Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Цагаан сар бол монголчууд дөнгөж өчигдөр эхэлсэн түүхтэй ард түмэн биш гэдгийг гэрчилдэг чухал баяр

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Хичээнгүй зүтгэлт, Хамба Номун Хан Д.Чойжамцтай ярилцлаа.


-“Буян үйлдэгч” хэмээх бар жил ирлээ. Та нийт лам хуваргуудаа төлөөлж, монголчууд, сүсэгтэн олондоо Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байна. Их сайхан бэлгэ дэмбэрэлтэй нэртэй жил. Зурхайгаар жилүүдэд олон ёгт нэр байдаг. Сайн, муу янз бүрийн ёгт нэртэй. Тэрэн дотроос энэ жил “Буян үйлдэгч” гэсэн ийм сайхан нэртэй жил гарч байна. Дөрвөн хүчтэний нэг нь бар гэж монголчууд хэзээнээсээ л бэлгэшээж, хүчтэй, хүч лугаа төгөлдөр хэмээн бэлгэддэг ийм амьтны нэрээр нэрлэгдсэн жил гарч байна. Сайхан жил гарч байна. Цагаан сарын амар мэндийг айлтгаж, хотлоороо сайхан шинэлээрэй гэж ерөөе.

-Айлчлан ирж буй бар жилийн өнгө ямар байгаа вэ. Бар жилд хүн ард юунд анхаарвал зохилтой вэ?

-Жилийн өнгийг монголчууд болоод дэлхий нийтээрээ ирээдүйгээ мэдэх гэж шинждэг.

Өнгөрсөн цагийг бид бүхэн мэддэг. Одоо үргэлжилж буй цаг бол бидэнд мэдэгдээд явж байгаа. Гэтэл ирээдүй мэдэгддэггүй. Тийм учраас хүн төрөлхтөн, оюун ухаант хүн төрөлхтний хувьд ирээдүйгээ мэдэх юмсан гэсэн эрмэлзэл дүүрэн. Энэ бол дэлхий нийтээрээ ийм хандлагатай байжээ.

Ялангуяа Азийн оронд, Араб, Энэтхэг болоод Хятад, Төвөд, Монгол тэргүүтэй ийм өргөн дэлгэр нутагт эртнээсээ эхэлж өөрийн болон улс орныхоо ирээдүй, байгаль дэлхий маань ямар байх бол гэж одон орон, тоо бодлого, зурхай зэрэг шинжлэх ухаанаар төлөөлөн бодож үздэг байжээ. Ийм зүйл дээр үндэслэн тухайн ард түмэн өөрсдийнхөө ирээдүйг ямар нэгэн хэмжээгээр зурж, жилдээ жилийнхээ зурлагыг хийж үздэг. Үүгээр өнөө жилийн зурлага ямархуу гарч байна вэ гэхээр, ерөнхийгөөрөө улирлын эхэн үедээ жаахан бороо, хур овоо байх янзтай боловч хүйтэндүү бороотой, салхи савиртай тийм байх болов уу гэмээр. Тийм учраас хүйтэн сэрүүнээс хамгаалсан байдал баймаар юм байна даа гэсэн зүйл байна.

