-ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС ХАМААРАН УРАМШУУЛАЛ ОЛГОДОГ ТОГТОЛЦООГ ҮГҮЙ БОЛГОСНООР ЭНЭ ТӨРЛИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛ УДААШИРЧ БАЙГААГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ-
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Өмгөөллийн И Эл Би Партнерс ХХН-ийн захирал Д.Энхзултай ярилцлаа.
-Сүүлийн үед “өр барагдуулна” гэсэн хувь хүн, албан байгууллагын зар нэлээд харагдах боллоо. Манай улсад энэ төрлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд ямар этгээд хэрэгжүүлэх боломжтой байдаг юм бэ?
-Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч хувь хүн, байгууллага нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байвал төрийн албадлагыг ашиглах замаар зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээх боломжтой байдаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагддаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт: “…хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ….” гэж тодорхой зааж өгсөн байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болоод манай улсын сонгон авсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын системийн дагуу ажиллагааг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байна.Иймээс өр барагдуулах ажиллагааг хувь хүн, байгууллага эрхлэн гүйцэтгэх боломж хуулийн хүрээнд байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр “өр барагдуулна” гэх зар тарааж, ийм төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бол энэ нь хууль бус үйлдэл юм.
-“Өр барагдуулах” гэсэн ойлголт ямар нөхцөлд бий болох вэ. Энэ төрлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэний, захиргааны, зөрчлийн болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус тус хамаардаг ба “өр барагдуулах” ажиллагаа нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-ны нэг хэсэг гэж ойлгож болно.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэж ажиллагаа явуулна. Төлбөр төлөгч буюу хариуцагч хувь хүн, байгууллагын хөрөнгөнд хуульд заасан тодорхой төрлийн ажиллагааг хэрэгжүүлдэг. Хуулийн хүрээнд төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд нэгжлэг хийх, түүний хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгө болон биет бус үнэт цаасыг битүүмжлэх, гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох, төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах эсвэл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор хөрөнгийг хураан авах, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зэрэг ажиллагааг гүйцэтгэж байна.
Төлбөр төлөгч хувь хүнээс төлбөр гаргуулахдаа эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. Төлбөр төлөгч хувь хүнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь өр төлбөрөө төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар хуульчилсан байдаг.
-Өр төлбөр гаргуулж болохгүй хөрөнгийн талаар хуульчилсан зүйл байдаг уу?
-Төлбөр төлөгч хувь хүний зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл, улирал бүрийн нэг ээлжийн хувцас, хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш, мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд зүйлс зэргийг төлбөрт хураан авч болохгүй. Үүнээс гадна түүний илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж, хуульд заасны дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хүүхдийн болон сургалтын байгууллагын тэтгэлгийн мөнгө, эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр, хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгож байгаа тэтгэмж, тэтгэлэг зэргээс төлбөрийг гаргуулахыг хуулиар хориглодог. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсвэл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгадаг. Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь өр төлбөрөө төлж хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэдэг.
-Тэгэхээр төрийн байгуулага, алба хаагчийн хэрэгжүүлэх ажиллагааг хууль бус аргаар хувь хүн, байгууллага хэрэгжүүлэхийг оролдвол үүнтэй холбогдуулан төлбөр төлөгч ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Дээр дурдсаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг тул “өр барагдуулдаг” гэх хувь хүн, байгууллага нь төлбөр төлөгчөөс төлбөр мөнгө төлүүлэхээр хууль бус оролдлого хийх тодорхой хэлбэл айлган сүрдүүлэх, дарамтлах, хүч хэрэглэх зэрэг үйлдэл хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийг санаархвал хуулийн байгууллагад өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа.
-Энд бас нэг зүйлийг тодруулмаар байна л даа. Таны ярианаас манай улсад “өр барагдуулах” шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гагцхүү төрийн байгууллага, алба хаагч хэрэгжүүлэх эрх зүйн орчинтой юм байна гэж ойлголоо. Гэтэл төрийн байгууллагын үйл ажиллагаа хүртээмжгүй байгаагаас үүдэн хувь хүн, албан байгууллагаас энэ төрлийн үйлчилгээ авах сонирхолтой иргэд байж болзошгүй юм биш үү?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 онд шинчлэгдэн батлагдсанаас хойш энэ хуульд нийт 7-8 удаа нэмэлт, өөрчлөлт орж, сүүлд 2017 онд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэчилсэн найруулга батлагдсан. Энэ хууль өмнөх эрх зүйн орчныг улам дордуулсан гэж би хувьдаа боддог. Өмнө нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилготой урамшууллын системтэй байсан бол одоо зөвхөн цалингаас гадна цол, албан тушаалын нэмэгдэл авдаг алба хаагчид болж хувирсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчийн ажлын үр дүнгээс хамааран урамшуулал олгодог тогтолцоог үгүй болгосноор энэ төрлийн алба хаагчдын ажил удааширч байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаараа “өр барагдуулна” гэсэн хууль бус ажиллагаа хийх оролдлого, зарим талаараа хэдийнэ хэрэгжиж байж болох айлган сүрдүүлэх, дарамтлах арга хэрэгслийн тусламжтай хэрэгжиж буй ажиллагааны шалтгаан нь дээр дурдсан хуулийн өөрчлөлттэй ч хамааралтай байж болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төрөөс үзүүлдэг нэг үйлчилгээ учраас үйлчилгээ өөрийн гэсэн хураамжтай байж, хураамжаас олсон орлогын тодорхой хэсгийг энэ ажиллагааг хэрэгжүүлж буй алба хаагчдад олгосноор үйлчилгээний үр дүн, чанар сайжирна. Нөгөө талаас урамшууллыг халснаар “Далд авилга” бий болох нэг шалтгаан бий болохыг үгүйсгэхгүй.
-Тэмүүжин сайдын үед шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг иргэний, эрүүгийн гэж салгаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байсан гэж сонссон. Энэ ажлын үр дүн гараагүй юу?
-Манай улсад урт хугацааны, тогтвортой эрх зүйн бодлого гэж байхгүй байна л даа. Засгийн газар солигдох бүрт бодлого өөрчлөгдөж байна. Энэ нь хөгжилд маш хор хөнөөлтэй. Тухайн үед Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцооны шинэчлэлт хийх ажлын хүрээнд шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох, эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ялгавартай зохион байгуулах” гэсэн зорилго тусгагдаж түүнийг хэрэгжүүлэхээр иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байсан. Харамсалтай нь энэ ажлыг дуусгахаас өмнө засаг солигдож зорилгодоо хүрч чадаагүй л дээ.
-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өөр ямар систем байдаг вэ?
-Төрийн чиг үүргийг шилжүүлэх нэг хувилбар бас байна. Товчхондоо нотариатчдын нэгэн адил төрийн чиг үүргийг төрийн байгууллагын хяналт дор хэрэгжүүлэх хувилбар юм л даа. Төрийн хувьд хамгийн сайн хувилбар гэж хэлж болно. учир нь шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас олсон орлогоороо захиргааны болон бусад зардлаа хариуцдаг тул төр энэ үйл ажиллагааг санхүүжүүлэхээс бүрэн чөлөөлөгдөнө.
-Энэ системийн сайн талын талаар та тодруулж өгөөч.
-Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол төрөөс үзүүлдэг үйлчилгээний нэг төрөл. Үйлчилгээний хөлс сайн байх тусам ажлын чанар сайжирна. Гэхдээ энэ моделийг сонгосноор төлбөрийн чадваргүй нэхэмжлэгч төлбөрөө гаргуулан авч чадахгүйд хүрэх юм биш үү гэдэг асуулт тавигдах нь тодорхой. Энэ тохиолдолд ийм нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр зардал, урамшуулал төлөхөөс чөлөөлөх, төлөх хугацааг хойшлуулах зэргээр зохицуулж болно.Тодруулж хэлбэл, тэд хожим нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнгээс олох орлогоос бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төлүүлэх боломжийг бий болгох учраас нийгмийн талаасаа айхтар сөрөг үр дагавар үүсгэхгүйгээр зохицуулж болно л доо. Төрөөс шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх огт шаардлагагүй болсноор төрийн санхүүгийн ачаалал буурна. Мөн харьяалах тойргийг байхгүй болгосноор шийдвэр гүйцэтгэгчдийн дунд өрсөлдөөн бий болж нэхэмжлэгч түргэн шуурхай, сайн үйлчилгээ авах болно. Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч өөрийн санхүүгийн эрсдэлээ хязгаарлах зорилгоор хоорондоо нэгдэн нийлж ажиллах боломж бүрдэх сайн талтай. Мөн энэ моделийг сонговол ажиллагааны эсрэг гомдол ахлах шийдвэр гүйцэтгэгчээр дамжихгүйгээр шууд шүүхээр хянагдах боломжтой болно. Ингэснээр ажиллагааны түргэн шуурхай, баталгаат байдал сайжирна. Мэдээж энэ гэх мэтчилэн сайн талууд байгаа ч сул талууд бас бий л дээ.
-Эцэст нь нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрүү, иргэн, захиргааны гэж тусгайлан хуульчлах шаардлага юунд оршдог вэ?
-Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг болох талаар дээр дурдсан. Иймээс зарчмын хувьд бид иргэний, эрүүгийн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиндаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хийх эсвэл ажилллагааг иргэн, эрүү, захиргааны хэргээр төрөлжүүлж бие даасан хуультай болох ёстой гэж боддог. Нэг жишээ дурдъя. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтанд үйлдэл хэрэгжүүлэхийг даалгасан агуулгатай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг аваад үзэхэд өөрийн гэсэн онцлогтой. Бид ийм төрлийн шийдвэр биелэгдэхгүй байгаагийн улмаас хохирч байна гэж их ярьдаг. Тэгвэл энэ төрлийн шийдвэрийг түргэн шуурхай биелүүлэх хөшүүрэг бол шийдвэр биелүүлэхгүй байгаа хоног тутам өндөр торгууль ногдуулах хариуцлага байдаг. Иймээс ажиллагааны онцлогт тохирсон үр нөлөөтэй эрх зүйн орчинг бий болгох шаардлага байгаад байна л даа.
П.БАТЗАЯА