Либертари намын дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө танай нам анхдугаар их хурлаа хийлээ. Энэ хурлаар ямар асуудлууд шийдэв?
-Манай нам анхны хурлаараа намынхаа дүрмийг баталлаа. Туг, далбаа болон намынхаа удирдах багийг сонгож баталгаажуулсан байгаа.
-Ингэхэд Либертари нам ямар бүтэц, зохион байгуулалтаар ажиллах вэ?
– Манай намын бүтэц бол маш цомхон ойлгомжтой, авсаархан. Бага зардалтай бүтэц бий болгосон. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо цөөн. Бидэнд генсек гэж байхгүй. Харин менежэртэй байна. Энэ мэтчилэн манай нам бусад улс төрийн намуудаас ялгарах шинэлэг бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр шиг нүсэр, данхайсан масс гишүүнчлэлийн бүтцээс манай нам татгалзаж байгаа.
-Танай нам ямар бодлого баримтлах вэ?
-Хэт их төвлөрсөн, данхайсан төрийн эрх мэдлийг бид аль болох өөрийнхөө чадах чинээгээр багасгах зорилготой бодлого хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хавтгайрсан халамжийг танах ёстой.
Төрөөс бүх төрлийн үнийг хянаж байгаа хяналтуудыг тодорхой шат дараатайгаар байхгүй болгох хэрэгтэй байна. Мөн ард түмний нуруунд хүнд дарамт болж байгаа хэт өндөр татваруудыг аль болох минимум хэмжээнд аваачих бодлого баримтална. Ер нь төрийн данхар бүтцийг хумья гэвэл төрийн албан хаагчдын болон яамдын тоог багасгах зайлшгүй шаардлагатай.
-Либертари нам хэдэн гишүүнтэй вэ. Ямар боловсролтой залуусын нэгдэл болов?
-Манай нам 1050 гишүүнтэй. Гишүүдийн маань 94 хувь нь 18-38 насны залуучууд байгаа. Боловсролын хувьд хувиараа бизнес эрхэлдэг, ажил олгогчид голдуу байна. Бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа залуусаас гадна тодорхой албан тушаал эрхэлдэг, яг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явдаг дундаж давхаргынхан, жирийн иргэд маань ч Либертари намд итгэл үнэмшлээрээ нэгдээд байна.
-Жижиг намуудыг МАН-ын халаасны нам гэж нийгэм шүүмжилдэг тал бий. Ялангуяа сонгуулийн жил ойртсонтой холбоотой улс төрийн намууд шинээр мэндэлж байгаа нь санал хуваах зорилготой гэх нь ч бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс бол олон намын тогтолцоотой. Өнөөдөр манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй нам байна. Тэгвэл эдгээр намууд сонгуульд санал хуваадаггүй юм уу. Яагаад шинээр байгуулагдсан намууд санал хуваана гэж. Харин ч эсэргээрээ манай нам бол Монголын анхны үзэл санааны нам болох зорилготой. Тэгэхээр санал хуваах, үгүй гэхээсээ илүү нам ер нь ямар байх ёстой юм. Үзэл санаа гэж юу юм. Яаж үзэл санаандаа тууштай байдаг юм бэ гэдгийг зааж өгөхийн тулд бид Либертари намыг байгуулсан юм.
М.МӨНХ