болгох гэлээ гэсэн шүүмжлэл гарсан…
-Д.Тогтохсүрэн гишүүн, Лүндээ дарга хоёр нэг нутаг болохоор хүмүүс тэгж харсан байх. Түүнээс тийм бодол байхгүй. Д.Тогтохсүрэн гишүүн ямар ч ажлыг хийгээд явах чадвартай хүн. Олон жил аймаг удирдан ажиллаж, төрийн аль ч шатанд ажиллах бүрэн боломжтой гишүүдийн нэг. Ажил хийх чадварын тухайд яриад байх зүйл ч байхгүй, мундаг гишүүн. Д.Тогтохсүрэн гишүүнийг хувьдаа ямар ч ажилд бэлтгэгдсэн кадр гэж үздэг. Учир нь орон нутгаас эхлээд бүхий л албан тушаалд ажиллаж байгаад төрийн дээд албан тушаалд ирсэн болохоор ямар ч ажлыг хийж чадна.
-Даргыг сонгохын тулд хор найрууллаа гээд байсан даа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн?
-Юуных нь хор найруулга байхав дээ. Дээр хэллээ шүү дээ. Лүндээ дарга Д.Тог-тохсүрэн гишүүнийг санал болгосон, би С.Бямбацогт гишүүний нэрийг дэвшүүлье гэж Байнгын хорооны хурал дээр яриад л шийдэцгээсэн асуудал.
Э.БОЛД