Categories
мэдээ нийгэм

Д.Энхтайван: Уран бүтээлээрээ ардчилсан үзэл бодлоо илэрхийлж явлаа

1985 онд зурсан “Талын гэрэл” хэмээх энэхүү бүтээл нь

Дэлхийн сонгодогурлагийн академид хадгалагдаж байна

-Улс төрд элсний 13-аас эхлээд 13 гэсэн тоо цөөнгүй яригддаг болсон. Шинэ юм биш байх гэж боддог. Аль 1996-2000 оны парламентын үед Ардчилсан холбоо эвслийн бүлгээс анхны 13-ын бүлэг төрсөн санагдана. Тэр бүлэгт та байсан байх аа?

-XIII зуунд монголчууд дэлхийг бөхийлгөж явсныг дэлхий мэднэ. Тийм болохоор 13-ын тоо бол монголчуудад ээлтэй тоо. Эр хүний 13 мэх, азын 13 овоо гээд 13 бол ялж дийлдэг талдаа азтай тоо. Ялагдаж байсан талдаа азгүй тоо. Тиймээс тэр ялагдаж байсан талын зүгээс өрнөдийн сэтгэлгээтэй нөхдүүд элсний 13 гэх нэр томъёог өгсөн. Яагаад вэ гэхээр бид тэр үед давхар дээлний асуудлыг л шүүмжилсэн. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухайн хуульд өөрчлөлт ороод тэр нь тухайн үеийн Засгийн газрыг Их хурлын гишүүн биш хүмүүс бүрдүүлсэн байсан юм. Ерөнхий сайд нь Энхсайхан. Хууль зүйн сайд нь Амарсанаа. Сангийн сайд нь Цагаан. Байгаль орчины сайд Адъяасүрэн, Боловсролын сайд нь Лхагважав гэх мэттухайн салбарын урдаа барьдаг мэргэжилтэн докторууд байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн яриад байгаа мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан байлаа. Өнөөдрийн асуудлыг яг тэр үед л хийсэн юм. Шийдлийн мэргэжлийн гээд байгаа. Энд фракц огт байгаагүй юм. Ерөөсөө Монголд байсан мэргэжлийн хүмүүсээ Засгийн газарт авчирсан. Мэргэжлийн Засгийн газрыг нураахын тулд давхар дээлний асуудлыг босгож ирсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүн, Их хурлын гишүүн байх ёстой гээд давхар дээлийн асуудлыг оруулж ирсэн юм. Үүнийг 13 хүн эсэргүүцсэн юм. Тэрний нэг нь би. 13 гишүүн ямар хүн байсан бэ гэхээр тэр эвсэл, бүлэг, фракц ердөө биш. Биднийг нэг фракц болчихлоо гэж ойлгоод байдаг юм. Бид бие биенээ бүдэг бадаг мэдэх Монголын хөдөө орон нутгаас сонгогдсон төлөөллүүд байлаа. Хоорондоо ямар ч нутаг усны холбоогүй, өөр өөр мэргэжлийн энэ хүмүүс ямар нэгэн бүлэг фракцийн эрх ашгийн төлөө биш монгол хүнийхээ мэдрэмжээр зүрх сэтгэлийнхээдуудлагаар л нэгдсэн. Цаг хугацааны шалгуур тэр үеийн бидний тэмцлийг өнөөдөр үнэн болголоо.

-Та уран бүтээлч, зураач хүн. Монголын улс төрд анх удаа зураач орж ирсэн цаг үе байх?

