ДЭГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд лсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 7 гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулсан. Гэвч энэ явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан учраас нэр бүхий гишүүд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.
Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна. Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүү С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлахаар хуульчилсан. 2008 оноос хойш хуралдааны дэгийг хуулиар зохицуулдаг болсон. Тиймээс дэг нь аль болох уян хатан байх шаардлагатай. Хуралдаанд бэлтгэх, хэлэлцэх асуудалтай танилцах шаардлага гардаг, энэ талаарх гишүүдийн саналыг харгалзаж үзсэний үндсэн дээр нэгдсэн хуралдааныг өглөө 10 цагаас эхлүүлж, орой 18 цагт дуусгах, хэрэв шаардлагатай гэж гишүдийн олонх үзвэл хуралдааны цагийг сунгаж хуралдуулахаар төсөлд тусгасан гэдгийг тодотгов.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад анхаарах зарим асуудлын талаар санал хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛНА
Дараа нь “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.
Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны дарга нар, намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Харин Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Улсын Их Хурал бүрдэж, Байнгын хороодын дарга нарыг сонгож баталсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батлах шаардлага үүссэн байна. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловссруулжээ.
Тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд, Улсын Их Хурлын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.