Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Зүгээр л самуун цагийн Их хурлын гишүүд

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Чуулганы хуралдаан дээр Ж.Энхбаяр гишүүн таныг “Ноён урваач,

нохой шарваач” хэмээн хэлж байсан нь тун эвгүй харагдана лээ. Та үзэл бодлоороо Ардчилсан намд орсон хэдий ч танд хаягласан иймэрхүү дайралт үргэлжилсээр байх юм. Уг нь Улс төрийн намын тухай хуулиар энэ бүхнийг зохицуулсан ч буцаачихсан. Их хурлын гишүүд нэг рүүгээ ёс бус байдлаар дайрах нь улс төр мөн үү?

-Энэ парламентын гол батлах ёстой хуулийн нэг нь улс төрийн намын тухай хуулийг батлан гаргах ёстой байсан.Гэсэн хэдий ч парламентад суудалтай намуудаас аль нь ч хуулийн төсөл санаачлаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьсан ч МАН эсэргүүцээд унагасан. Хэрэв Улс төрийн намын тухай хуулийг баталчихсан байсан бол намуудын дотор үндсэн хууль зөрчдөг, хуулийн эсрэг ч үйл ажиллагаа явуулдаг, хүн хэлмэгдүүлдэг, улсын хөрөнгөөр сонгууль хийдэг, улсын өмчийг намын өмч болгодог, ашиг сонирхлын эдийн засгийн бүлэглэл энэ бүх ялзрал байхгүй болох байсан юм. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэлмэгдүүлэлт өнгөрсөн зуунаараа дуусах ёстой. Шинэ ардчилсан нийгэмд ийм ёс бус зүйлс гарах ёсгүй. Гаргуулахгүйн төлөө энэ үеийнхэн бид хатуу тэмцэл хийх ёстой. Намууд дотроо бүлэглэл болж хүмүүсээ хэлмэгдүүлж байна. Намын дотор гарч байгаа энэ хууль бус ажиллагаа, хэлмэгдүүлэлт өнөөдөр Монгол Улсын ямар ч хуулиар шийдэгдэхгүй байгаа. Энэ бүгдийг намуудын дотоод асуудал, улс төрийн асуудал гэж үздэг. Парламентын засаглалтай манай оронд намуудад ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол Улсын хөгжилд чөдөр болж, иргэдийн оюун санааг боомилж байна.

-Намууд дотор байгаа гишүүд нь хэлмэгдлээ гэж өөр хоорондоо ярьдгаас биш ил гаргаж хэлж байгаа нь тун цөөхөн үү?

-Ер нь хэлмэгдэж, үзэл бодол нийлэхгүй байгаа гишүүд намаасаа гарч байгаа. Тухайлбал, Д.Арвин гэдэг гишүүн би АН-д ороод суучихлаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар гээд төрийн нүүр царай болсон чадалтай хүмүүс МАХН-ыг сонгоод МАН-аас явчихсан. Тэд нэгэнт үзэл бодол нь нийлэхээ байсан тэр намын удирдлагын үйл ажиллагааны эсрэг байр суурьтай болсон учраас намаас гарсан. Намаас гарахыг хүсээгүй байхад нь хөөж хэлмэгдүүлдэг, өөрсдөө хэлмэгдүүлчихээд намаас нь гарсан хүмүүсийг “урвагч” хэмээн цоллож, нийгмийн өмнө доромжилдог. Ц.Нямдорж гэхэд л чуулганы хуралдаан дээр “урвагчид” гээд л МАХН руу явсан бүх хүнийг нэрлэж байсан. Нам дотор нь байя гэхээр эрүүл саруул хүн байх нөхцөл орчин тэнд байхгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх нэгдүгээрт тавигддаг. Бид өмнөх хэлмэгдүүлэлтийн цаг үед амьдраагүй хүний эрх болоод сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Намаас гарчихаад байхад л ерөөсөө зүгээр байлгахгүй юм. Намайг Ардчилсан намд орчихсон чинь МАН-ынхан араас ирж АН дотор яс хаяад байна.

-Яс хаях аа…?

-Арвиныг дахиж дэвшүүлэхгүй байх талаар яс хаяж байгаа. Чуулганы танхимд сууж байхад “Арвин гишүүн чи МАН-д байхдаа АН-ыг шүүмжилдэг байсан. Одоо АН-д орчихоод МАН-ыг шүүмжилж байна” хэмээн дайрдаг. Намайг Ардчилсан намд байр суурьгүй болгох гэж МАН-ынхан хичээж байгаа. Би МАН-д байхдаа эдэн шиг хүүхэлдэй яваагүй юм. Миний хувьд МАН-д байхдаа бүх удирдлагаа л шүүмжилдэг байсан.

Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад нь тухайн үеийн намын гишүүд огцруулж байсан.Ц.Нямдорж Монгол Улсын хуулийг маш их засдаг байсан гэдгийг тухайн үеийн парламентын гишүүд, намын дарга нь мэддэг байсан.Сүүлдээ энэ хүний бүхий л ноцтой үйлдлүүд илэрч УИХ-ын даргаас нь огцруулж байсан. Одоо энэ хүн их шударга болж тоглоод олон хүмнийг доромжилж байна.Мөн тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг МАН-ын 13 гишүүн МАН-ын Их хурлыг хуралдуулж огцруулж байсан. Үүний үр дүнд тухайн сонгуулиар Их хуралд МАН олонхи болж бүрдсэн. Тухайн үеийн МАН-ын Их хурал нь М.Энхболдыг хариуцлагагүй Ерөнхий сайд гэж дүгнэж огцруулж байсан. Одоо энэ хүмүүс хариуцлагатай хүн болж дээ. Би Монгол Улсын хөгжлийн төлөө, Монгол Улсыг зөв сайхан яваасай гэдэг үүднээс аль ч намд байсан үгээ хэлэх болно.

-МАХН-ыг МАН болгож нэрээ өөрчлөхөөс эхлээд та эсэргүүцэж байсан бил үү?

-МАН гэдэг нэрийг авахуулахгүйн төлөө би удирдах зөвлөл дээр ганцаараа л ярьдаг байсан.Сүүлдээ намын дарга Сү.Батболд намайг дуудаад “Чи дуугүй л байгаад өг” гэсэн. Тиймээс намын нэр сольдог намын Их хуралд очоогүй. МАН гэдэг нэрийг аваад хэрэггүй байсан юм. Монголын ард түмний хувьсгалыг ганцхан МАН хийгээгүй. Богд хаант Монгол Улсын цэрэг, Засгийн газрын сайдууд, тэр үеийн сэхээтэн байсан лам нар хийсэн. Энэ нэрнээс болж энэ нам хуваагдсан.

-МАН үзэл бодол таараагүй тул өөр намыг сонгосон хүмүүсийнхээ араас чулуу шидэж байгаа нь ёс зүйн талаасаа тийм ч зөв үйлдэл биш санагдах юм. Та улстөрч гэхээсээ илүүтэй эмэгтэй хүн гэдэг талаас нь бодоод үзэхээр их л эмзэглэдэг болов уу гэж бодогдох юм?

-Би Монгол Улсын иргэн. Төрж, өссөн нутаг орондоо тайван амьдармаар байна. Үзэл бодлоороо би хэнд ч дийлдэхгүй, хэнд ч бууж өгөхгүй. Хэлье гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлнэ. Хэн ч намайг айлгаж, гутаан доромжилж чадахгүй. Миний үгэнд хэн ч цэг тавихгүй. Араас минь мөрдөж намайг дээрэлхэх ийм байдалтай би хэзээ ч эвлэрэхгүй.

Дахин чуулганы танхимд ч юм уу хаа нэг газар урвагч гэх мэтээр ярих юм бол МАН намайг яаж байсан талаар кино хийлгэнэ гэж бодож байгаа. Учир нь би энэ намаас урваагүй. “МАН-ын удирдлагын нөхдүүд надаас урвасан” гэж чуулганы хурал дээр хэлсэн.

-Яагаад тэгж хэлэх болов?

-Баянзүрх дүүргийн намын хороо, Удирдах зөвлөл дүүргийн намын хороон

дээр хурал хийгээд намайг дэмжихгүй гэдэг шийдвэр гарч байхад тэнд байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд хэн нь ч намайг өмөөрч дуугараагүй. Сүүлдээ аргаа бараад өөрийгөө өмөөрч дуугаръя гэтэл микрофон хаасан.

Гэхдээ ганц энэ үйлдлээс болсон юм биш. 2012 оны долдугаар сарын 10-ны өдөр Тусгаар тогтонолын ордонд намынхаа 10 гаруй гишүүнтэй уулзаад сууж байхад биднийг бүгдийг нь хөөж гаргасан. Анх удаа намынхаа байрнаас хөөгдөж гарчихаад “Энэ намын байрнаас хөөгдөж гарсан юм чинь дахиж орохгүй юм байна даа” гэж хэлээд явсан. Тухайн үед хамгаалалтын албаны ард намын удирдлагууд л байсан.

Мөн манай гэрт ирж надтай уулзсан, юм асуух гэж ирсэн хүмүүсийн зургийг нь авч баримтжуулж албан байгууллага дээр нь очоод энэ хүмүүсийг надтай уулзуулахгүй байхыг байгууллагын дарга нарт нь үүрэг болгож байсан. Дүүргийн МАН-ын хороодын дарга нар нь миний эсрэг зарим нь “Арвин гишүүнтэй уулзсан хүмүүсийг шоронд хийнэ” гэж айлган сүрдүүлдэг байсан.

Мөн дүүргийн намын хороон дарга нь намын идэвхтэн сонгуультны өмнө Арвин гишүүнийг тэтгэвэрт гаргана гэж ярьж байсан. Би энэ намд гурван удаагийн сонгуулийн суудлыг авч өгч байсан, энэ намын хүнд үеүдэд би хөрөнгө мөнгө, сэтгэл хүчээ зориулж байсан. Би МАН-ын удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүн байсан хүн шүү дээ. Аргаа барж ганцаардах, тэвчээр алдах үеүд байсан. Би УИХ-д МАН-тай тэмцэлдэж гарч ирсэн.Энэ бүх хүнд үеийг надтай хамт туулж ирсэн нөхдүүд маань байгаа.

-Таны хувьд дөрвөн удаа Их хуралд сонгогдсон. Тань шиг олон сонгогдсон гишүүд тийм ч их биш. Энэ бүхнээ бодоод үзсэн ч улс төрийн ёс зүй гээч зүйл алга болчихоо юу гэж бодогдлоо?

-Боловсролын тухай хуулийг хэлэлцэн оюутнуудын стипентийн асуудлыг ярихад “Оюутнуудыг стипенттэй болгоё. Харин бүх сургуульд сургалтын төлбөрөө багасга” гэдэг шаардлагыг тавьсан. Нэг хурал дээр мөн зарчмын зүйл ярьсны төлөө “Чамайг шоронд хийх ёстой байсан юм.

Харин чи гишүүн болоод гараад ирчихлээ. Чи урвагч” гээд МАН-ын гишүүд занаад доромжлоод эхэлдэг. Зарчмын зүйл ярихаар л өөдөөс ингэж авирладаг.

-УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд хуульчилсан юм билээ. Гэсэн хэдий ч хүн чанар, жудаг талаасаа хэтрээд байгаа зүйлс харагдах юм. Ер нь тань руу дайрч давшлаад байгаа хүмүүстэй уулзаж үзэв үү. Яагаад тэгж дайрдаг юм бол?

-УИХ дээр үзэл бодлоосоо болж муудалцах зүйл гардаг. Муудалцсан ч гэсэн гараад л мартчихдаг. Гэхдээ бид хувь хүний гэр бүл, үр хүүхэд гээд эмзэг зүйл рүү нь орж болохгүй. Өөрийнхөө үзэл бодлоор өөр намыг сонгочихсоны төлөө доромжилж болохгүй. Хүний гэр бүл, дотоод амьдрал уруу орж хүний эмзэг зүйл рүү орж ярьдаг хүмүүс улстөрчид биш ээ.

Зүгээр л самуун цагийн зарим нэг Их хурлын гишүүд байна. Тийм хүмүүстэй тоож харьцахгүй. Улстөрчид үзэл бодлоосоо болж муудалцлаа гэхэд ёс зүйн нандин зүйл дээрээ хүн чанартай байх ёстой. Дахин над руу ингэж давшлах юм бол би илүү хариу өгөх болно. Энэ намаас ганцхан би гараагүй. Чадвартай, чадалтай эх оронч хүмүүс нь гараад явчихсан.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *