Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцууллаа.
Уламжлалт мал аж ахуйд сөрөг нөлөөллийг бууруулах “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр 200 толгой малтай айл 20 сая төгрөгийн зээл авах боломжтой талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Тэрбээр “Цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд нөхцөлд орлоо. Тиймээс Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. Энэ нь тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой.
Малчид өндөр хүүтэй хэрэглээний зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Олон малтай хэр нь амьжиргаагаа залгуулах асуудал тулгамдаж байгаа тул хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Үүний дараа Засгийн газраас хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зудад малаа алдсан малчдыг дахин малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийг хүүгүй хэлбэрээр, урт хугацааны зээл олгоно. Зээлийн батлан даалтын сантай хамтран 200 малтай иргэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжийг бий болгоно” гэлээ.