Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баасанжав: Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….

Монгол Улсын гавьяат жүжигчин, Дунгаамаа дуугаараа ард түмний зүрх сэтгэлд хоногшсон дуучин Д.Баасанжавтай ярилцлаа.


-Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ.

-Дуучин Д.Баасанжав гэхээсээ илүүтэй Дунгаамаа гавьяат болжээ, шагнал нүдээ олжээ гэцгээж байна шүү. Дуугаараа дуудуулж, бүтээлээрээ мөнхөрнө гэдэг сайхан?

-1995 оны дуу шүү дээ. Миний шүтээн тэр байна (Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөрөг рүү заав.сурв). Миний сайхан хуурай ах. Энэ хүн надад “Дунгаамаа” дууг Ардын дуу, бүжгийн чуулга дээр авчирч өгч байлаа. 1995 оны хавар, гуравдугаар сард. Тэгээд энэ дуугаа Д.Маам гуайд утсаар дуулж өгч, анх сонсгож билээ.1995 оноос хойш 24 дэх жилдээ дуулж байна. Дуучид дуугаараа овоглогдох нь бий. Манай урлагийнхан, ялангуяа дуучид маань л “Дунгаамаа ах” гэж намайг дуудаад эхлэхгүй юү дээ. Энд тэнд явахаар “Хөөе, Дунгаамаа” гэцгээнэ. Утсаар ярихдаа “Дунгаамаа ах уу” гэнэ. Би үүнд нь дасчихсан. Бас уран бүтээлээрээ овоглуулна гэдэг уран бүтээлч хүний хувьд сайхан завшаан. Тийм сайхан баяр өөр юу байхав. Баярлаж явдаг шүү.

Дунгаамаа-г нэлээд хожуу дүрсжүүлсэн байх аа?

-Хоёр, гурван ч клип хийсэн юм.

-Та орос цэргийн хувцастай дуулдаг клипийг л сайн мэдээд байна?

-Тэр чинь 2006 оны клип. Эрдэнбулган багш “Үхэж үл болно” гэдэг кино хийлээ шүү дээ. Хэнтийн Баян-Улаанд зургийг нь авсан юм. Тэр ажилд нь анхнаас нь туслалцаж Түвшинтөгс гавьяат, төрийн шагналт Төмөрбаатар, жүжигчин Энхтуул, Дэмидбаатар бид нар Эрдэнэт, Булган аймгаар хандив цуглуулж явсан юм. Түвшинтөгс гавьяат манай чуулгын дарга байсан. Хандив цуглуулах ажилд идэвхтэй оролцсон бидэнд киноны дүр өгсөн юм. Надад баатрын дүр өгсөн. Тэр үед “Дунгаамаа” дуу маань “Үхэж үл болно” киноны натурын сүлд дуу боллоо. Өмнө нь хоёр ч клиптэй байсан ч нэг л явж өгөөгүй юм. Харин FM радиогоор байнга явдаг байсан үе л дээ.

Тэгээд киноны натурын сүлд дуу болоод клип шинээр хийх санаачилгыг жүжигчин Бямбацогт гаргаад “Only” студийн Батсайхан дүү маань дэмжсэн. Намар нь клипний ажилд зориглож ороод Драмын театрт зургийг нь авсан шүү дээ. Драмын театрын дарга Цэрэнсамбуу ах их тус болсон. “Клип хийж болно. Гол нь тайзан дээр гал түлж болохгүй шүү” гэж билээ. Сүү буцалж байгаа хэсгийг авахдаа газ ашиглаж аргалсан. Маш их сэтгэл гарсан клип. Тэр үедээ л үнэтэй клип байлаа. Эртний эдлэлийн дэлгүүрээс машин түрээсэлж аваад, циркийн хоёр том сарлаг, элс, боодол өвс гээд их л юм авчирч байж хийж байлаа.

-Таныг урлагт мундаг улсууд хөтөлж оруулж ирсэн байдаг?

-Тэгэлгүй яахав. Хөвчийн Жонон вангийн хошуу, Сэцэн хан аймаг бол Монголын бүх л алдартай дуучдын өлгий нутаг юм билээ. Миний аав, өвөө их сайхан дуулдаг улсууд байсан. Урлагийн тайзан дээр анх хөтөлж гаргасан багш бол “Жонон хонгор”-ын Лүндэгийн Дашням. Дараа нь Юндэнгийн Хөнхөр байна. Надад анх нот заасан хүн. “Хилчний уянга”-ын Хөнхөр. За тэгээд миний багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн багш маань байна. Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан, Мархагшийн Найдалмаа багш маань байна. Энэ олон сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй явж байна даа. Монгол Улсын төрийн өмнө очоод гавьяат жүжигчин цол авч байх үед хүний сэтгэл их хөдөлдөг юм билээ. Тэгэхэд аавыгаа их бодсон. Хоромхон зуурын агшин шүү дээ. Миний аав намайг анх дуулж байхад л “Миний хүү гавьяат болох хүн дээ” гэдэг байж билээ. Аав минь саяхан л өөд болсон. Сайхан багш нараа бодож байлаа. Тэнгэрт байгаа багш нараа ч бодож байлаа. Чинзориг гэдэг энэ аугаа хүн надад “Дунгаамаа” дуугаа өгөөгүй бол би өдийд аль нэгэн дуугаараа овоглох байсан ч юм уу, үгүй ч юм уу. Монголын ард түмэнд “Дунгаамаа” дуу маань Баасанжав гэж ийм нэг дуучин байдгийг харуулж өгсөн. Урлагийн энэ сайхан бурхдаа тэр агшинд бодож зогсч байлаа.

-Ардын дууны урлаг бол тухайн улсын урлагийн цөм нь байдаг. Ардын дуу, ардын урлаг хэр бат бэх байна. Тэр хэрээр тухайн улсын урлаг урагшилдаг болов уу гэж боддог?

-Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн асар их өв шүү дээ. Бидэнд үүнийг хийгээрэй гээд үүрэг болгож үлдээсэн зүйл байхгүй юу. Үүнийг цааш нь бид дамжуулах хэрэгтэй. Энэ чинь асар их сав шүү дээ. Энэ их саваас шанагаараа хутгана уу, халбагаараа хутгана уу. Бидэнд үлдээсэн энэ их өвийг цааш нь дамжуулах ёстой. Би энэ л үүргээ биелүүлж яваа. Намайг гурван настайгаасаа л дуулсан гэж манай хөгшчүүл ярьдаг юм. Миний анхны дуу бол “Гунан хар”. Би хөдөө, хориод айлын дунд л хүн болсон. Шохойн тасаг гэсэн хэдхээн айлын дунд өссөн. Манайхан маш их ажилтай. Намар нь банкаад гэж хийнэ. Ажлаа дүгнэнэ. Аймаг, орон нутгийн дарга нар ирж үздэг. Тэрний концертод нь би оролцож дуулна. Хөгшчүүл намайг их өхөөрдөж дуулуулна. Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн хүн.

-Одоо цагт дуулагдаж байгаа дуунууд хожим хойно нь ардын дуу болно доо. Харин хэд нь бол гэдэг л сонин?

-Болно. Гэхдээ дууны хувь заяа гэж байна. Дууны хувь заяа гэдэг таашгүй эд. 1990-ээд онд учиргүй л хүн бүхэн аялж байсан дуунуудыг хэн ч аялахаа байчихсан л байна. Түүнээс биш бүх дуу зуун даваад явчихдаг эд биш. Хүний сэтгэлд хэр үлдэж байна, хэр их залгамж чанартай байна, тэрнээсээ шалтгаалж үлдэнэ.

-Монгол ардын дуунуудыг сонсчээ байхад тухайн үед монгол харчууд, бүсгүйчүүд их гоё байжээ гэж бодогддог. Жишээ нь,

…Данагар данагар алхаатай яа хө

Дал мөрөө давсан гэзэгтэй еэ хө гэхэд л сайхан эр нүдэнд төсөөлөгддөг. Гэтэл одооны дуунуудад эр хүн, бүсгүй хүний тухай сэтгэлд хүртэл өгүүлэх нь ховор юм?

-Одоо бол масст зориулж юм хийгээд байна. Жишээ нь, наадам болоход морины тухай дуунууд үйлдвэрлэгдэнэ. Тэрний, энэний морь, тэр морь, энэ морь сайн гээд л. Хөдөөний сайхан наадам дээр ардын дуу явахгүй байна шүү дээ. Дан морины тухай дуу явна. Масст зориулж юм хийгээд байна.

-Зорилготой, захиалгатай гэж үү?

-Тийм. Захиалгаар. Сайхан уяач залуу байлаа гэхэд “Миний энэ моринд зориулж дуу хийе. Би шүлгийг нь бичье. Чи хөгжмийг нь зохио” гэдэг. Нэг бодлын жаахан алдарших гээд байгаа юм уу даа. Тийм л юм болоод байна шүү дээ.

-Монгол ардын дуунд тооцогдох, дараагийн жаранд дуулагдчихаар ямар дуу байна вэ?

-Олон дуу бий. Дан ялангуяа 60, 70-аад оны дуунууд байна. Ардын дууны жанраар хийсэн дуунууд байхгүй юу. Европ хөгжмийн ямар нэгэн зүйл ороогүй. “Дөрвөн цагийн тал” гэдэг ч юм уу, сайхан дуунууд байна. Ардын дууны хүрээнд хийсэн дуунууд. Тийм учраас тэдгээр дуунууд зуун давах нь ойлгомжтой. Түүнээс биш салхиар ч юм уу, сэтгэлийн хөөрлөөр хийсэн дуунууд удаан явахгүй.

-Монгол ардын дуунуудыг бүгдийг нь халхчилж дуулаад байх шиг байдаг юм. Нутаг нутгийн аялгаар нь дуулж байвал зүгээр санагддаг?

-Монгол ардын дууг халхчилж болохгүй. Одооны залуус хорчин, баяд дууг бүгдийг нь авчраад бушуухан од болохын тулд Монголд л таалагдахын төлөө халхчилж дуулаад байна. Баяд дууг баядаар нь дуулах ёстой. СУИС-д сурч байгаа баяд хүн баяд дуугаа баядаар нь дуулж сураад нутагтаа аваачиж үлдээх ёстой. Барга хүн энд ирэхэд би барга дууг нь заана. Барга хүнийг баргаар нь дуулуулах хэрэгтэй. Тэгж байж бид энэ том ай саваа авч үлдэнэ шүү дээ. Түүнээс биш бүгдийг нь авчраад халхчилчихвал хэцүү. Сүүлдээ хөгжилгүй болно. Манай уртын дуу ч нэг хэсэг ийм болсон. Хүн бүр “Эр бор харцага”-ыг ганцхан аяар дуулдаг.

-Нутаг нутагт өөр өөр дуулаад байдаг шүү?

-Сүхбаатарт өөр дуулж байна. Өмнөговьд бас л өөр дуулж байна. Одоо харин манай багш нар өөр болж байна. Хардал аялгуугаараа дуул, чи Хөвчийн жонон аялгуугаар дуул, чи Баянбараатаар дуул гэж ангилж байгаа нь бахархалтай л хэрэг.

-Та мартагдсан дууны араас явж байсан уу. Сургаар зорьж очиж л байсан байх даа?

-Байлгүй яахав. Зүүн тийшээ явж олон дуу олсоон. Баруун тийшээ нэг явсан юм. Ардын дуу, бүжгийн чуулга 1997 онд “Монгол түмний дуулал-2” концертоо тавих боллоо. Би Ховд руу явсан юм. Тэнд очоод Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин М.Яасай гуайн гэрт нь зорьж очлоо. Монхор хамартай өвгөн машинаа засаад их ууртай байна аа. Би учраа хэлж “Танаас чантуу дуу сурах гэсэн юм” гэлээ. Тэгсэн чинь хөгшин нь гарч ирлээ. М.Яасай гуай “За ороод жимс идэж бай” гэж байна. Удахгүй араас орж ирээд гараа угаачихаад “Чи ямар дуу сурах юм” гэж асууж байна. Би “Чантуу дуу л сурмаар байна” гэж хариуллаа. Тэгээд “Хар нүд” дууг М.Яасай гуай надад зааж өгч байсан юм.

-Ямар дуу билээ, яаж эхэлдэг билээ?

-(Узбекээр дуулав.сурв).

Хөмсөг сайтай охин минь

Хөмсгийг чинь харъя гээд л эхэлдэг дээ. Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг бид хоёр дуулдаг юм. Дуулахдаа хэрхэн бүжиглэдэг хөдөлгөөнийг нь хүртэл тэгэхэд заалгаж авсан. М.Яасай гуай надад бүжиглэж зааж өгч байхад хөгшин нь хажуунаас нь “Үгүй ээ, чи наад өсгийгөө буруу тавиад байна. Ингэж тавих ёстой” гээд санаа оноогоо хэлж байж билээ. Хамгийн хол явж ардын дуу олж ирсэн нь тэр юм. “Хан Хэнтий” чуулгынхан маань 56, 60 хоног бригадаар явдаг байлаа. Тэгж явахдаа нутаг нутгийн хөгшчүүлээс заавал нэг юм олж ир гэдэг үүрэгтэй. Хамгийн чухал нь уран бүтээлч хүн мартагдсан дууг сэргээх хэрэгтэй. Эргэлтэд оруулах. Энэ нь дуучин хүний үүрэг.

-Таны урын санд шинээр сэргээсэн, эргэлтэд оруулсан мартагдсан дуунууд хэд орчим байна вэ?

-20, 30-аад дуу бий. Мартагдсан дууг сэргээж авчирч болно. Тэрийг эргэлтэд оруулахдаа хэрхэн хүргэх вэ гэдэг нь чухал. “Цонхон дээр суусан ялаа” ардын дууг би арай өөр дуулна. Хүмүүсийнх бас өөр. Гомбосүрэн гуайн “Цэнхэрлэн харагдах уул”-аас миний дуулах маш жижиг ялгаатай байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн дуулдаг “Цэнхэрлэн харагдах уул”-аас миний дуулдаг хувилбар жаахан жаахан нугалаагаар өөр байх ч юм уу. Ардын дууны хамгийн чухал нь нугалаа, өгүүлэмждээ л байдаг байхгүй юу.

-Баяд ардын дууг баядуудын дунд ороод дуулах, цорос дууг цоросуудын дунд очиж дуулах нь их сайхан биз?

-Тэгнэ шүү дээ. Би Дорнодын цаадах Хөлөнбуйрт очоод барга дууг баргаар нь дуулахад огт өөр. Ямар сонин юм бэ гэнэ. Бас нэг гоё юм нь тэр хүмүүс чинь “Энэ хэсэг дээр жаахан алдаа байна шүү, чамд”, “Энэ хэсэгт нь ингэж түлхээд өгдөг юм. Чи сая түлхсэнгүй”, “Энэ дээр ийм нэг нугалаа байдаг. Чи тэрийг хийсэнгүй” гэдэг ч юм уу зааж захиж өгнө. Тэрэн дээр нь засаад улам сайхан болгоно.

Ардын дуу нь аливаа нэг урсгалд цохигдож байдаг. 1960, 1970-аад онд эстрад гарч ирэхэд, дараа нь хип хоп гарч ирэхэд одоо зохиолын дуу гэдэг төрөлд цохигдлоо. Сүүлийн үед ардын дуугаа дуулах сонирхол нэмэгдээд байна. Дуулах сонирхол нь байгаад байдаг. “Гарын арван хуруу” гээд бүх дуу дотор нь байдаг. Ил гаргахаа больчихоод байна. Монголчууд чинь дуучин ард түмэн. Дуулахыг тэнгэртэй холбогдож байна гэж ойлгож явдаг юм. Хүнээс аялгуу, гэгээн урсгал гарахад бидний эргэн тойронд буй, тэнгэрээс буусан өвөг дээдэс минь баясч байдаг гэж боддог юм шүү. Аян замд гарахын өмнө нэг сайхан дуулчихад замаа засчихлаа гэж ойлгодог. Ардын дууг бидэнд ухааруулаад авчраад өгчихсөн, бэлэн, энэ их өв сангаа бид ирээдүйдээ нийтээрээ хүргэж өгөх үүрэгтэй. Хурим, найр гээд хаана ч ардын дуугаа дуулдаг нь ховордчихсон байна. Сүүлийн үед ганц нэг залуус ардын дуу руугаа орж байна. Гэхдээ ардын дууг фонограмтай дуулахгүй. Ардын хөгжим гэж бас байна. Энэ бол дуутайгаа хамт ирсэн том эрдэнэ. Тийм учраас ардын дууг фонограмтай дуулж болохгүй. Б.Алтанжаргал гээд сүүлийн үеийн ардын дуучид байна. Дандаа фонограмтай дуулаад байна. За яахав, хүмүүст хүргэх гээд байх шиг байна. Ардын дуу нь өөртэйгөө хамт зуун дамжиж ирсэн энэ хөгжимтэйгөө л цуг үлдэж, цуг урагшаа явна. Тиймээс ардын дуугаа ардын хөгжимтэйгөө хамт дуулж явцгаая.

One reply on “Д.Баасанжав: Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *