Categories
мэдээ цаг-үе

Д.Дуламсүрэн: Үйлдвэрчний эвлэл багшийн цалин нэмэгдүүлэх асуудал дээр манлайлж оролцох ёстой

“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос өчигдөр багш нар цалингаа нэмүүлэхээр төр засаг болон ОУВС-д шаардлага хүргүүлж буйг дэмжиж буй талаараа мэдээлэл хийсэн юм. Тус холбоо нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ. Эцэг эхчүүдийн холбоонд өнөөдөр 5000 орчим эцэг эх нэгдэж, багш нарын цалинг нэмэхийг шаардаж, гарын үсгээ зураад байгаа гэнэ. Эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэнтэй цөөн хором ярилцсан юм.


-Та бүхэн анх яагаад энэ холбоог байгуулах болов. Өнөөдөр ямар учраас хэвлэлийн бага хурал зарласан бэ?

-Энэ жил багш нарын баярыг Монгол Улс 51 дэх жилдээ тэмдэглэж байна. Тэгэхэд дэлхийн багш нар 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ бол монголчууд эрт дээр үеэс багшийг хүндэлж, шүтэж ирсэн ард түмэн болохыг харуулж байгаа нэг жишээ гэж ойлгож болно. Социализмын үед багш нар хамгийн өндөр цалин авдаг байсан. Хамгийн өндөр боловсролтой, ёс суртахуунтай хүмүүс багш болдог байж. Тэр хүрээллээрээ ардчиллын үе хүртэл багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч болдог байсан. Яагаад гэхээр багш, эмч хоёр бол тийм буянтай гэгээлэг ажил хийдэг хүмүүс юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй. Гучин жил ажилласан багш дөрвөөс таван үеийн багш нарыг бэлтгэж, мянга мянган шавь нараараа бахархаж суудаг улс шүү дээ. Тийм учраас багшийг хайрлахгүй, дэмжихгүй байхын аргагүй. Багш нар түмний хүүхдийг сургах үүргээ биелүүлсэн. Харин эрхээ эдэлж чадахгүй байна. Тэдний амьдралд 200 долларын цалин хүрэлцэхгүй байна. Багшийн эрх ашгийг хамгаалахад эцэг эхчүүд дуу хоолойгоо өргөх зайлшгүй хэрэгтэй байгаа учраас бид нэгдсэн.

-Өнөөгийн нийгэмд багшийн эрх тухайлбал хэрхэн, яаж зөрчигдөж байгаа талаар ярихгүй юу?

-Хуулийн дагуу нэг багш долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр улсын сургуулийн багш нар 40-50 хүүхэдтэй ангид хичээл зааж байна. Багш нар зөвхөн хичээл заадаггүй. Дэвтэр зассан, анги удирдсан, конспект бэлдсэн зэрэг олон ажлыг хийдэг ч өнөөдөр үнэлэгдэхгүй байна. Удаан жилийн арван хувь, анги удирдсаны арван хувь, дэвтэр засалтын хувь гээд тэдний цалин нэмэгдэх ёстой. Гэтэл залуу багш 380 мянган төгрөгийн цалин авдаг. Монголын ирээдүйг бэлтгэж, оюуны хөрөнгө оруулалт хийж буй багш нарын хөдөлмөрийг дутуу үнэлдэг жишиг тогтжээ. Багш нарын онц их хурлын үеэр багш нар энэ талаар тодорхой ярьсан. Эдгээр нэмэгдлийг авах гэж багш нар маш их хэмжээний цаасыг захирал, менежертээ үйлдвэрлэж өгдөг. Хэрвээ тэр цаасыг өгөхгүй бол 10 хувийг нь хасдаг. Илүү цагийн хөлсөө авах эсэх нь тухайн захирлын үзэмжээс шалтгаалдаг болсон гэж байна. Багш нар сургуулийн захиралд таалагдах гэж багшилдаггүй юм. Хүүхдүүдэд суурь боловсрол өгөх гэж, хүн шиг хүн болгох гэж багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Өнөөдөр гэхэд багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд ажиллаж байгаа багш нарын цалинг өгөхгүй байна. Энэ мэт хүнд суртал, тогтолцооны гажуудлыг өөрчлөөч гэж бид хүсч нэгдсэн.

-Үйлдвэрчний эвлэл Засгийн газраас 600 сая төгрөг авсан. Тийм болохоор багш нарын цалинг нэмэгдүүлэх тэмцэлд оройлон оролцож чадахгүй байна гэсэн яриа гадуур явж байна. Үүн дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр талаар сонссон зүйл алга. Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн Батзориг багштай бид уулзаж, шаардлага тавьсан байгаа. Эцэг эхчүүдтэй уулзахдаа бол багш нарын цалин нэмүүлэхийг дэмжиж байгаа гэсэн. Гэтэл багшийн цалин нэмүүлэх түр хорооны үйл ажиллагаан дээр үйлдвэрчний эвлэлийн дэмжлэг дутуу харагдаад байна. Төсвийн тодотгол яригдаж буй энэ үед үйлдвэрчний эвлэл Засгийн газартай хэлэлцээ хийж дэмжээд төсвийн тодотголд суулгах тал дээр манлайлж, тэргүүн эгнээнд оролцох ёстой. Гэтэл тэд тэргүүн эгнээнд гарч ирэхгүй байгаа нь хачирхалтай. Аравдугаар сарын 23-ны гурван талт хэлэлцээрийн дүнг хүлээж байна гэх юм. Тэд ингэж идэвхийлэн оролцохгүй болохоор бид ингэж явна шүү дээ.

-Эцэг эхчүүдийн холбооны зүгээс багшийн цалинг нэмэгдүүлэх ямар гарцыг харж байна вэ?

– Манай улс төрийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн тоогоор хувьсах зардал өгдөг. Тухайлбал, 2017 оны төсөвт гэхэд төрийн бус ЕБС-д 25 тэрбум, төрийн бус СӨБ-д 17 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа юм. Ингээд бодохоор 40 гаруй тэрбум төгрөгийн ядаж тавин хувийг улсын сургуулийн багш нарт өгч болно. Тодруулбал, хувьсах зардлыг төрийн өмчийн бус сургуульд өгөхийг хязгаарлаач гэж байгаа юм. Улсаас өгдөг хувьсах зардлын 85 хувийг багш нарын цалинд, 8-10 хувийг сургалтын материал, 3-5 хувийг тус сургуулийн материаллаг баазыг сайжруулахад зарцуулах ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр хувийн дунд сургуулиуд хувьсах зардлын 85 хувийг багш нарт зарцуулдаггүй. Энэ бол цэвэр тухайн байгууллагын ашиг болж очдог.

Жилийн 30 саяын төлбөртэй сургуулийн багш нарын цалин хэд байх вэ. Гэтэл жирийн сургуулийн багшийн цалин 380 мянгаас 680 мянган төгрөгийн хооронд байна. Монголын төр нийгмийг алагчилсан энэ давхаргыг нэн яаралтай зохицуулах шаардлагатай гэж бид үзэж байгаа. Эцэг эхчүүд боловсролын ялгаатай байдлыг нэг түвшинд аваачихыг төр засгаас шаардаж байна. Төсөвт үр ашиггүй зардал их бий. Тухайлбал, төрийн өмчит компаниудын цалингийн түвшин, үр ашиггүй төсөл хөтөлбөрүүд их хэрэгжиж байна. Дэд сайдууд, тэднийг дагасан туслах, жолооч, бусад ажилтнууд гээд төр таная гэвэл өчнөөн зардал байгаа. Үүний тодорхой хэсгийг багш нарт зарцуулаач ээ гэж бид тэмцэж байгаа юм.

-Та ингэхэд ямар ажил мэргэжилтэй хүн бэ?

-Би өөрөө багш хүн. Их дээд сургуулийн багшаар олон жил ажилласан. Манай гэр бүлд багш мэргэжилтэй хүн олон бий. Миний эгч жишээлбэл цэцэрлэгийн багшаар 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан. Тийм болохоор багш хүний зовлон жаргал, сайн сайхан, багш хүний энэрэнгүй сэтгэлийг үнэхээр мэднэ.

-Таны сэтгэлд хоногшсон сайхан дурсамж үлдээсэн багшийнхаа талаар ярихгүй юу?

-Би нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Манай анги даасан багшийг Янжмаа гэдэг байлаа. Биеийн тамирын багш хүн. Янжмаа багш маань сурагчдад онц сурахаас гадна бие бялдрын хөгжил ямар чухал талаар ярьж өгдөг байсан. Одоо манай багш тэтгэвэртээ гарчихсан. Бид багш дээрээ жил бүрийн цагаан сараар очдог. Ямар дурсамж байна гэвэл би гүйж харайх, биеийн тамирын хичээлд их дургүй хүүхэд байлаа. Нэг удаа би маш хүнд өвдсөн. Тэгэхэд багш маань эргэж ирээд “За Дуламсүрэн минь, чи онц сурдаг. Толгой чинь сайн ажилладаг байж болно. Гэхдээ биеийн эсэргүүцэл сул, муу байвал эрдэм ухаанаа ашиглаж чадахгүй. Эрүүл энх аж төрөхийн тулд биеийн тамираар хичээллэх хэрэгтэй” гэсэн. Түүнээс хойш би багшийгаа дагаж сагс, волейбол тоглодог болсон. Эхний үед үнэхээр хэцүү байсан. Харин өнөөдөр би гүйх дуртай, фитнесээр хичээллэдэг. Энэ бол багшийн минь надад харуулсан үлгэр дуурайл юм. Багш хүн ингэж сурагчдынхаа дутуу талыг олж харж, тусалж дэмждэг юм шүү дээ. Энэ бол багш хүний гавьяа гэж би ойлгодог.

-Таны хүүхдүүдэд багш нар нь ямар үлгэр дуурайл үзүүлж байна. Магадгүй эцэг эхчүүдийн ойлгуулж чадаагүй зүйлийг багш нь хэлж чаддаг. Багшийнхаа ачаар энэ дайтай явна гэж ярьдаг хүмүүс ч олон байдаг?

-Манайх хоёр хүүхэдтэй. Том хүүхэд маань их сургууль төгсөөд ажиллаж байна. Бага охин маань есдүгээр ангид сурдаг. Сүүлийн үеийн хүүхдүүдийн хөгжил анхаарал татаж байна. Хүүхдүүд цахим ертөнцөөс хар бараан мэдээллийг ямар ч шүүлтүүргүй хүлээн авч байна. Утасны хэрэглээг нь хязгаарлах гэж би нэлээд цаг заваа зориулдаг. Өнөөдөр эцэг эхчүүд багшаас сайн боловсрол олгохыг шаарддаг хэрнээ өөрсдөө үүргээ ухамсарладаггүй тал бий. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулж болохгүй. Харин багшийг хайрлаж, хүндлэх сэтгэлийг суулгаж өгөх хэрэгтэй. Манай холбооны бас нэг зорилго бол эцэг эх, үр хүүхэд, багш сургууль гэсэн энэ гурвалсан холбооны уялдааг сайжруулахад чиглэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *