Categories
мэдээ цаг-үе

Д.Ган-Очир: Монголын нийт өрхийн өр ДНБ-ий 34 хувьд хүрсэн. Үүнийг бууруулахгүй бол эдийн засаг өсөхгүй

Сүүлийн үеийн судалгаагаар Монголбанкнаас инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлогод иргэд судлаачид итгэлтэй байгаа аж. Харин компаниуд инфляци дөрөв орчим хувь байх таамаг дэвшүүлжээ. Энэ талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой ярилцлаа.


-Иргэд аж ахуйн нэгжүүд инфляцийг тогтвортой байна гэж судалгаанд хариулсан байна. Судалгааны үр дүнг юунд ашигладаг вэ?

-Монголбанкнаас зөвхөн инфляци биш, валютын ханш, эдийн засгийн идэвхжил, өсөлт, цалингийн орлого, зээлийн хүү гэх мэт асуудлаар байнга судалгаа хийдэг. Судалгаагаар иргэд, компаниуд, судлаачид ямар бодолтой байгааг танддаг. Судалгааны дүнг ашиглаад ирээдүйн эдийн засгийн төлөвийг тодорхойлдог юм.

-Судалгааг ямар хүрээнд явуулсан бэ?

-100 гаруй аж ахуйн нэгж, 2000 иргэдийн дунд явуулсан.

Монголбанк Засгийн газраас хараат бус болсон гэсэн мэдээ яваад байна.

Монголбанк Засгийн газраас хараат байсны муу талыг эхлээд ярья. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн Монголбанкны бодлого нь цөөн хүний эрх мэдлээ ашиглан хэрэгжүүлсэн бодлого байсан. ОУВС-тай хийсэн гэрээнд ч энэ байдлыг хууль эрх зүйн хүрээнд өөрчлөхөөр тусгагдсан. Тийм учраас аливаа бодлого хэрэгжүүлэхдээ ганц хүн биш, хамтын шийдвэр гарах механизмтай болсон. Энэ нь тодорхой хэмжээгээр банкны бие даасан байдлыг дээшлүүлж байгаа юм.

-Өмнөх бодлогын алдааг тодорхой хэлж болох уу?

-Банкнаас хэрэгжүүлсэн бодлого нь Монголбанкны гэхээсээ илүү Засгийн газрын хийх ажил байсан. Жишээлбэл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар хийх ёстой. Гэтэл Монголбанк Засгийн газар хамтраад хэрэгжүүлсэн байгаа юм.

-Юу нь буруу байна?

-Засгийн газар бонд гаргах замаар хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөгийн зарим эдийн засагчид яриад байгаа Монголбанк мөнгө хэвлэх замаар санхүүжүүлсэн. Монголбанк Засгийн газар төсвийн хүрээнд хийх ёстой ажлыг Монголбанк арилжааны банкуудад мөнгө тараах замаар санхүүжүүлсэн. Энэ нь хувь хүн гэхээсээ илүү Монголбанк нь Засгийн газрын өмнөөс “үгүй” гэж хэлж чадахгүй байсантай холбоотой. Тийм учраас ОУВС энэ тогтолцоогоо өөрчлөх шаардлага тавьсан.

-Одоо Монголбанк элдэв санхүүжилт хийх боломж хаагдсан уу?

-Өмнө нь ч тодорхой хязгаарлалт байсан. Гэхдээ одоо бүр баталгаажсан. Одоо Монголбанк юунд оролцох, оролцохгүйг хуулиар тодорхой заагаад өгчихсөн.

Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг. Гэтэл улсын төсөв өндөр алдагдалтай, бензиний үнийг Засгийн газар өсгөж, бууруулаад байхад мөнгөний бодлого хэрэгжих үү?

Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхийн тулд үндсэн суурь нөхцөлүүд байх ёстой. Өөрөөр хэлбэл мөнгө зах зээлд нийлүүлэх, буцааж татах эрхтэй байх хэрэгтэй. Гэтэл Засгийн газар олохоосоо илүү зарлага гаргачихаад төсвийн алдагдлаа нөхөхийн тулд бонд гаргаад байдаг. Бонд хүүтэй. Тийм учраас Засгийн газрын ачаалал бүр их нэмэгдээд байна шүү дээ. Тэр мөнгөө эдийн засаг руу дураараа цацчихдаг. Эндээс Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг.

-Энэ үрэлгэн бодлого зогссон уу?

-Одоогийн Сангийн сайд Засгийн газрын зардлыг шат дараалан бууруулахаа мэдэгдсэн. Үр дүнтэй арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн гэж харж байгаа.

-Гадаад өрийг бууруулах талаар ямар арга хэмээ авах вэ?

-Засгийн газрын гадаад өөрийг бууруулахгүй ноцтой байдал үүсдэг гэдэг сургамжийг бид өнгөрсөн жилүүдийн байдлаас авчихсан. 2017 онд бид дефольт зарлах эсэх дээрээ тулсан. Зарлабал хөгжил 8-10 жилээр ухарна. Тиймээс өрөө төлөхөөс өөр замгүй болсон. Гэхдээ өр төлөх хоёр зам л байгаа. Эхнийнх нь нөөцөөрөө, дараагийнх нь өрийг өрөөр. Манай нөөц өр төлөх хэмжээнд хүрэхгүй учраас эхний зам бүтэхгүй. Дараагийн өрийг өрөөр төлөх замыг сонгосон. Гэтэл дахиад хоёр асуудал тулгарсан. Нэг улсаас их хэмжээний зээл авч өрөө төлөх үү, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагуудтай харилцаад олон эх үүсвэрээс зээл авах уу гэдэг асуудал үүссэн. Олон эх үүсвэрээс зээл авах нь зөв гэдэг сонголт хийсэн.

-Цаашдаа ийм маягаар өрөө дараад явах уу?

-Гэхдээ өр хаагдаагүй. Зүгээр л түр хойшлуулсан. Удахгүй өнөөдрийн авсан зээлийг дарах асуудал гарна.

-Өрөө бууруулах өөр ямар арга байна?

-Нэгдүгээрт өрөө нэмэхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт валютын зардлаа багасгаж, орлогоо нэмэх. Өөрөөр хэлбэл экспортоо нэмэгдүүлж, импортоо бууруулах шаардлагатай.

-Зэс, алт, нүүрсний өсөн нэмэгдэж байгаа экспорт гадаад өрийг бууруулахад нэмэр болохгүй юу?

-Өнөөдөртөө нэмэр болно. Гэхдээ үнэ байнга өсдөггүй. Нэг л өдөр унана. Энэ тохиолдолд бэлтгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, экспортыг дан уул уурхайгаас бус бусад салбараар төрөлжүүлэх хэрэгтэй. Өр тавих биш хөрөнгө оруулалт татах бодлого баримтлах шаардлагатай.

-Тийм боломж бий юу?

-Одоогийн хөдлөхгүй байгаа том төслүүдээ дэлхийн зах зээлд хувьцаа гаргах хэлбэрээр хөрөнгө босгож болно. Концессын гэрээ байгуулж болно.

-Төсвийн хүрээний мэдэгдэл долларын ханшийг заачихсан байдаг. Гэтэл төсөв батлагдсанаас хойш ОУВС-тай хийсэн гэрээгээр 5.5 тэрбум доллар орж ирэхээр боллоо. Мөнгөний бодлогод нөлөөлөх үү?

-Жил бүр Оюу толгойгоос тэрбум доллар орж ирдэг. 5.5 тэрбум долларын 3.3 тэрбум нь биет хэмжээгээр орж ирнэ. Оюу толгойн доллартай нийлээд манай нийт мөнгөний нийлүүлэлтийн 50 орчим хувьтай тэнцэнэ. Том дүнгээр аваад үзвэл эдийн засагт том шок болно. Гэхдээ үүнийг зөөллөдөг аргууд Монголбанкинд бий. Харин энэ удаагийн их мөнгөний урсгалтай Монголбанк бодлогын хүүгээр тэмцэхгүй байх.

-Их долларын сургаар долларын хадгаламж буурч, төгрөгийнх нэмэгдсэн баримт байна. Хувьцааны ханшин дээр тоглох нь буруу биш. Энэ ажлыг энгийн иргэд биш, тодорхой мэдээлэлд ойрхон эрх мэдэлтэй, мөнгөтэй улсууд хийдэг гэж үнэн үү?

-Тийм байх өндөр магадлалтай. Долларын ханш өндөр үед зараад төгрөг болгоно. Долларын ханш буурахаар хямд доллар авах замаар ханшаар тоглодог үзэгдэл бий. Үүнийг спикуляци гэж нэрлэдэг. Ашиг хийх зорилгоор хямд валютыг их хэмжээгээр авч хомсдол үүсгээд, эргээд өндөр үнэтэй зарж ашиг олох арга. Хуурамч мэдээлэл тараах зэрэг үйлдэл ажиглагддаг. Гэхдээ одоо энэ бүхнийг таслан зогсоох хангалттай арга хэрэгсэл Монголбанкинд бий.

-100 шахам мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан, тэдний 55 хувь нь сая төгрөгөөс дээш цалинтай. Гэтэл гэнэт тэдний цалингийн татвар нэмэгдлээ. Зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх үү?

-Монголбнакны байр суурийг би илэрхийлж болохгүй шүү дээ.

Судлаач, эдийн засгийн докторын хувьд хариулахгүй юу?

Тодруулж хэлэхэд 55 хувь өрхийн орлого 1.5 сая төгрөгөөс дээш байгаа юм.

Гэхдээ энэ өрхүүд өнөөгийн татварын нэмэгдэлгүй орлоготой байхдаа 15-20 жилийн гэрээ хийсэн шүү дээ.

Үр дагавар гарна. Ипотекийн гэрээний дараахь орлого нэмэгдээгүй байхад, татвар нэмэгдээд орлого буурч байгаа нь үнэн. Төлбөрийн чадвар буурна. Орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаар манай улсад эдийн засгийг нийтэд хүртээмжтэй болгох арга хэмжээ авахгүй байгаа юм.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Эдийн засгийн өсөлтийг нийтэд хүртээмжтэй болгох гэдэг нь эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээх боломжийг хэлж байгаа юм. Ингэхийн тулд иргэн бүр эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмрээ оруулсан бол эдийн засгаас хувиа хүртэж орлого нь нэмэгддэг тогтолцоонд шилжих хэрэгтэй.

-Санхүүгийн салбарын 95 хувь нь банкуудад ногдож байна. Энэ тохиолдолд зээл, хүү, мөнгөний ханшин дээр тоглохоос өөр гарц байна уу?

-Банкны зээлийн 54 орчим хувь нь өрхийн зээл. 46 хувь нь аж ахуй нэгжийн зээл. Нийт 15.4 их наяд төгрөгийн зээлийн 800 тэрбум нь л жижиг, дунд үйлдвэрийн зээл. Хэрэглээний зээл ихэнх нь болохоор хүү нь бас санхүүгийн салбараа дэмжээд байна. Цалин тэтгэврийн зээлийн хүү дахиад л банкуудыг дэмжинэ. Тиймээс хэрэглээний зээлээр амьдрах биш. Үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Залуучууд “АН, МАН-ын аль нэгийг дагахгүй бол бизнес хийж болохгүй байна” гэж гомддог…

-Орлого нэмэгдүүлэх хоёр зам байдаг. Эхний нь татвараар цугласан мөнгийг дахин хуваарилж эмзэг бүлгийг ядуурлаас гаргах. Хоёрдугаарт, Засгийн газар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ ил тод зарлах. Төмөр зам гэх мэт төслүүд байгаа. Оюу толгой жилд 200 сая долларыг өмнөд хөршид өгч байна. Цахилгаан станц барих зах зээл бэлэн байгаа биз дээ. Импортын 30 гаруй хувийг нефть эзэлж байна. Монголоос гарч байгаа хамгийн том валютын урсгал. Гэтэл манай нефтийг урд боловсруулчихаад бидэнд буцаагаад зарж байгаа байхгүй юу. Одоо бид өрийг юунд зарцуулах ёстой гэвэл тэр өрийг хангалттай дарах үйлдвэрлэлд л оруулж байж өрнөөс гарна. Тэгэхгүй бол 5-10 жилийн дараа дахиад л өрийг өрөөр дарах тухай яриад л сууж байна. Иргэддээ энэ их ажилд оролцох боломжийг олгож байж л эдийн засаг сэргэнэ.

-Хувь хүмүүс жилд гаднаас 220 сая доллар, дотоодоос 90 сая доллар гаргадаг гэсэн мэдээ байна.

-Гаднаас орж ирж байгаа 220 сая долларын дийлэнх АНУ, өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээс орж ирж байна. Одоогоос 10-15 жилийн өмнө Сөүлийн онгоц буусны дараа валютын ханш буурдаг байсан. Одоо банкны систем сайжирсан тул мөнгөн урсгал тогтмолжсон. Тэгээд ч эдийн засагт тийм ч их нөлөөлөхөө больсон. Гадагшаа гардаг долларын хувьд бол монголчууд гадаадад сурч, амьдрах нь нэмэгдсэн. Тэдэнд эндээс орлоготой хүмүүс явуулдаг мөнгө.

-Нийт өрхийн өр ямар хэмжээнд байгаа бол?

-Нийт өрхийн өр ДНБ-ий 34 хувьд хүрсэн. Олон улсын жишгээр энэ хэмжээг бууруулахгүй бол эдийн засгийн өсөлт гарахгүй. Инфляци өсвөл өрхүүдэд маш их дарамт ирнэ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *