Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны Пүрэв гарагт тохиож буй.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал уламжлалтай.
Энэ жил “Чингис хаан” одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.
“Чингис хаан” одонг олгодог болох шийдвэр 2005 онд гарч, 2006 оноос олгож эхэлсэн билээ. Энэ хугацаанд “Чингис хаан” одонт эрхмүүдийг танилцуулж байна.
ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /2005
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгчийн гаргасан зарлигаар гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртсэн онцгой тохиолдол бөгөөд П.Очирбат “Чингис хаан” одонг хүртсэн анхны хүн юм.
БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ /2006/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.
Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуутивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичсэн.
ДАШИЙН БЯМБАСҮРЭН /2009/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнажээ.
РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ /2010/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
ШУА-ийи гишүүн, академич. шинжлэх ухааны доктор \Ph.D\. БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж иь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм.
НАЦАГИЙН БАГАБАНДИ /2011/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди нь өөрөө энэ шагналыг санаачлагч юм.
ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ /2012/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар зарлигаар Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.
ДУМААГИЙН СОДНОМ /2013/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орныхоо нийгэм эдийн засаг, гадаад харилцааны салбарыг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө нэгэн жарны турш зүтгэсэн нөр их хөдөлмөр, онцгой гавьяаг нь өндрөөр үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Д.Содном нь Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж байсан.
ХАВТГАЙН НАМСРАЙ /2014/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томьёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Академич Х.Намсрай физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа. Тэрбээр физикийн салбарт “Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол”-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.
Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.
ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО /2015/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2225 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг Монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь Монголын Соёл Яруу найргийн академийн тэргүүн бөгөөд яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол, бясалгал нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлжээ.
Түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгали, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.
ГАНБААТАРЫН АРИУНБААТАР /2016/
Их эзэн Чингис хааны мэндэлсний 885 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан залуу насны эрч хүч, ид хав, эх оронч сэтгэлээ дайчлан улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал хүртжээ.
Тэрбээр сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан тодорхой зорилт тавин ажилласнаар ОХУ-ын Буриад улсын төв театрт Ж Пуччини “Тоска” дуурийн гол дүрд амжилттай тоглож хилийн чанадад өндөр үнэлэгдсэн юм.
НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР /2017/
2008 оны Бээжингийн олимпын алт медаль Н.Түвшинбаярт шагнал гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт Монголчуудын эх оронч үзлийг бадрааж үндэстнээ дээдлэх үзлийг оргилуулан бадраасан эрхэм билээ. Тэрбээр шаргуу хөдөлмөрийн эзэн төдийгүй, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж, хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэлдүүлэх жишгийг бодитоор харуулж, амжилтын оргилыг байнга дээшлүүлж байхын үнэ цэнийг харуулсан Монгол сод тамирчин билээ” хэмээж байжээ.
THE HU ХАМТЛАГ /2019/
11 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг нь хүннү рок урсгалаар уран бүтээлээл туурвидаг. Энэ удаагийн шагналаас эхлэн хувь хүнд гардуулдаг байсныг өөрчлөн “Чингис хаан” одонг жаазанд хийн хамтлаг, байгууллагад гардуулдаг болсон байна.
Тухайн үед шагнал гаруулах ёслолын үеэр The Hu хамтлаг гадаад улсад тоглолттой байсан учир хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондогт гардуулжээ.
ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧАА /2020/
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой “Монгол цэргийн өдөр”, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон гардуулсан.
Хүн төрөлхтний ирээдүй болсон сансар судлалын салбарыг шинэ түвшинд гаргах, сонирхон судлах үүд хаалгыг нээж, улс орноо сансар судлалын анхдагчдын эгнээнд оруулж, сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэн, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд оруулсан гарамгай гавьяа, монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хүндтэй хувь нэмрийг нь үнэлж түүнд уг одонг олгосон юм.