Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хорооны саналаар “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0 хувь нь дэмжсэн. Иймд “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоригийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, уг хоригийг хүлээн авч “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналын дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг тус тус эцэслэн батлав.