Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуягтай ярилцсанаа хүргэе.
–Та дуурийн нэртэй дуучдын нэг. Мөн бага балчир насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай хүмүүсийн нэг. “Тунгалаг Тамир” киноны сэлэм гялс, толгой бөндгөс гээд ярьдаг хэсэг санаанаас гардаггүй юм?
-Ерөөсөө багын л кино зохиол ярьдаг адтай хүүхэд байлаа. Юмыг ургуулж, хүч оруулж, дүрсжүүлж ярихдаа гаргуун. Цэцэрлэгт байхад хүртэл манайхан өдрийн хоолоо идчихээд намайг тойроод суучихна. Кино яриулах гээд. “Тунгалаг Тамир” киноны тэр дүр хүмүүст бас их хүрсэн байдаг. Гэхдээ би чинь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ.Анхны кино маань “Толбот хивс” юм. Ч.Нацагдорж гэж олон мундаг өгүүллэг бичсэн зохиолчийн зохиол, Бадрахын Сумхүү гуайн найруулсан кино л доо. 1961 онд сургуульд орохынхоо өмнөх жил тухайн кинонд тоглож байлаа.
Дараа нь 1970 онд “Улаан дарцаг”-т тоглосон юм. Өмнө нь кинонд дүр бүтээсэн болохоор кино театрынхан 23 дугаар сургуульд хүрч ирээд намайг шууд авсан. Миний бие наймдугаар ангид байлаа. Ингээд л Идэрийн дүрд тоглосон доо. Гол дүрийн нэг болох Батад тоглосон Ганбаатарыг нэгдүгээр сургуулиас шалгаруулж авсан байдаг. Манай Ганбаатар чинь математикийн олимпиадын улсын аварга болж мундаг сурагч байлаа шүү дээ. Нэг хэсэг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан.
-“Улаан дарцаг”-ийн зураг авалтыг хаана авч байсан бэ?
-Латиф нартай хөөцөлддөг хэсгийг Горхийн амралтад авч байв. Харин сүмтэй суурин хэсгийн зургийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд авч байлаа. 1971 онд “Тунгалаг Тамир” кинонд тоглосон. Дараа жил нь “Тэмцэл” кинонд гутал худалдаж авдаг ардын хоршооны Аюушийн дүрд тоглосон юм. Ингээд 1975 онд Хөгжим бүжгийн сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа “Мартагдашгүй намар” киноны Ганзоригийн дүрийг бүтээсэн. Энэ мэтчилэн арван тав, зургаан кинонд тогложээ. Хамгийн сүүлд гэхэд “Төрийн дайсан” кинонд Үйлдвэр худалдааны яамны сайд Түвшингийн дүрийг бүтээгээд байна.
–Анх кинонд тоглоод ямар урамшуулал хүртэж байв?
-“Толбот хивс” кинонд тоглосны дараа урамшуулал болгож 50 төгрөг өгч байлаа. Харамсалтай нь Бат-Очир гэж туслах найруулагч маань өгнө гэж хэлээд өгөөгүй. Өвөг эцэг маань тэр хүнийг “50 цаасны хар” гэдэг байсан. Бодоход, надад өгөх мөнгийг халаасалсанд нь дургүйлхэхдээ тэгж дууддаг байсан болов уу. “Улаан дарцаг”-т тоглосны дараа 200 төгрөг өгч байсан. Тухайн үедээ багагүй мөнгө л дөө. Нэг зүйлийг бардам хэлэхэд, Монголын кино урлагийн алтан үеийн жүжигчидтэй хамт бага балчир нас минь дэлгэцэнд мөнхөрчээ. Энэ бол маш том бахархал. 1972 онд аравдугаар ангиа төгсөхдөө тааруухан төгсөж байлаа. Надад цэргийн сургуулийн хуваарь ирлээ. Ээж “Миний хүү цэргийн хүн болохгүй” гээд Их сургуулийн монгол хэлний ангид шалгалт өгүүлдэг юм. Монгол хэл, түүх, математикаар өглөө. Хэлзүй, түүхийн шалгалтыг даваад гарлаа. Тоон дээр яалт ч үгүй л уналаа даа.
–Олон кинонд дүр бүтээсэн хүний хувьд кино урлагийн чиглэлээр суралцаж болоогүй хэрэг үү?
-Кино үйлдвэр намайг авна гэж хэлсэн юм аа. Би жүжигчнээр л орно гэж бодож явлаа. Тухайн цагт кино үйлдвэрийн жүжигчин болно гэдэг хэн хүнд олдомгүй хувь заяа байлаа. Яг авах болтол “Гэрэлтүүлэгчээр авна” гэдэг юм.