Тариа ногоо сайхан ургах маягтай. Гэхдээ сэрүүн мөндөр зэрэг элдэв юмнаас харгалзаж үзэж байх хэрэгтэй байх гэсэн ийм анхааруулга байгаа юм шиг харагдаж байгаа. Дээрээс нь хүн ардынхаа хувьд бол настай хүнд жаахан бэрх, залуучуудад нэлээд сайн жил гарна аа. Хүн ардын хувьд ерөнхий нийтээрээ улс орны хэмжээнд сайхан жаргалтай байх учраас жаргалтай байна. Гэхдээ өөрсдөө хичээвэл ямар ч зурлага гарсан бай өөрчилж болдог газар даа. Тийм учраас хичээх хэрэгтэй юм. Дээрээс нь Монголын ард түмэн төр засаг, удирдлага руугаа анхааралтай байх хэрэгтэй болов уу. Сүүлийн нэлээд хэдэн жилийн зурлагад иймэрхүү маягийн төсөөлөл гараад байгаа юм. Тэгэхээр үүн дээр ард түмнийхээ төлөө уриалгахан, зөөлөн, ард түмнийхээ хэл үгийг дуулсан, хариуг нь дор нь барьж, үйл хэрэг болгосон ийм байвал эв зохицлоо олно гэсэн үг. Залуучууд, ард иргэд ч засаг төрөө хүндэтгэж, хийж байгаа ажлыг нь үнэлж сурах хэрэгтэй. Энэ их сайхан ажлууд явж байна, Оюу толгойгоос эхлүүлээд өчнөөн төчнөөн ололт амжилт олж байна, хойно Оросоос газ урагшаа татаж байгаа энэ ажил байна. Энэ мэтээр маш олон ажил хөдөлж байна. Засаг төрийнхөө ажлыг ойлгож, ухаарч мэдрэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь сүүлийн хэдэн жилд монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Засаг төрдөө баяртай байгаа. Яагаад вэ гэвэл, аливаа орон шиг их хэмжээгээр мөнгө өгч чадаагүй ч энэ тахлын үед орон сууцны төлбөр, цахилгаанаар нь дэмжээд өгчихсөн. Энэ бол бүх ард түмэнд хүрсэн. Хэрвээ гэр бүлд хэн нэг нь эрх мэдэл өндөртэй, мөнгө үрэмтгий бол тэр хүний гарт бүх мөнгө очвол гэр бүлийн бусад гишүүд юу ч хүртэхгүй, тэр мөнгө нь гоёл, гангараанд үрэгдээд л алга болж магад, архи тамхи болоод алга болж магад. Тэгэхэд засаг төрийн энэ цэцэн бодлогоор бүх ард түмэн гэртээ халуун дулаан сууж чадлаа. Тог цахилгааны мөнгөө төлцгөөсөнгүй. Бага орлоготой байсан хэдий ч бид өлсөж цангалгүй, ихэнх нь гайгүйшүү яваа нь сайхан бодлогын үр дүн гэж ойлгож байгаа. Тийм учраас бид ч гэсэн энэ засаг төр, улс орноо удирдаж яваа улсуудыг ойлгож мэдрэх, буруу зүйлийг нь шүүмжилж, зөв сайхан зүйлийг нь дэмжиж явбал хоорондоо эвтэй, түнжинтэй байна. Бид эвтэй байхын хэрээр энэ улс орон үргэлж урагшилж хөгжинө өө. Хамгийн гол анхаарах зүйл бол хоорондоо эвтэй байх, гэр бүлдээ эвтэй байх, албан байгууллагадаа эвтэй байх, улс орондоо эвтэй байх. Бие биенээ ойлгож мэдрэх, шүүмжлэлийг зөвөөр нь хүлээж аваад, дор нь засч ажил хэрэг болгож байх. Энэ бүгд л бидэнд хамгийн их чухал болж байна уу даа гэсэн юм зурхайн төлөвөөр гарч байгаа нь санаанд орж байна.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан юм байгаа. Тийм учраас өөрийн хичээл зүтгэл гэдэг хүнд хамгийн чухал зүйл байгаа юм. Ямар ч гэсэн сургууль, соёл, боловсрол бидэнд бусдаас хамааралтайгаа олдож байгаа боловчиг өөрөө зүтгэл гаргаад, гэр орондоо коронагийн үед зүгээр суухгүй боловсролдоо анхаарч, эрдэм номоо үзэж, аав ээж зэрэг мэддэг чаддаг хүнээрээ заалгаад байвал бас л болох учиртай. Мэдлэгээ олж авч, сайн сайхан болж байгаа хүмүүс зөндөө байна. Нөгөө талд сургууль хаагдсан юм чинь гээд хичээл номоо хаячихсан, боловсролоор хоцорч байгаа хүмүүс ч байна. Тийм болохоор ер нь хувь хүнээс их хамаарч байгаа юм байна шүү гэдгийг анхаарч үзүүштэй байгаа юм. Ер нь энэ коронагийн хоёр жил бидэнд маш олон зүйлийг сануулсан. Нүүдэлчин амьдрал бол бие даалт ихтэй. Тээр тэнд байгаа мал руугаа өөрөө л морио унаад явна, хэдэн хоногоор, өдөр шөнөгүй явна. Байгаль дэлхийд тийм бие даалттай, юунаас ч айхгүй, олон хоног морьтой ингэж явахдаа айл олдвол орж хоол унд идэж унтчихаад цааш эрлээ үргэлжлүүлдэг ч юм уу иймэрхүү маягийн, нэлээд бие даалттай байсан. Гэтэл энэ байдал нь олон нийтийн дунд бужигнасаар байгаад ганцаараа ч гарахад бэрхтэй, харанхуйд ч ганцаараа гарахаас айдаг, ганцаараа явж чаддаггүй ч юмуу, дандаа ард нь юм болдог ийм байдал ажиглагддаг. Энэ корона бол бидэнд биеэ даах сургууль маягтай боллоо гэж бодож байна.

-Магадгүй. Их олон зүйл дээр сургамж өглөө?

-Олон нийтийн дунд очоод наргиж, тургиад л, бүжиглээд наадаад л, баар шааранд яваад л, өөрийгөө нэг ч уйдаахгүй тухайтад цагаа баахан хэрэггүй юманд үрж үрж өнгөрөөдөг. Тийм юмнуудаа гоё гэж бодож байсан бол хорвоо дээр өөр цаг хугацаа бас ирдэг юм байна шүү гэдгийг бидэнд ойлгууллаа. Гэрээсээ гарч болдоггүй, наргиж тургиж болдоггүй, бусад хүмүүстэй нийлээд өчнөөн төчнөөнөөрөө амралт зугаалганд явж болдоггүй ийм үе ирэхээр бидэнд хорвоо дээр бас өөр янзын оршин тогтнол байж байдаг юм байна шүү дээ гэдэг ийм ухааныг өглөө. Гэртээ байхдаа эхнэр, нөхрүүд хоорондоо зохицлоо олох гэж зүдэрсэн. Дараа нь үр хүүхэдтэйгээ зохицох гэж үзлээ. Бүгд өглөө ажил, сургууль руугаа яваад орой ирээд хоолоо идчихээд л унтчихдаг. Бүгд нэг нэгнээ мэдээд байгаа юм шиг боловч нийгмийн дунд явж байгаад бүгдээрээ өөр өөр араншин төрх, өөр өөр хэвшил авчихсан байсан. Тийм учраас гэр бүлийн тэр зохицол гэдэг юмыг бий болгох гэж коронагийн эхэн үед нэлээд зүдэрцгээлээ. Түүнээс болж хэрүүл тэмцэл, биенээ дээрэлхэх юм гарч байгаад сүүл рүүгээ хүн төрөлхтний явж ирсэн хэдэн мянган жилийн амьдрал бидэнд буцаж хүрч ирээд дорхноо эв зохицлоо олоод хоёр жилийг түүртэхгүй даваад, сүүлдээ гэр бүлүүд сайхан боллоо шүү дээ. Зарим нь чөлөөт цагаараа эргэл мөргөл хийдэг, биеийн тамир хийдэг, гэртээ янз бүрийн бясалгал бүтээл хийж сэтгэлээ тогтоох зэргээр олон сайхан үйлийг хийдэг болцгоолоо. Энэ бүхэн хорвоо ертөнц үргэлж ганцхан чигээрээ байдаггүй юм шүү гэдгийг ойлгууллаа. Гадаад, дотоодын орнуудад сууж байгаа улсууд ч гэсэн “Эх орон шиг хэрэгтэй юм хаа байхав” гэдэг ойлголтыг авлаа. Мөн эцсийн бүлэгтээ хамгийн халдвартай, хэцүү өвчинг тусаад ирэхийн цагтаа ерөөсөө л гадны хүнийг хажигладаг юм байна шүү дээ.

-Дэлхийн хаана ч тийм ажээ.

-Ялангуяа тэр корона дэлгэрсэн гэж үздэг газруудыг хажиглаад, гудамжинд ч явуулахгүй, тэдэнтэй ижилхэн зүс царайтай улсуудыг тэгж хавчиж, шахаж эхэлж байгаа нь ч эцсийн бүлэгтээ яагаад ч юм Монгол оронтой хүйн холбоотой, монгол хүнд “Энэ Монгол гэдэг эх орондоо байхад хэн нь ч ирээд хөөж чадахгүй” гэдэг бахархал төрж байгаа юм. Миний эх орон, яаж ч шоронд орлоо гэсэн Монгол Улсаас хасаад хаячихдаггүй тийм газар нь Монгол юм байна даа гэж ойлгогдож, эх орноо хайрлах сэтгэл бас маш олон хүнд үүслээ. Энэ бол их сайхан боллоо гэж боддог.

Боловсролын чиглэлд мэдлэгийг голлоод явчихсан. Бид янз бүрийн мэргэжилтэй, мэргэжилтнүүд бэлдэж чадсаан. Гэтэл бид юуг хаячихсан байсан бэ гэхээр ёс суртахуун гэдэг том зүйлийг хаячихсан байсан. Тийм учраас их, дээд сургууль төгсөж диплом авсан эрдэмтэн болно гэсэн ч ёс суртахуунтай нийлж чадаагүй. Тэндээс хичнээн мундаг төгссөн мөртлөө хээл хахууль авдаг ч юм уу, бусармаг зүйл хийх, улс орны мөнгөөр гадаад дотоодод тоглодог ч юм уу, янз бүрийн буруу үйл явдалд орооцолддог. Тэдний их, дээд сургууль төгссөн диплом байна уу, байна. Зөндөө мэдлэг бий юү, бий. Яагаад, юугаар дутаад тийм бусармаг зүйл хийв гэхээр ёс суртахууны мэдлэгийг олгоогүй. Бидний уламжлалд юу байсан бэ гэхээр ёс суртахуун-мэдлэг хоёрыг хослуулж явж байсан. Ёс суртахуун дээр тогтсон мэдлэг хүн ардад жинхэнэ хэрэгтэй болдог юм аа гэдгийг бидний өвөг эцэг зааж ирсэн байдаг. Тийм учраас ёс суртахуун гэдэг юмыг гарцаагүй хэрэглэх хэрэгтэй байна. Үүнийг дэлхий даяараа ойлгож эхэлж байна. Ялангуяа Далай багшийн сүүлийн үед хэлж байгаа ёс суртахууны сургаал номууд нигүүсэл, энэрэл, хайр, бие биенээ хайрлаж чаддаг, өршөөж, уучилж чаддаг уужуу ухааныг төлөвшүүлэхийн төлөө дэлхийгээр явсан олон жил явсан хөдөлмөрийн үр дүнд АНУ, Энэтхэг гээд олон орны ерөнхий боловсролын сургуулиудад Далай багшийн энэрэл, нигүүсэл, хайр, өршөөл, ёс зүйн хичээлүүд ордог болж байна, бясалгалууд ордог болж байна. Хүүхдүүдээр бясалгал хийлгэхэд зан ааш нь яаж сайхан засарч байна вэ. Хичээл эхлэхийн өмнө бясалгачихаад хичээлдээ ордог сургуулиуд маш олноороо бий болж байна. Үүнийг уламжлал дээр нэгэнт тогтсон байдаг учир гарцаагүй бид хэрэгжүүлэх ёстой болжээ. Бидэнд юу дутуу байна вэ? Ёс суртахуун л дутуу байна. Бусад нь бидэнд бүгд бий болж болж байна. Сайхан мэдлэгтэй, сайхан боловсролтой, гадаад дотоодод төгссөн өчнөөн сайхан залуучууд байна. Одоо бидэнд энэ мэдлэгийг ёс суртахуунжуулах л хамгийн чухал зүйл болоод байна. Энэ бол гарцаагүй боловсролын байгууллагуудын анхаарах ёстой зүйл юм даа гэж бодож байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт бясалгалын хичээл оруулах талаар сүүлийн үед эцэг эхчүүд, сүсэгтнүүдийн зүгээс санал их гарах болсон нь цаг нь иржээ гэж бодогдохоор л юм?

-Тусгай цагтайгаар оруулах хэрэгтэй. Сурах бичгүүдийг нь лам хар гэлтгүй, энэ соёлоо мэддэг л байвал ямар ч насны хүмүүстэй хамтарч хийх ёстой. Монгол бол олон зууны турш Буддист байсан. Цаад тал нь 2000 жил, наад тал нь Чингисийн үе, дунд үеийн дэлгэрэлт. Сүүлчийн дэлгэрэлт нь Манжид дагаар орохоос өмнөх 100 жил. Ингэж Монгол оронд Бурханы шашин дэлгэрч байсан. Шашин гэдэг бол тухайн ард түмний оюун сэтгэхүй болоод хүлээж авах уран чадвар, элдэв юмнаас хамаарч тухайн ард түмний сонголт байдаг. Тийм учраас Буддын шашиныг гурав, дөрөв сонгож шүтэж ирсэн ард түмэн байна. Буддын шашин бол ёс суртахуун, мэдлэгийн салбарт

гайхамшигтай шашин. XXI зууны Бурханы шашинтан хүн гэдэг бол орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, орчин үеийн бичиг, үсгийн боловсролыг бүгдийг нь эзэмшсэний дээрээс Бурханыхаа шашны сургаалыг маш өндөр мэдсэн байх ийм шаардлагатай байгаа юм. Энгийн улсуудад зориулж хэлэхэд, энгийн сүсэгтнүүдэд хэлэхэд ёсзүйн талын мэдлэгүүдийг маш өндөр сахих хэрэгтэй байгаа. “Би Бурханы шашинтан хүн” гэдэг төдийгөөр биш, хурал ном айлддаг төдийгөөр биш, тэр бол сайн л даа. Энэ бүхэн бол шашны тогтсон үйл мөн үү гэвэл мөн. Үүнээс гадна сургаалийг нь амьдралдаа авч хэрэглэх. Арван хар нүгэл, арван цагаан буян гэдэг. Эд нарын утгыг нь олж, амьдралдаа хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа юм. Нүгэл, буян гэдгийг орчин үеийн залуучууд юу гэж ойлгоод байна вэ гэхээр нэг тийм хуучирсан маягтай байна. Хүн төрөлхтөн оршиж байхад буян, нүгэл гэдэг зүйл хэзээ ч хуучрахгүй. Нүгэл гэж юуг товчхондоо хэлээд байна вэ гэхээр, миний эрх чөлөөг өөрөөс минь булааж авч байгаа зүйлийг л нүгэл гэж хэлнэ. Хүн алах, хулгай хийх, авилга хээл хахууль буюу өгөөгүйг авах, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх. Энэ бүгд чинь юуг дагуулдаг вэ гэхээр, энэ бүгдийг л хийхээр гэр бүл салж сарнина, шорон оронд орно, цаазын ял хүртэл авч байгаа. Надад байгаа тансаг сайхан эрх чөлөө болгоныг үгүй хийдэг зүйлийг нүгэл гэнэ. Хэлээр хийдэг нүгэл болох хараах, зүхэх, дэмий чалчих, хов, ширүүн үг энэ бүхэн чинь таныг энэ ертөнц дээр хүнээр хүндлүүлж, хүн шиг сайхан амьдрах боломжийг бусниулж байгаа юм шүү дээ. Хүн рүү муухай үг шидлээ л бол хариуд нь тэр үгнээсээ ч муухай доромжлолын хариу үг дуулна.

Хүнийг сайхан үгээр тайвшруулаад, амар мэндийг нь мэдээд сайхан үг ярихтай зэрэг цаад хүн нь ч сайхан тайвшраад “Сайн байна уу, сонин сайхан их үү” гэхээр “Сайн сайн, миний хүү хаашаа явж байна” гэдэг. Харин эсрэгээрээ “Муу туучий өчигдөр уулзана гэчихээд яасан бэ” гээд хар яр гэвэл өөдөөс нь “Хуц” гээд хэрэлдэж байна билээ, улсууд. Миний амнаас гарч байгаа муухай үг гэдэг бол миний бусдаар хүндлүүлж, бусадтай хамтарч сайн сайхан амьдрах амьдралыг бусниулаад хаячихаж байгаа учраас нүгэл гэж байгаа юм. Сэтгэл ч мөн ялгаа байхгүй. Бие, хэлийн нүгэл бол сэтгэлийн бодогдсон муу чанараас гардаг. Хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзлээс гардаг. Энэ бүгд бол харилцан шүтэлцээтэй. Өөрийн амьдралыг эрх чөлөөтэй болгодог арван цагаан буяныг хийж, амьтны амь таслахгүй, өгөөгүйг авахгүй, гэр бүлийн цэвэр цэмцгэр байдлаа хамгаалах, хэлээр үйлддэг дээр дурдсан нүглүүдийг цээрлэж, хомхой, хорлох сэтгэл, буруу үзлийг тэвчиж, хамгийн зөв, шинжлэх ухаанч, ертөнцийн зөв үзлийг авбал зөв үзэл дээр зөв бодол ирдэг, зөв бодол дээр зөв үйлдэл, зөв яриа үүсдэг. Тэгэхтэй зэрэг хамгийн гол юм бол буруу үзэл. Буруу үзэл тогтоод ирэхээр л буруу яриад эхэлдэг. Буруу юм сэтгээд, буруу тийшээ явдаг.

-Бидэнд зөв амьдрах амьдралын суурь зөв үзэл, уламжлал байгаа учраас жаргалтай амьдрах уг нь амархан бололтой юм?

-Жаргалтай сайхан амьдралын суурийг бид хийж чадна. Бидний өвөг дээдэс ингэж л ирсэн. XX зууны эхэн үед хэдүйгээр материаллаг хөгжил энэ Монгол оронд байгаагүй ч, дорой байсан ч монголчууд хоорондоо алалцаж, хядалцаж, өнөөгийнх шиг хулгай зэлгий байсангүй шүү дээ. Хааяа нэг тийм юм гарвал, тэр хүнийг айлд ороод гарахад нь араас нь сан тавьдаг, хошуугаараа тэр хүнээс жигтэйхэн их цэрвэдэг тийм байж шүү дээ. Хулгай гэж байсангүй. Сайн эр гэж гарч, зуд зурхан болоод ард түмэн тарчлаад байхад алс холын нутгаас адуу мал хөөж ирж байснаас биш доншуур хулгай ер нь бараг байгаагүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бид ёс суртахууны хувьд эцэг өвгөдийнхөө үед сайхан байсан удаатай юм. Одоо бол бид тэгж чадна гэж ингэж л найдаж байдаг даа.

-Сайхан сургаал айлдсанд гялайлаа. Цагаан сарын баярыг яагаад тэмдэглэх ёстой талаар сүүлийн үед маргалдах боллоо л доо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-За, шинэ жил гарч байна. Битүүндээ сайхан ёс уламжлалаа үйлдээд, шинийн нэгний өдрөө баярлаж, цэнгэдэг Цагаан сарын баяр гэдэг бол монголчуудын хамгийн чухал баяруудын нэг юм. Монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн, түүхийн гэрч болдог баяр. Хоёрдугаарт, монголчууд дөнгөж өчигдөр эхэлсэн түүхтэй ард түмэн биш юм аа гэдгийг гэрчилдэг баяр. Зун наадмаа үзээд, цагаан эсгийн дээгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч монгол дээл, малгайгаа өмсөөд алхаж үг хэлэхэд нь ажигласан л даа. Стадионд сууж байсан гадна, дотны өчнөөн төчнөөн зочид “1921 онд эднүүс чинь дөнгөж тусгаар тогтнож байсан билүү дээ” гэж бодож байтал нь есөн хөлт цагаан сүлд ороод ирэхээр “Энэ юу вэ” гээд эргэлзээд эхэлцгээдэг. Тэгтэл Чингисийн маягтай хувцасласан Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр явж очоод үг хэлэнгүүт 800 жилээр Монголын түүхийг урагш нь татчихаж байгаа харагддаг. “Энэ бол 1921 оны улс биш байна. Эднүүд чинь асар их уламжлалтай, эртний улс юм байна шүү дээ” гэдгийг харуулдаг. Тийм учраас зан заншил, соёл гэдэг бол Монголын ард түмний түүхийг хэдэн зуунаар урагш нь аваачдаг. Дээрээс нь монгол дархлааг бий болгодог. Үр хүүхдүүд нь монгол дээлээ өмсчихсөн, малгайгаа тавьчихсан, аав ээжийнхээ тохойг түшиж золгодог. Цаашдаа олон зууны турш ингэж золгоод байвал Монгол хүний дархлаа улам батжина. Хаана ч байдаггүй соёл бидэнд байдаг шүү гэдгийг гадны жуулчид ирж үздэг шүү дээ.

Бид энэ сайхан баяруудаараа монгол хүний эртний түүхийг санагдуулдаг, Монголын уламжлал, зан заншлыг улам сэргээдэг, бүгд монгол дээлтэй монгол болчихсон хичнээн гоё байдаг билээ. Гоё гоё хоргой, торгоор дээл хийгээд гэр гэртээ өмсчихсөн, ямар ч гоё зохидог юм. Соёлоо ингэж сэргээж байгааг хоёр талаас нь хараад байгаа. Нэг нь баяр, нөгөө тал нь уламжлалаа сэргээж байна гэдэг. Хятад дурдан бүсийг хоёр, гурав бүслээд л ураад хаячихна. Тэр сайхан уламжлалт, мөнгөлчихсөн бүс бол энэ насандаа эдлээд үр хүүхдүүд нь эдлээд, тэрний ач зээ нь эдлээд “Өвөөгийн минь бүс байгаа юм. Миний өвөө гайгүй хүн байсан шиг байгаа юм. Урлагийн бүтээл гэмээр юм хэрэглэдэг байжээ” гэж эд хөрөнгө болж үр хүүхдэд нь өвлөгдөж байгаа тийм болтол нь хөгжүүлж байхад нь тэрнийг нь ад үзээд “Нэг их том данхайсан бүс бүсэллээ” гээд эхэлдэг. Энэ бол даяарчлагдаж байгаа ертөнцөд өв бүтээж, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлнэ гэдэг монголчууд Монголыг монголоор нь үр хүүхдэдээ өвлүүлж үлдээж байгаатай яг адилхан юм. Бид ажилтай болоодохвол юу гээд л ингээд гудамжиндаа маргалдаад сууж байхав. Ажилтай хүн завгүй болно, мөнгөтэй болно. Хөдөлмөртэй хүн чинь бахархмаар шүү дээ.

Та бүхэндээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, ажил хөдөлмөр нь улам дээшээ байх өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *