Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дөлгөөн: Одоог хүртэл хэлэлцээр тодорхой үр дүн өгөхгүй, боомтуудыг ч бид ашиглаж чадахгүй байна DNN.mn

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Монгол Улсад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгаа нь ямар давуу талтай вэ?

-Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой байрлалаас үүдэн худалдаа, эдийн засаг, тээвэр болон улсын хөгжилтэй холбоотой бүх асуудалд хүндрэл учирч байдаг гэдгийг 1990-ээд онд мэдсэн. Бидэнтэй адил далайд гарцгүй хөгжиж буй статустай 32 орон байсан. Бүгд дуу хоолойгоо нэгтгэж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг 1990 онд байгуулсан. Монгол Улс тус бүлгийг байгуулахад манлайлан оролцсон. Мөн бусад олон улсын байгууллага болон хөгжингүй орнуудаас дэмжлэг авах, судалгаа хийдэг өөрийн гэсэн байгууллагатай болох нь зөв юм байна гэсэн санаачилгыг 2006 онд гаргасан. 2009 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчлах үеэрээ тус байгууллагыг Улаанбаатар хотод байгуулах нь зөв гэж дэмжсэний үндсэнд байгууллагын шавыг тавьсан юм. 2010 онд олон улсын эрх зүйн хүрээнд мөн хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой учраас далайд гарцгүй улс орнууд олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг баталсан. Олон улсын эрх зүйн хүрээнд олон талт хэлэлцээрийг дэмжин, гарын үсэг зурж нэгдсэнээр тус байгууллага албан ёсных болох ёстой байдаг.

Тус хэлэлцээрт доод тал нь 10 далайд гарцгүй улс орнууд нэгдэж орсноор энэ байгууллага албан ёсны болох ёстой байдаг бөгөөд 2017 онд 10 улс нэгдэж орсон. Олон талт хэлэлцээр нь олон улсын эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр болон манай улсад албан ёсоор байгуулагдсан. 2018 оноос бие даасан үйл ажиллагаагаа эхлүүлэн гишүүн орнуудын төлөөлөгчдөөс бүрдсэн захирагчдын зөвлөлийг байгуулсан. Бид 2014 оноос хойш судалгааны төвийн гол үйл ажиллагаа болох судалгааг хийж эхэлсэн. Тухайлбал, 2013 онд Индонезийн Бали аралд болсон дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын хурлаар хэлэлцэж тохирсон “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Далайд гарцгүй улс орнууд нэгдэж орох нь ямар ашигтай вэ гэдэг судалгааг хийсэн.

-Далайд гарцгүйн улмаас ямар асуудлууд тулгардаг вэ?

-Газарзүйн онцлог байршлаасаа шууд далайн боомт руу хүрэх боломжгүй бөгөөд нэг болон нэлээд хэдэн улсын газар нутгаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх, далайн боомтоор импортын бараа бүтээгдэхүүнийг авчрах нь хамгийн эхний асуудал. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал. Төмөр зам, авто зам нь чанартай байна уу, хөрш орон нь авто зам, төмөр замтай юу, бид өөрсдөө дэд бүтцээ байгуулчихсан байсан ч хөрш оронд нь замгүй бол хэцүү. Гуравдугаарт, цөөн тооны бараа бүтээгдэхүүн. Хүн ам цөөнтэй учраас аж үйлдвэр нь сайн хөгжөөгүй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг л зардаг. Цөөхөн бараа бүтээгдэхүүн гаргах нь олон улсын цөөн зах зээлээс хэт хамааралтай болно гэсэн үг. Мөн боловсон хүчин, ажиллах хүчний чадавхи сул. Олон улсын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэхэд чадвартай хэлэлцээ хийгч болон олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг мэддэг хүн хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс анх удаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь Япон, Монголын хооронд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах хэлэлцээр бөгөөд бүх бараа бүтээгдэхүүн, бүх салбараар нь нэрлэсэн байдаг. Тус гэрээ нь манайд анхны гэрээ байсан учраас бидний туршлага дутсан. Туршлага дутсан гэдгийг ганцхан жишээнээс харж болно. Жишээлбэл, Монголоос Япон улсад эсгий шаахай нийлүүлье гэхэд эсгий шаахайны ул нь резинен байсан бөгөөд хортой ултай эсгий шаахай байна гэж худалдан авахаа больсон. Өмнө нь хоорондоо ярьж тохироогүй, гэрээнд заагаагүйн улмаас асуудал үүсч байгаа хэрэг. Чацарганы тос, шүүс гаргахад сав баглаа боодлоос эхлэн бүх зүйлийг зааж стандартын дагуу гарган нийлүүлэх нь бидэнд ашигтай.

-Тээвэртэй холбоотой ямар асуудлууд байдаг вэ?

-Хятад улстай холбоотой тээврийн асуудлыг хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрээр зохицуулдаг. 1994 онд Хятадын засгийн газартай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг баталсан. Үүнд, Тяньжин болон нийт гурван боомтыг Монголд ирэх ачаа бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжтойг Хятадын засгийн газраас зөвшөөрсөн хэлэлцээр байдаг. Тус хэлэлцээрийг 2014 онд шинэчилж гэрээг байгуулсан бөгөөд нэмээд дөрвөн боомтыг ашиглаж болох нааштай заалт орсон. Хоёрдугаарт, Хятадын нөхцөл шаардлагыг биелүүлэн, тавигдсан стандарт шаардлагад нийцүүлж чадвал Монголын автомашин ачааг Хятадын нутгаар далайн боомт руу тээвэрлэх, эсвэл далайн боомтоос Монгол руу тээвэрлэх боломжтой зэрэг заалтууд орсон. Гэвч одоог хүртэл хэлэлцээр нь тодорхой үр дүн өгөхгүй, боомтуудыг ч бид ашиглаж чадахгүй байна. Яагаад гэвэл гэрээ хэлэлцээр хоёр улсын дээд түвшний дарга нар гарын үсэг зурж зөвшөөрсөн асуудал. Гэтэл доор буй засгийн газар, засгийн газрын харьяа агентлагууд хил гааль, тээвэртэй холбоотой яам тамгын газрууд Хятадын талтай ярилцаж гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлүүдийг уялдуулан ойлголцож, зөвшөөрлийг авч яриа хэлэлцээрийг хийж чадахгүй байна. Тээвэр нь бүс нутгийн хэмжээнд гэвэл БНХАУ, Монгол, ОХУ гэсэн гурван улсын хооронд эдийн засгийн коридор гэдэг зүйлийг байгуулъя гэж ярьсан ч одоог хүртэл тодорхой ажил хийгдээгүй. Тэгэхээр дээд түвшинд яригдсан асуудлыг яам, тамгын газар, агентлаг, хил гаалийн байгууллагууд хоорондоо үйл ажиллагаагаа нэгтгэж чадахгүй байна гэсэн үг.

-Олон улсын түвшинд бидэнд ямар боломжууд байна вэ?

-Олон улсын түвшинд худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт манай улс 2016 онд нэгдэж орсон, одоогоор 100 гаруй улс нэгдэж орсон байна. Нэгдэж орсон улс орнууд өөрсдийн худалдааг түргэвчлэх үүднээс хэлэлцээрт нэгдэж орсон бөгөөд энэ бүх улс хоорондоо чөлөөтэй худалдаа хийж, хилийн болон гаалийн худалдааны дүрэм журмуудыг уялдаа холбоотой болгох юм. Тухайлбал, Европын холбооны бүх улсууд нэг том айл болж байна. Европ дотроо холбооны бүх улс бараа бүтээгдэхүүнээ өөрсдийн машинаар чөлөөтэй хаашаа ч тээвэрлэх боломжтой байдаг. Дунд нь хил, гааль гэж шалгадаг цэг, хүнд суртал байхгүй. Үүн шиг бүс нутагтаа чөлөөтэй явах боломжтой. Худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж орсон улс орнууд энэ жишиг шиг хил гаалийн байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж зам тээврийн дэд бүтцийг байгуулж Азийн бүс нутгийн авто, төмөр замын сүлжээнд нэгдэн орвол манай бараа бүтээгдэхүүн чөлөөтэй явах боломжтой. Тэгэхээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээр бол далайд гарцгүй орнуудад маш чухал. Тус хэлэлцээрт далайд гарцгүй орнуудад онцгой хэрэгтэй гурван заалт орсон байдаг. Нэгдүгээрт, 8 дугаар заалтад хил хоорондын хилийн, гаалийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах заалт байгаа. Нягт хамтарч ажиллавал ямар ч саадгүй хоорондоо ойлголцох боломжтой. Хоёрдугаарт, 10 дугаар заалт, импорт, экспортын журам ба дамжин өнгөрөх асуудал гэсэн заалт. Үүнд экспорт, импорт болон дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнд мөрдөх дүрэм журмын заалтуудыг тусгасан. Хоорондоо худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт орсон улс орнууд нэг л дүрэм журамтай. Түүнийгээ бүгд хүлээн зөвшөөрсөн бол бараа бүтээгдэхүүнийг тус журмын дагуу явуулахад хоорондоо ямар ч асуудал гарахгүй гэсэн үг юм. Гуравдугаарт, 11 дүгээр зүйл, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө. Бид өөрсдийн машин, жолоочоор ачаагаа бусад гишүүн орны нутгаар чөлөөтэй тээвэрлэн далайн боомт болон гуравдагч улсад хүргэх боломжтой гэсэн заалт орсон. Улс бүрийн хөгжил түвшин өөр байгаа учраас нэг түвшинд аваачихын тулд тодорхой хугацаатайгаар нэгдэж ордог. Тус хугацаанд энэ түвшинд хүрэх бүх арга хэмжээнүүдийг авч хууль дүрмээ сайжруулж, төмөр зам, авто замаа барихад дэлхийн худалдааны байгууллага дэмжлэг үзүүлж болдог. Худалдаанд зориулсан тусламж гэх хөтөлбөр бий. Үүнд авто зам, төмөр зам, хил гаалийн мэргэжилтнүүдээ сургаж мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг. Тэгэхээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж буй улс өөрсдийн дутуу асуудлыг хэлж хүсэлт тавих боломжтой.

-Тус хэлэлцээрт нэгдэж орох нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Хөгжиж буй орнуудын худалдааны нийт зардал нь авто зам, тээврийн зардлыг 13-15 хувиар бууруулах боломжтой. Экспорт нь мөн үүнтэй холбоотойгоор 13-22 хувь хүртэл нэмэгдэх боломжтой. Нэг түвшинд очсоноор хил, гаалийн байгууллагуудын үйлчилгээ сайжирна, аливаа барааг хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ, нэг л удаа шалгах юм. Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэн, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид хөгжиж, хилийн бүсийн худалдаа 60-80 хувиар өснө. Эрээн, Замын-Үүд хооронд худалдаачид чөлөөтэй нэвтэрч бараа бүтээгдэхүүнийг солилцон худалдан авалт хийж эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгосноор чөлөөтэй худалдаа наймааг хийх боломжтой болно. Мөн үүнтэй холбоотойгоор аж үйлдвэр, авто замын дэд бүтцийн зэрэг бүх төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирнэ гэсэн үг. Мөн худалдаа, үйлчилгээний ашиг орлого нэмэгдэх тусам ажлын байр нэмэгдэнэ. Засгийн газрын орлого бүрдүүлэлтэд энэ бүхэн эерэг нөлөө үзүүлнэ. Худалдааны хэмжээ нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэх юм. Эцэст нь хэрэглэгчид бид хямд, чанартай бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай гаднаас авах, Монголоос үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудад борлуулах боломжтой юм.

-Бид бараа бүтээгдэхүүнээ экспортлоход далайд гарцгүй учраас ямар байдлаар экспортлох нь тохиромжтой вэ?

-Ихэнх далайд гарцгүй улс орнуудын хувьд Монголтой адил уул уурхайн бараа бүтээгдэхүүнд түшиглэсэн эдийн засагтай байж уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг илүү экспортолдог. Энэ нь нэг салбараас хэт хамааралтай байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсийн үнэ буурах үед тэр улсын эдийн засаг тэр хэмжээгээр буурна. Ганц хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байх нь маш эмзэг эдийн засаг юм. Тийм учраас далайд гарцгүй улс орнуудын төлөөлөгчид уулзалдан ярихад бид эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлж солонгоруулах ёстой юм байна гэдэг. Энэ асуудлыг чухал гэж далайд гарцгүй улс орнууд ярьж баталсан Венийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг. Үүнд, тээвэр, дэд бүтэц, худалдаа, худалдаа хөнгөвчлөл, эдийн засгийн төрөлжүүлэлт, бүс нутгийн интеграцийн асуудал ордог. Бид уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс олсон орлогоо өөр салбарт хөрөнгө оруулан бусад салбараа дэмжих ёстой гэж ярьдаг. Энэ олон салбарыг дэмжихийн тулд олсон бүх орлого тараахад салбар бүрт бага хэмжээний мөнгө оногдоно. Ингэхгүйгээр Монгол брэнд гэж цөөн тооны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өндөр өртөгтэй, бараа бүтээгдэхүүн овор хэмжээ багатай байвал бид заавал авто зам, төмөр замаар тээвэрлэхгүйгээр агаарын тээврээр тээвэрлэвэл хугацаа, зардал бага байна. Зөвхөн ноос ноолуур гэлтгүй байгаль, экологийн чанартай бүтээгдэхүүнийг гаргах боломжтой. Цэвэр чацарганы тос, ургамлын гаралтай эм, хоолны амтлагч зэрэг. Монголд угтаа бүрэн боломж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *