УИХ дахь АН-ын зөвлөлөөс хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр АН-ын зөвлөл ээлжит хурлаа хийж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн талаар хэлэлцэн энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, маргаан дагуулаад байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар хэлэлцсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч байна. Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж, өнөөдрийн байдлаар нийт 500 төгрөгөөр өссөн. Мөн махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэхийн У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байна.
Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Энэ хууль хэрэгжсэнээр 37 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын Засгийн үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй.
Хэрвээ төр нэг хууль гаргачихаад үүнийгээ үгүйсгэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана” гэлээ.