Ингээд ороогүй. Хөдөө ээжийнхээ ах дүү нар дээр очлоо. Үндсэндээ малчин боллоо. Гэтэл ээж яриад миний хүү яаравчлан ирэхгүй бол болохгүй нь гэсэн. Тэгтэл хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайн хүүхэд Даваахүү багш хөгжмийн сургууль нээж байсан юм билээ. Хөгжим бүжгийн сургууль. Одооны СУИС-ийн хөгжмийн суурь тэгж тавигдаж байгаа юм. Ядахад тэр жил Багшийн сургуулийн кино драмын анги элсэлт авалгүй өнжсөн юм. Ингээд кино үйлдвэр ч үгүй. Кино драм ч үгүй боллоо. Хөгжим бүжгийн сургуульд ороод Ц.Пүрэвдорж гэж лут хүн дээр анх очиж байлаа. Өөрийнхөө ямар хоолойтойг ч мэдэхгүй. Басс, баритони гэдэг үгийг ч дуулаагүй. Гэрэлт-Од гэж дуучныг дууг дуулна. Тухайн үед Гэрэлт-Од ид мандаж байв.
“Залуу найз аа замд гаръя
Заавал тийшээ хамт явъя…” гээд авч өгдөг байв. Хүүхдүүдийг ямар хоолойтой вэ гэж асууж байна гэнэ. Тэгэхээр нь би “Гэрэлт-Од чинь ямар хоолойтой юм бэ” гэж бусдаасаа асуулаа. Нэг нь “бортоон” л гэж байна. Би цээжилчихлээ. Шалгалтынхан дээр очоод ямар хоолойтой вэ гэхээр нь бортоон л гээд аваад хаячихав. Тэгтэл Пүрэвдорж багш дээр оч гэдэг юм. Багштайгаа гурван сар хичээллэсний дараа багш “Ганхуяг аа, миний хүүгийн хоолой тенор юм байна шүү дээ” гэж билээ. Хөгжим бүжгийн сургуулийг дүүргээд Уралын хөгжмийн дээд сургуульд явсан, Дуурийн театрын гоцлооч болсон урлагийн зам мөрийнхөө тухай яривал бас л урт хугацаа шаардана даа.
–Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Ганболд гэж хүний тухай?
-Ээжтэй минь хэзээ хойно ханилсан ч гэсэн тэр хүнийг би аав аа гэж дууддаг, аав шигээ дээд зэргээр хүндэтгэдэг байлаа. Энэ хорвоо ертөнц дээр сайхан хүмүүс төрдгийн нэгэн баталгаа бол аав минь байсан даа. Үнэхээр хүний хайлан болсон хүн байлаа. Тэр хүнийг аав аа гэж дуудахад хамаг биеэр минь хайр лугших шиг болдог байж билээ. Аавыг өнгөрсний дараа ээжийн нэг хэлсэн айхтар үг байдаг. “Би өөрийгөө их олон түмэнтэй хүн. Манайхаар ирж байгаа хүмүүс намайг л гэж ирж байна даа гэж боддог байв. Гэвч үгүй байж. Миний ханийг хүндэтгэж ирдэг байж” гэж. Нээрээ л тийм байсан. Тэр хүний кино урлагт үлдээсэн хэдэн сайхан дүр байдаг даа. Ялангуяа “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хошууч байна. Мөн Сувдаатай хамт тоглосон “Анхны хайрын дууль“ байна. Би киног нь үзэж чаддаггүй юм. Харахаар хоёр нүдний нулимс сул асгараад байдаг юм.
–Таныг ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн хүү гэдгийг манайхан мэдэх болов уу. Ээжийнхээ тухай ярихгүй юу?
-Тийм ээ, ээжийг маань Монголын утга зохиолын нэртэй төлөөлөгч гэдгийг манайхан мэднэ дээ. “Хүүгийн эцэгт бичсэн захидал” найраглал, “Амьдрал хайр дээр тогтдог” гээд олон сайхан дуу, зохиол бүтээлийг нь уншдаг, биширдэг. Харин миний хувьд бол энэ хүн хамгийн дотнын халамжит ижий, амьд бурхан минь юм. Биднийг өсгөх гэж амьдралын хатуу ширүүнийг мөн чиг туулсан даа. Манайхны хэлдгээр, гадаа гарч эр, гэрт орж эм болж явлаа. Надад ганцхан үг л аминчилж хэлдэг байв. Эдээр биеэр чимэхээр эрдэнээр биеэ чим гэж хэлнэ. Өвөг эцэг, эмэг эх хоёр маань өнгөрөөд л би айл гэр толгойлоод эхэлсэн. Тухайн үед гуравдугаар ангид л байжээ.
–Танайхаар зохиолчид их ирдэг байсан биз?
-Тэгэлгүй яахав. “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, өнөө л агуу Ч.Чимид, Ц.Гайтав, Базарын Цэдэндамбаа гуай байна. Мөн Б.Явуухулан гуай ирнэ. Ээжийн багш нь. Тэрхүү дорнын их Явуугийн дугуйланд Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Шагдарсүрэн, П.Пүрэвсүрэн, Ш.Цогт гээд дэндүү авьяаслаг найрагчид явдаг байлаа. Тэд чинь бүгдээрээ л манайд ирнэ. Р.Чойном, Намжимын Очирбат гээд манай босгоор алхаагүй найрагчид ховор оо. Хоол унд хийж идээд л, үймж бужигнан шүлэг зохиолоо уншицгаагаад л. Ямар сайхан байсан гэж санана. Би чинь өөрийгөө бурхдын дунд өссөн хүүхэд гэж хэлэх дуртай даа.
Ө.МАНЛАЙ