-УИХ-д Репиний уран зургийн академи төгссөн зураач анх удаа орж ирсэн нь би юм даа. Одоо ч эх захаа алдлаа даа. Гэхдээ энэ удаад уран бүтээлээ улс төртэй холбоод яахав, зүгээр хэлэхэд уран бүтээлч гэдэг нь урьд өмнө нь хүний хийснийг хуулж, давтаж, дагаагүй цоо шинэ санаа, шинэ шийдлийн анхдагч байхыг хэлнэ. Би тийм байхыг хүсдэг уран бүтээлч. Магадгүй тэрийгээ дагасан сэтгэлийн хөөрөлтэй. Үүнийг уран бүтээлч хүмүүс бол ойлгоно. Улс төрчид яаж ойлгохов. Ийм л юм. Ер нь тэгээд тухайн үндэстний хувьд хамгийн үнэ цэнэтэй юм бол тусгаар тогтнол. Монголчуудын хувьд олон мянган жил тусгаар улс байгаа нь өөрөө гайхамшиг.Энэхүү гайхамшигтайтусгаар тогтнолын тухай зургийг миний бие тэртээх 1985 онд туурвиж байлаа. Тусгаар тогтнолын тугийг бүтээн урлаж байгаа баяр баясгалант хүмүүсийн тухай сэдвээр урьд нь хэн ч зураагүй. Хожим нь ч хэн ч зураагүй. Энэ тусгаар тогтнол нь Монголынх учраас зурах арга барил нь монгол үндэстний зургийн аргаар, монгол чинь өөрийн гэсэн үндэсний хавтгай зурдаг зургийн аргатай. Хурц тод өнгөтэй. Монгол зургийн арга өөр. Өнгө өөр. Үндэсний хувцаснуудыг нь өмсгөж байгаад Монголын үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгүйчүүд нь тусгаар тогтнолынхоо тугийг оёж байгаа тийм зураг. Дэлхийд байхгүй цорын ганц босоо бичиг бидэнд бий. Тухайн үндэстний агуу соёл бол бичих соёл. Зээгт наамлын аргаар торгон зураг зурж байгаа зураг юм л даа. Торгон зураг бол Монголын нэг бахархал. Торгон дээрзурдаг өөр орон дэлхийд байдаггүй юм. Тийм болохоор “Тусгаар тогтнолын туг” зураг маань торгон зээгт наамлаараа тугаа хийж дэлхийд ганцхан байдаг босоо бичгэн дурсгалыг бас гаргаж өгсөн юм. Энэ бүтээл тусгаар тогтнол, наалт нь тусгаар тогтнол, урлаг нь тусгаар тогтнол, хувцас нь тусгаар тогтнол, зан заншил гээд бүх зүйл л тусгаар өөрийн гэсэн юмтай гэдгийг л харуулсан уран бүтээлдээ. Д.Пүрэвдорж “Тусгаар тогтнол” шүлгээрээ тусгаар тогтнолыг тунхаглаж байсан бол би зургаараа тусгаар тогтнолыг тунхагласан юм. Бас нэг бүтээл маань “Талын гэрэл” гэдэг бүтээл маань дэлхийн сонгодог урлагийн академид хадгалагдаж байна. Монголын тухай дуулал байх ёстой. Энэ бол “Талын гэрэл” зураг. Хязгааргүй уудам талын шөнө. Алсаас харагдах тэр гэрэл гэгээ. Гэрэлтэж байгаа гэрэл гэгээ бол бидний ирээдүй. Бидний түүх. Өнөөгийн цаг үеийн харанхуйгаар ирээдүйд улам тодорч харагдана. Өвөг дээдсийн түүх. Эх оронч Цогтын тухай киног талын малчны хотонд харанхуй шөнө гадаа үзээд сууж буй хэдэн малчны зураг юм. Харанхуйгаас гэрэлтэх тэр гэрэл бол 800 жилийн өмнөөс мандан бадарч эхэлсэн өвөг дээдсийн түүх, 800 жилийн дараа тодроод бодит зүйл болох юм аа гэдгийг би зөгнөж мөрөөдөж бас л 1985 онд зурсан юм. Үүний биелэл нь 2000 онд болж Мянганы суут хүү Чингэс гэж Монголын түүх зөвөөр бичигдэх эргэлтийн он болсон. Энэ сэдвээр өнөөдөр дэлхий дээр хэн ч ийм сэтгэлгээний бүтээл хийгээгүй. Хэнийг ч хуулж, дуурайгаагүйгээрээ миний энэ бүтээл уран бүтээл юм.

Миний бас нэг уран бүтээл маань монголчуудын аманд аялагдах боллоо. Хүн болгон өнөөдөр нэг зовлон яриад байгаа юм. Эв нэгдлийн тухай. Үүнийг л би олж хараад хамгийн түрүүнд эв нэгдэл, монгол хүний хийморь сүлдний тухай, “Би монгол эр хүн” гэж дууны үгийг бичсэн. Хамгийн гол нь талцдаггүй Монголын тухай шүлэг урьд нь би сонсож байгаагүй. Тэр дууны шүлгэндээ …талцдаггүй Монголын тухайөвгөдийн жудагтай зарлиг гэж би бодлоггүй онгодоороо л хэлсэн.Улс орон эв нэгдэлтэй, цэгцтэй, зохион байгуулалттай байх, нэгдмэл нэг дэг журамтай байх. Тэр дүрэм журмаа сахин биелүүлдэг байх. Энэ агуулга байгаа юм. Айл гэр ч цэгцтэй байгаа нь сайхан харагддаг биз дээ. Өнөөдөр цэгцтэй байхын тулд хууль, дүрэм журмаа ягштал биелүүлдэг байх нь хамгийн чухал юм. Миний хувьд улс төрийн халуун тогоонд байж чадахгүй байгаа болохоор уран бүтээлээрээ л ийнхүү илэрхийлж байна. Их Монгол Улсын Чингэс хааны 1206 онд Шихихутагийг томилоод бий болгосон “Их засаг” хууль зарлиг гурав хоногийн дотор хэрэгждэг байсан. Тиймээс Монголын хууль гурав хоног гэдэг үг гарсан юм. Монголын нутаг дэвсгэрт байсан улсуудад юу нь таалагдсан бэ гэхээр бүх хууль цааз гурав хоногийн дотор биелэгддэг нь Их Монголд хамааралтай бүхэнд таалагдсан учраас бослого тэмцэл дотроосоо гардаггүй байсан юм. Үүнийг эв нэгдэл л авч гарсан. Өнөөдөр дэлхий нийт юу хүсдэг вэ гэхээр хууль цаазын төгс хэрэгжилтийг л хүсдэг. Хууль дүрэм хэрэгждэг орон л сайхан амар амгалан байдаг. Өнөөдөр манай зовлон бол хууль байдаг, хуулийг хэрэгжүүлдэг субьект нь хэрэгжүүлэхийн төлөө биш байгаа. Үүнд л хамаг зовлон гарч ирж байна. Энэ зовлонг л арилгах хэрэгтэй. Жишээ нь шилэн дансны хууль байна. Шилэн эдийн засгийн хууль хэрэгтэй зүйл. Ер нь шилэн гээд байгаа чинь ил тод л гэсэн үг шүү дээ. Бид 90 онд ил тодын төлөө л тэмцсэн. Тэр жагсаал бол элдэв арын хаалгыг арилгая ил тод болгъё гэсэн бүрэн утгатай байсан. Тэгэхээр ил тод байдлыг бид өнөөдөр тэргүүн ээлжинд бий болгох ёстой. Манайх уг нь арслантай авдраа алтаар дүүрэн байхад нь шилэн дансны хууль гаргах байсан юм. Яахав арслантай авдар өнөөдөр хоосон болсон. Өнөөдөр өрийн дансаар дүүрэн арслантай авдартай байна. Гэхдээ өртэй ч гэсэн авдраа шилэн болгочихвол ард түмэн тэрийгээ хараад санаа нь зовж хөдөлмөрлөнө. Өрх гэрээ өр зээлтэй байх тусам хүмүүс илүү хөдөлмөрлөдөг биздээ. Улс орон ч мөн адил юм. Улс орныхоо өр зээлийн төлөө сэтгэл нь өвдөх эх оронч хүмүүс Монголоор минь дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй явдаг хүн дээ, би.

-Шилэн дансны хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байх бол?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн эхлүүлж байгаа шилэн данс хөтөлбөрийг ард түмэн 100 хувь дэмжиж байна гэж би хувьдаа харж байгаа. Нэмж хэлэх санал надад бас байгаа юм. Өнөөдөр арслантай авдрыг хэн хоосон болгов. Хэн үүнийг идэв гэдэг бүх баримт устгагдахаас өмнө архивыг нь шилэн болгох ёстой. Нэгэнт шилэн болоод эхлүүлж чадвал бүх хэрэгжилт нь зөв голидролоороо явчихалгүй яахав. Ер нь бүгдийг болохгүй, бүтэхгүй, бараан талаас нь харж болохгүй шүү дээ.Хүн бүр хуулийн хэрэгжилтийн төлөө эрвийх дэрвийхээрээ ухамсартай хөдөлмөрлөөд явахад Монгол улс минь бүтэн сайхан хөгжинө, үүнд хүн бүр итгэлтэй байх ёстой.

Б.НЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *