Categories
мэдээ цаг-үе

Д.Дорлигжав: Анхнаасаа улстөржиж талцсанаас болж Эрүү, Зөрчлийн тухай хууль хойшилж байна

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа.

-Эрүү, зөрчлийн тухай хуулийг УИХбаталсан ч эцсийн найруулгыг нь сонсож, төрийн эмхэтгэлд хэвлээгүй байлаа. Харин шинэ байгуулагдсан Засгийн газраас татаж авахаар болсон байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа “Өмнөх шоронжсон хуулийг халах төсөл” гэж байсан. Таны хувьд мөн Хууль зүйн сайд байхдаа татаж авч ажилласан. Одоо дахиад хойшлох болчихлоо?

-Өмнө нь байсан болоод одоо гарах гэж байгаа хуулиа шоронжсон, шоронжоогүй хууль гэж гэдэг байдлаар анхнаасаа ярьж, сөргөлдөж эхэлсний гай гарлаа. Ингэх хэрэггүй байсан юм. Өөрчлөх гэж байгаа бол өөрчлөнө гэдгээ л ярих ёстой. Гэтэл энэ нь тэрний хууль, нөгөө нь шоронжсон хууль гээд байхаар нэг улс төрийн хүчин гарч ирэхээр ийм явдал болж байна. Үүний дунд төрийн бодлого, ард иргэд хохирч байна шүү дээ. Ер нь энэ хууль өөрөө их төвөгтэй байдалтай гарсан. Зөвхөн эрүү, зөрчил биш уг хуулийг хэрэглэдэг ажиллагааны гээд багц хуулиудыг хийсэн. Хэдийгээр миний санаа бодол 100 хувь суугаагүй ч гэсэн бусад хүмүүсийн санаа бодол тусаад ерөнхий ханаараа хэрэгжиж болох боломжийн хууль болсон гэж үзэж байгаа. Хамгийн гол нь шинэчлэлийн ач холбогдлууд байгаа юм. Тэгэхээр эд нар сайн судалж үзээгүй байж юу юугүй буцааж байгаа нь улстөржсөн хандлага юм даа. Сайжруулах юм байж болно, үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийг хэрэглээд үзэх ёстой. Хэрэглээд тэр дотор асуудал гарвал засаад явдаг. Түүнээс биш хэрэглэж үзээгүй байж дахиад бүтэн жил хэн нэгэн нь бодоод байж таарахгүй. Ер нь аливаа шинэ юмыг эхлүүлж авах л хэцүү байдаг шүү дээ.

-Энэ хуулийг дагалдаж гарах журам, дүрмүүд нь тодорхой биш учраас хойшлуулж байгаа гэсэн тайлбар байна. Мөн мөрдөгч, өмгөөлөгч нарт шинэ хууль хэрэгжиж эхлэх талаар сургалт явуулаагүй нь хойшлуулах шалтгаан болсон гэж байгаа?

-Энэ дөрөв таван багц хуулиудыг дагаж гарах дүрэм, журам, заавруудаа бид боловсруулчихсан. Улсын прокурор батлах журмуудаа боловсруулаад дууссан байх. Ажлын хэсэг гарчихсан байсан. Бид есдүгээр сарын 1-нд хууль хэрэгжиж эхэлнэ гэдэг үүднээс дүрэм, журам, заавруудаа бүгдийг нь боловсруулж байсан шүү дээ. Дүрэм, журам, заавар боловсрогдоод төсөл нь бэлэн болчихсон байгаа. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд болдоггүй юм гэхэд ирэх нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулж болно. Бүхэл бүтэн гурван сарын дотор энэ дүрэм, журам, зааврыг боловсруулж чадахгүй бол тийм Хууль зүйн яам байгаад яах юм. Тэрийг хийж чадахгүй бол сайд байгаад яах юм бэ. Энэ бол худлаа шалтаг төдий зүйл. Сургалт семинарыг ч гэсэн бид хийгээд эхэлчихсэн байсан шүү дээ. Ажил хийе гэсэн хүн аргаа олдог. Ажил хийхгүй гэсэн хүн шалтаг олдог гэдэг. Энэ хуулийг анхнаасаа зүгээр мэргэжлийн түвшинд яриад буруу зөв гээд хийчихгүй хэт улстөржүүлсны гай л гарч байгаа юм.

-Эрүү, Зөрчлийн хуулийг жилээр хойшлуулах саналтай холбогдуулаад янз бүрийн хардлага гарсан. Нэг хэсэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх арга гэж байна. Таны хувьд яг эцсийн найруулга сонсоход бэлэн болсон хуулийг хойшлуулж байгааг юу гэж бодож байна?

-Анхнаасаа бид эрхзүйн, ялын бодлогын шинэчлэл хийнэ гэдгээ л ярих ёстой байсан. Хууль хэрэглэдэг, хууль барьж ажилладаг байгууллагуудад зарчмын шинэчлэл хийнэ. Ялын төрлөө эргэж харна. Хуулийн ялын бодлого үйлчилж байгаа сөрөг, эерэг үр нөлөөг шинэ нөхцөлд, мэргэжлийн түвшинд харж үзнэ гэж эхэлсэн бол өөр хэрэг. Харин тэрний хар хууль, үүний ийм хууль гэж эхэлсний гор гарлаа. Улстөрчдийн ийм ааш аягын горыг дандаа ард түмэн үүрдэг. Би Хууль зүйн сайд болоод энэ мэргэжлийн хууль дээр улстөржиж, мэдэмхийрч болохгүй. Хэн нэгэн хүн өөр дээрээ хаягаа авч үүнийг хийх гээд хэрэггүй гэж хэлж байсан. Энэ хууль дээр хоёр намын талцсан хэрүүл болоогүй зүгээр л мэргэжлийн түвшинд буруу зөвөө ярьсан бол хэрэгжээд явах байлаа. Гэтэл өмнөхийг нь Ардын намын үеийн хууль, Ц.Нямдоржийн хууль гэдэг ч юм уу нэрлэж байснаас асуудал үүсч байгаа юм. Одоо Ардын намын нөхдүүд үүн дээр жаахан хүлээцтэй ултай, суурьтай хандмаар байгаа юм л даа.

-Та улстөржсөн талцлаас болоод хойшлууллаа гэж байна. Хэрвээ энэ өнцгөөс нь харах юм бол хуулийг шинэ Засгийн газар цааш нь хэрэглэх сонирхолгүй байгаа юм биш үү?

-Би дээр хэлсэн шүү дээ. Хойшлууллаа гэхэд их сайндаа нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулахад хангалттай. Бүхэл бүтэн жилээр хойшлуулна гэдэг эд нар угаасаа хүлээж авахгүй л гэж байгаа хэрэг юм байна.

-Эрүү, Зөрчлийн хуулийн онцлог нь юу байв. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол ямар хохирол гарах вэ?

-Хохирол маш их гарна. Бид хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг хариуцлагатай, хүний эрхийг зөрчдөггүй болгохыг зорьсон. Хүнийг хуулийн байгууллагын нэрээр дарамталдаг, хэргийг шалгасан шиг шалгадаггүй, хэрэг шалгаж байгаа нэрээр хүнд суртал гаргадаг, хахууль авдгаас эхлээд хуулийн байгууллагын үйл ажиллагааны салбарт олон зөрчлийг үүгээр арилгах зорилго тавьсан. Учир нь одоогийн хэрэглэж байгаа хуулинд тийм боломж нь байдаг юм. Ёс зүйтэй, зарчимч хүн бол арай өөрөөр ажиллана. Гэтэл хуульд нь боломж байгаа учраас түүнийг сөргөөр ашигладаг тохиолдол зөндөө бий. Тэгээд энэ сөрөг практик нь олон арван жилээр тогтчихсон. Энэ хуулиуд хэрэгжиж эхэлснээр юуны өмнө хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хөнгөн шуурхай болох байсан. Хүнийг хохироодоггүй болох ёстой байлаа.

Мөн ялын бодлого дээр том өөрчлөлт гарч байсан. Би олон дахин хэлсэн. Одоо ихэнх эдийн засгийн хохиролтой хэргүүд дээр яадаг гэхээр хохирлоо төл, тэгээд чамайг шоронд хийнэ гэдэг. Тэртэй тэргүй шоронд явахаас цааш би энэ хохирлыг арилгахгүй гэсэн байдал үүснэ. Ингэхээр хохирлоо арилгуулж чадаагүй олон хүн “Энэ хуулийн байгууллага хэрэг алга” гээд явж байна. Энэ хуулийн гол концепци нь хэрвээ чи эдийн засгийн хохирлоо арилгавал, буруугаа хүлээн зөвшөөрөх юм бол чамайг заавал яллахгүй, эсвэл хөнгөн яллана гэдэг зарчим юм. Аль болох л иргэд байгууллагын хохирол дээд зэргээр арилж байх зарчмыг бид оруулсан. Түүнчлэн ялын шинэ төрлүүдийг бий болгосон. Бидний он удаан жил баримталж ирсэн онолын шинж чанартай, ач холбогдол муутайхан зарим сөрөг зүйлийг алга болгож онолын шинэ алхам хийсэн. Энэ бүхэнд асар том хохирол болж байгаа. Шинэ хуулийн үр дүнд ял эдэлж байгаа олон хүний ял хөнгөлөгдөж, чөлөөлөгдөх байсан. Мөн ерөөсөө хохирлоо арилгачихаад хэл үгнээс салья гэсэн хүмүүс байгаа. Тэд учруулсан хохирлоо төлбөл маш олон хүний хохирол арилах байлаа. Бүхэлдээ Монголын хуулийн системд онолын болоод практикийн шинэ том алхам болох байсан. Тэгэхээр өмнөх улстөржилтийн хэрүүл маргаанаа хаяад төрийн ухаан гаргасан бол энэ хуулийг хэрэглэх ёстой байсан. Хэрэглэхэд амьдрал дээр зөрчил дутагдал гараад болж өгөхгүй бол тэрийг нь байнгын ажиллагаатай парламент шүүж авч ирээд ойр ойрхон засаад янзлаад байх бололцоо бий. Гэтэл үүнийг бүхэл бүтнээр нь хаагаад зогсоочихож байгаа нь туйлын харамсалтай.

-Дан ганц Эрүү, Зөрчлийн хуулиас гадна өнгөрсөн хугацаанд Хуульзүйн яам Прокурорын албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай гэх мэтээр олон хууль дээр ажилласан шүү дээ. Энэ хуулиудыг яах бол?

-Энэ багц хуулиуд бүгдээрээ л ёсчлогдоогүй байсан шүү дээ. Хоёрдугаарт, бүгд хоорондоо холбоотой механизм болохоор аль нэг нь батлагдчихсан байлаа ч нөгөө хууль нь гарахгүй бол ажиллахгүй. Бүгд батлагдаж байж ажиллана шүү дээ. Тэрнээс биш Прокурорын хууль эсвэл Шүүхийн шийдвэрийн хууль батлагдсан ч дангаараа явахгүй. Мөн бид хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор электрон бугуйвчаас эхлээд шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн тоног төхөөрөмж гээд маш олон зүйлийг хөнгөлөлттэй зээл, тусламжаар авахаар гадаад улс орнуудтай тохирсон.

Тэр нь энэ ондоо багтаад орж ирэх байсан. Магадгүй энэ ч зогсоно. Цаад тал нь ч монголчууд чинь ер нь үүнийгээ явуулах юм уу, үгүй юу, шаардлага байна уу гээд буцна. Засгийн газрын энэ улсууд их л буруу юм хийж байна даа. Харамсалтай л байна. Гэхдээ Их хурал нааштай авч үзэх байлгүй дээ гэж найдаж байгаа. Засгийн газар дээр тийм яриа хөөрөө болсон байж болно. Нэгэнт хэлэлцээд дуусчихсан хуулиудыг цаашаа явуулаад, ажиллуулаад, алдаа оноог нь засч залруулах нь хууль тогтоох байгууллагын үүрэг. Гүйцэтгэх засаглал юугаа бодож тэгснийг мэдэхгүй. Ямар ч байсан төсөв дээр дарамт болох асар их хэмжээний юм бид хийгээгүй. Тийм учраас Их хурал Засгийн газрын саналыг хүлээж авахгүй байх нь зүйтэй. Харин энэ хуулийг даруй есдүгээр сарын 1-нээс биш юм гэхэд нэгдүгээр сарын 1-нээс шинэ оныхоо төсөвтэй уялдуулаад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой юм.

-Тантай уулзсаных АН-ын талаар асууя. Удахгүй АН-ын ҮЗХ-ны хурал болох гэж байна. Намаа шинэчлэх хэрэгтэй гэж их ярих юмаа. Яг ямар шинэчлэл энэ намд үгүйлэгдэж байгаа юм бэ. Мөн АН-ын дараагийн дарга болох магадлалтай гээд олон хүний нэр яваад байх юм?

-Намын дарга хэн байхыг нийт гишүүдээр чөлөөтэй сонголт явуулж шийдүүлсэн нь дээр. Мань мэт нь тэр энэ байх нь дээр гэж үймүүлээд хэрэггүй. Гол шинэчлэл гэвэл сонгуулийн өмнө би фракцгүй нам болгоё гээд гишүүдийн дунд уулзалт хийгээд ярьж байсан. Тэрийг л хийх ёстой. Мөрийн хөтөлбөр чинь чухал биш ээ. Бид юм хийж бүтээж байгааг ард түмэн харж байна. Цаашаа хийнэ гэдгийг чинь ч мэдэж байна. Ганцхан намын байгуулал дотроо бид буруу системтэй, дотооддоо зөрчилтэй байх юм. Төр засгийн асуудлыг хувийн шалтгаанаар гацаадаг, хэрэлддэг, хэмхэлдэг энэ бүх юмыг таслан зогсоохгүй бол хүмүүс бидэнд итгэл хүлээлгэхгүй шүү. Үүний шалтгаан чинь фракц юм. Үзэл бодлын биш хувийн ашиг сонирхлоос үүссэн фракцуудтай байна. Энэ фракцуудаа устга, дүрмэндээ оруулаад хаагаад хаячих. Тэгээд ард түмэндээ очиж хэлье. Бид алдаагаа олоод харчихлаа. Үүнийг алга болголоо, хаачихлаа гээд хөтөлбөрөө танилцуулбал олон түмэн итгэнэ. Тэгээгүй байхад бидэнд олон түмэн итгэхгүй шүү гэдгийг олон удаа хэлээд харамсалтай нь явсангүй.

Тэгэхээр намын шинэчлэлийг энэ утгагүй хувийн сонирхол дээр тулгуурласан фракцийг устгах ажлаас эхлэх хэрэгтэй. Мөн шат шатны сум, аймгийн намын хороо, ҮЗХ-ны сонгуулийг шинээр явуулах хэрэгтэй. Зургаан жил ротаци явсангүй шүү дээ. Жил болгон явж байх ёстой ротаци явагдсангүй. Хуучин хэдэн хүн байж л байдаг. Тэгэхээр бүх шатны сонгуульт хуралдааныг шинээр хийх хэрэгтэй. Мэдээж дүрмийг өөрчлөх, шинэ даргыг сонгох хэрэгтэй болно. Ингэж л намыг өөрчлөнө.

-Фракцийг устгах хэрэгтэй гэж яриад байдаг. Гэтэл энэ олон жил яваад ирсэн фракцийг устгах боломжтой юу. ҮЗХ-ныхоо гишүүдийг хайрцаглаад хуваагаад авчихсан байдаг юм биш үү?

-Үүнийг өөрчлөхгүй бол Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй. Үүнийг өөрчлөх үү, үгүй юу гэдэг тэр фракцийг барьж байгаа дөрөв, тавхан хүний гарт л байгаа. Энэ хэдэн хүнээс л бүх юм болж байгаа шүү дээ. Одоо бид алдаагаа эргэж харж сурах хэрэгтэй байна.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *