АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо өчигдөр болсон хурдан морьдын “Breeders cup 2015” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртлээ.
Зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас Mongolian Saturday 14 дугаартай уралдсан юм. Эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж судлаач нар үздэг юм байна. Өнгөрсөн жилийн аварга “Bobby’s Kitten” болон “Mongolian Saturday”-г 15 хүн тутмын нэг нь түрүүлнэ гэж бооцоо тавьсан бол Английн хатан хааны нэрэмжит уралдаанд түрүүлсэн “Undrafted”-д дөрвөн хүн тутмын нэг нь түрүүлнэ гэж итгэл хүлээлгэж байжээ.
Энэ алдарт хүлгийн тухай манай сонин “Домогт хүлгүүд” буландаа нийтэлж байсан юм. Онлайн уншигчдадаа дахин хүргэж байна.
Д.Ганбаатарын “Сартай хээр”
“БРИДЕРС КАП”-ИЙН ТҮРҮҮ ХҮЛЭГ ДУНДЖААР 1-6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛТАЙ
Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын цэвэр англи цусны сартай хээр зүсмийн ажнай хүлэг Америкт болох дэлхийн аваргын дэвжээнд тоосоо өргөх гэж байна. Тодруулбал энэ сарын 30, 31-нд Америкийн Кентаки мужийн Лэксинтон хотод морин уралдааны дэлхийн аварга шалгаруулах “Бридерс кап” тэмцээн болох юм. Наяад оны эхэн үеэс дэлхийн аваргын уг тэмцээн АНУ-д зохиогдож ирсэн бөгөөд Францын Триумфальная Арка, Арабын Дубайн цом, Австралийн Мельбурны цом, Америкийн Эпсомийн Дебри, Японы цом зэрэг уралдаануудад бахдам амжилт гаргасан дэлхийн шилмэл хурдан хүлгүүд хурд хүч, ир бяраа сорьдог ажээ.
Дээрх цомын тэмцээнүүдэд түрүүлсэн моринд дунджаар 1-6 сая ам.долларын шагнал олгодог байна. Энэ нь өндөр шагналд тооцогдох нь мэдээж. Мөн цэнгэлдэх хүрээлэнд морин уралдааныг үзэн сонирхож буй бизнесмэн, тив, дэлхийн нөлөө бүхий эрхмүүд, моринд хорхойтой үзэгчид бооцоо тавьж сэтгэлийн цэнгэл эдэлдгийг бид мэдэх юм. “Бридерс кап” морин уралдааны дэлхийн аваргын дэвжээнд өмнө нь араб, будённый, тракен, ахалтек, дон, кабардин, орловын хатирч, англи-араб, англи-будённы, англи-кабардин, англи-крачеев, англи-тракен, англи-терский үүлдрийн шилмэл хүлгүүд шандсаа сорьж ирсэн түүхтэй юм. Одоогоос гурван жилийн өмнөх намар “Бридерс кап” уралдаан АНУ-ын Калифорни мужийн Санта Анита цэнгэлдэхэд болж байсан. Тэрхүү уралдаанд хурдан морь сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг таван сая долларын шагналын сантай классик гараанд төдийлөн нэрд гараагүй Форт Ланед гэдэг америкийн халтар соёолон гараан дээрээс өнгөлсөөр түрүү магнайд хурдалж спортын нэвтрүүлгийн олон улсын сувгаар хүн төрөлхтөнд хүрч байсан удаатай. Энэ удаагийн “Бридерс кап” тэмцээнд хоёр өдрийн турш нийт 13 төрөлд ажнай хүлгүүд уралдах гэнэ. Нийт шагналын сан нь 26 сая ам.доллар аж. Монгол Улсын нэрийн өмнөөс уралдаж байгаа тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian saturday” морины уралдах turf sprint буюу богино зайн төрлийн шагналын сан нь нэг сая ам.доллар юм байна.
“МАКС” ГАНБААГИЙН “Mongolian saturday” БУЮУ САРТАЙ ХЭЭР ТАВАН НАСТАЙ АДУУ
Д.Ганбаатар манлайн дэлхийн дэвжээнд тоосоо өргөх гэж буй сартай хээр морь өнөө жил таван нас хүрч байгаа аж. Уг ажнайг дааган настай байхад нь дэлхийд зартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар цаашид хурдлах зартай хүлэг болно гэх эрмэлзлээр авч байсан гэдэг. Онон манлай монгол угшлын адуунаас гадна цэвэр цусны эрлийз адууг хүртэл гарамгай таньдаг гэдгээ “Макс” Ганбаагийн сарт хээр дээр нотолсон гэж хэлж болох юм. Биеийн хийц галбир сайтай, тухайлбал, эрүү түүш урт, магнай тэнэгэр, дөрвөн мөч тэгш, гол ясны бяртай гэх онцгой хурдан адуунд байх олон шинж зэрэг бүрдсэн хэмээх яриа тухайн үед уяачдын дунд хөвөрч байв. “Америкийн уралдаануудад удахгүй Монголын нэрийг гаргасан адуу дуурсагдана. Онон манлайгаар шинжүүлж Максын Ганбаа дэлхийн баячууд үнэ хаялцдаг талбараас хурдын удмын адуу худалдаж авчээ. Дэлхийн зангарагтай эрчүүдтэй Монголын уяачид эн зэрэгцэж эхэллээ” хэмээх жиг жуг дуулдаж л байсан. Д.Ганбаатар манлай эртнээсээ л хурдан адууны үүлдэр угсааг сонирхож, төрсөн ах тод манлай уяач Цэрэнжигмэдийн хамтаар Макс угшил гэдгийг бий болгохоор зорьсон. Түүний хүсэл мөрөөдөл ийнхүү эхнээсээ биелж “Макс”-аар нь овоглосон, Монголын нэрийг дуурсгасан ажнай хүлэг тив, дэлхийн шилдгүүдтэй Америкийн хамгийн алдартай уралдаанд ийнхүү шандсаа сорих гэж байна. “Mongolian saturday” хэмээх нэртэй сарт хээр морь өнөө жил арваад тэмцээнд уралдахдаа хоёр удаа түрүү магнай болж, гурван удаа аман хүзүүнд давхиж, мөн хоёр удаа гурвалсан амжилтаар “Бридерс кап”-ийн ойрын зайн төрөлд дэлхийн алтан тууртуудтай хүч үзэх болзлыг хангасан байна.
“Mongolian saturday” буюу сарт хээрийн албан ёсны хуудсанд ингэж бичсэн байна. Түүний эцэг нь “any given saturday” аж. Үүнийг монголчилбол байдаг л нэгэн бямба гариг гэсэн утгатай үг болно. Харин эх нь “miss hot salsa” гэж байгаа. Мөн л хошин маягаар монголчилбол “Хатагтай, халуухан салса” гэж бууна. Тэгэхээр “Макс” Ганбаагийн сарт хээр халуухан Салса “хатагтай”-гаас төрсөн, байдаг л нэгэн “бямба гариг”-ийн үр төл ажээ. Байдаг л нэгэн бямбын үр төл ийнхүү “Монголын бямба” болж, Чингисийн удмынхны өмнөөс Америкийн дэвжээнд шандсаа сорихоор болсон түүх энэ буюу.
“МАКС”-ЫН УГШЛЫН АДУУНУУД ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАВ
Шинэ монгол адуу үүсэж хөгжихөд үлэмж хувь нэмрээ оруулж яваа ах дүү тод манлай уяачдыг бид “Жигүүр хул”, “Асгат саарал”, “Зандан хүрэн”, “Дэлт хээр” зэрэг энэ цагийн хурдан хүлгүүдээр нь мэднэ. “Макс” угшлын бага насны адуунууд 2006 оны “Тамирын хурд”-д онцгой амжилт гарган хээр даага, халтар шүдлэн, сартай зээрд соёолонгууд тус тус түрүүлж байсан. Цэрэнжигмэд манлайн зээрд үрээ тэр жил Алтан-Овооны тахилгад айрагдаж байсан удаатай. Шинэ монгол адууны гол төлөөлөл болох уг зээрд үрээний эцэг нь ОХУ-аас авчирсан Будённый азарга бөгөөд эх нь 2003 оны улсын их баяр наадамд зургаагаар давхиж, Архангайн 80 жилийн ойн даншиг, 2004 онд болсон “Монгол азарганы бооцоот уралдаан”-д тус тус түрүүлсэн алдарт Зандан хүрэн азарганы дүү гүү юм. Зээрд үрээ ардын хувьсгалын 88 жилийн ой төрийнхөө их баяр наадмын хязаалангийн уралдаанд аман хүзүүдэж , Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн ойн Хангайн бүсийн даншиг наадамд магнайдаа тоосгүй ирж олныг гайхшруулж байсан. Америкийн морин тойруулгын шилдэг хүлгүүдийг нэг хэсэг Монгол Улсын тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг сойж байсан удаатай. Түүнийг эрлийз морьдын уяагаар гаршсан нэгэн гэдэг.
Тэрээр “Макс” үүлдрийн шинэ монгол адууг бий болгоход хувь нэмрээ оруулсан. Хоёр жилийн өмнө хурдан морьдын дуудлага худалдаа зохион байгуулагдахад тод манлай уяач С.Ганхуяг өнөө жилийн дэлхийн аваргын тэмцээн болох гэж байгаа АНУ-ын Кентаки мужийн дуудлага худалдаанаас авч Монголд оруулж ирсэн цэвэр цусны англи үүлдрийн “Withheld” нэртэй гүүг зарахаар болсон. Түүний санал болгосон гүү 35 мянган америк доллараар анх дуудуулж, моринд дуртай олны дунд шуугиан тарьж байсан түүх бий. Гэвч Ганхуяг манлайн 35 мянган ам.долларын үнэтэй англи цусныг гүүг үнэ цохиж авах хүн тухайн цагт гараагүй юм.
Монголын уяачид дундаас олон улсад морь уях албан ёсны эрхийг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Энэбишийн Ганбат авсан байдаг. Тэрээр С.Ганхуяг манлайтай хамт нэг хэсэг “Макс” Ганбаагийн морьдыг Америкт уяж байсан юм. Тэрээр “Дэлхий дээр цэвэр цусны Англи адуу хамгийн хурдан байдаг. Энэ адууг хүн төрөлхтөн бий болгоод 300 гаруй жил болж байна. Гэтэл монгол адуу хэдэн мянган жилийн түүхтэй. Бид хурдан адууны удмын бичиг гаргамаар байна. Монгол хүмүүс бид өөрсдийнхөө таван үеэ мэдэхгүй байхад англи адуу 20 үеийн удмын бичигтэй байна. Цэвэр цусны англи адууг зөвхөн уралдуулах зорилгоор олон жилийн үржил селекцийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Уналга, ачлага, ан гөрөө, мал хариулахад хэрэглэдэггүй, цэрэг дайны зориулалтгүй, махыг нь хүнсэнд ашигладаггүй. Энэ адуу чухам ямархуу үнэ цэнтэйг дараахь жишээ харуулна. Алдарт Нортерн Дансер азарга нэг сая долларын ханштайгаар гүү гишгэдэг байсан. Монгол адуу 20-25 километрт 40км/цаг хурдтай давхидаг бол шинэ монгол адуу 46 км/цаг хурдтай давхиж байна. Англи адуу 200 метрийн таранд 75 км/цаг хурдтай, 2400 метрийн уралдаанд 60 км/цаг хурдтай давхидаг” хэмээн өгүүлж байсныг энд сонирхуулахад илүүдэхгүй биз ээ. Э.Ганбат уяач албан ёсны эрхийнхээ дагуу эдүгээ Америкт ажиллаж амьдарч морин тойруулгын морьдыг сойж байгаа билээ.